sonin.mn

Жанцангийн буудлаас Баянхошууны эцсийн буудал хүртэлх 0.5 км зам шинэчлэлийн ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр СХД-ийн Баянхошууны 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Нээлтийн ёслолд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, Л.Сайнцог болон “Улаанбаатар нэгтгэл” компанийн дарга Д.Энхсайхан нар оролцож, тууз хайчиллаа.

Энэхүү замын ажлыг 2014 оны төсвийн тодотголоор 265 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэжээ. Замын гүйцэтгэлийн ажлыг  “Улаанбаатар нэгтгэл” компани хийсэн бол туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” компани ажиллажээ. Тус зам нь 7 см зузаан асфальт, 7 м өргөн, хурд сааруулагч, явган зорчигчийн замын гарц, борооны ус зайлуулагч, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, хараагүй хүний хөтөч хавтан, хоёр урсгалтай, гурван жилийн баталгаа өгч байгаа юм.

Баянхошууны 9  дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж хэлэхдээ, “Төрийн бус байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд Баянхошууны эцэст төвлөрдөг. Үүнийгээ дагаад иргэдийн хөл хөдөлгөөн, ачаалал ихтэй байдаг.

Өмнө нь энэ гудамжны зам ачааллаа дийлэхгүй, автомашин байтугай явган хүн явахад бэрхшээлтэй, том онгорхой нүхэнд хүн унаж бэртэх, машин тэрэгтэй иргэдэд эвдрэл ихтэй, хүнд нөхцөл үүссэн байсан. Энэ замын хөрөнгийг нь Улаанбаатар хотоос шийдэж замын засварын шинэчлэлийг хийж, иргэдийн зорчих хөдөлгөөнд таатай орчин бүрдлээ” гэв.

Баянхошууны оршин суугчид, жолооч нар өмнө нь энэ зам машин тэргэнд халгаатай, эвдрэл ихтэй, бензин тос гарзаддаг, борооны ус ихээр тогтдог, хонхорхой нүхтэй байсан бол ийм сайхан замтай болсонд талархаж буйгаа хэлж байлаа.