sonin.mn

УБЕГ үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан" компанийн хүргэлтийн үйлчилгээгээр  иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөж байна.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор УБЕГ “Монгол шуудан” компанитай хамтарч Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр "Гараас гарт" үйлчилгээг нэвтрүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн өөрийн хүсэлтээр захиалсан гадаад паспортаа гэрийн болон ажлын хаягаар хүлээж авсан байна. Иргэний баримт бичгийг гараас гарт хүргэх үйлчилгээ нь нийслэлийн бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хүргэгдэж байгаа бөгөөд үйлчилгээний хураамж 3500 төгрөг,  хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор хүргэгдэх бөгөөд 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд нэмж төлөх юм. Харин бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн  дагуу  хүргэж өгч үйлчилнэ.

Иргэн гадаад паспорт захиалчихаад өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол  үндсэн үнийн дүн дээр хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой юм. Тодруулбал, анх удаа шинээр 1 жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар буюу 32 мянга 600 төгрөгөөр авахаар захиалж,  хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлнө гэсэн үг юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг