sonin.mn

Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд ЭМЯ-наас Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 21 сая евро буюу эмнэлэг тус бүр 7 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр гурван тал гэрээг үзэглэлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих дээрх төслийн гэрээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, БНАУ-ын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Үүний дагуу хоёр орны Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулж, 2012 оны 5-р сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан юм.

Төслийг Австри улсын “Вамед инжинеринг” компани гүйцэтгэх бөгөөд энэ хүрээнд тус эмнэлгүүдийг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын эмнэлзүйн сургалтад хамруулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг