sonin.mn

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-г зохион байгуулж байна. Хорт хавдрын өвчлөлийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Хавдартай тэмцэх14 хоногийн аян эхэллээ. Манай улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөл ямар төвшинд байна вэ?

-Хорт хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхий дахинд өсч, аюулын харанга дэлдэж байна. 2012 онд Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан мэдээллийг харахад жил бүр 14.1 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байсан.

Тэгвэл энэ судалгааг гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өвчлөл 2-3 саяар, нас баралт нэг саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Манай улс 2003 онд гэхэд хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2929 нас баралтыг бүртгэж байсан.

Тэгвэл арван жилийн дараа буюу 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн байгаа юм. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг, гуурсан болон улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нэмэгдэж байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд элэг, умайн хүзүү, ходоод, улаанхоолой, хөхний хорт хавдар зонхилж байгаа. Тиймээс иргэд хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Манай улсын хэмжээнд одоогоор хэчнээн хүн хавдрын оноштойгоор эмчилгээ хийлгэж байна вэ. Жилд хэчнээн хүн ХСҮТ-д ханддаг вэ. Хавдрын эмч цөөхөн байдаг гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?

-Улсын хэмжээнд хавдраар оношлогдсон 13 мянга гаруй хүн эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байна. Хавдрын өвчлөл ихэсч байхад эмчилгээ хийх эмчийн хүрэлцээ дутмаг байгаа нь үнэн.

Жил бүр онош тодруулахаар ХСҮТ-д 90 гаруй мянган хүн ханддаг. Үүнээс 8000 гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл манай төв 215-хан ортой. Орны хүрэлцээгүйгээс хавдартай иргэд хүлээх шаардлагатай болдог.

Ачаалал ихтэй байхад эмч нарын тоо, эмчилгээнд зарцуулдаг санхүүжилт нэмэгдэхгүй байна. Манай төвийн өргөтгөлийн барилгыг барина гэж хэдэн жил болсон.

Өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй. Гэтэл хавдрын өвчлөл сүүлийн хэдэн жил эрчимтэй нэмэгдэж байгаа нь асуудал үүсгэж байна. Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авах шаардлагатай.

-Элэгний хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж, нас баралтын шалтгаан болж байна гэдэг. Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юу байдаг вэ?

-Өнгөрсөн жил л гэхэд 5200 орчим хүн хорт хавдраар шинээр оношлуулснаас 40 гаруй хувь нь элэгнийх байсан. Хорт хавдар үүсэхэд гурван шалтгаан бий. Үүнд, халдварын, хүрээлэн буй орчин, халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлс нөлөөлдөг.

Элэгний B, C вирусийн, ходоодны хеликобактерийн, хүний хөхөнцөр вирусийн халдвар хамаарна. Манай улсад оношилсон элэгний хорт хавдартай хүмүүсийн 46 хувь нь элэгний С вирустэй байсан. 35 хувь нь В, 14 хувь нь элэгний В болон С вирусийн хавсарсан халдвартайг тогтоосон.

-Хавдар үүсгэх 107 төрлийн хорт бодисыг нэрлэсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-ДЭМБ, Олон улсын хавдрын судалгааны агентлаг хавдар үүсгэх107 хорт бодисыг нэрлэсэн. Эдгээрт асбестийн бүх төрөл, бензол, мышьяк, арсеник болон этилины оксид, бензопирен, нитрозамин, афлатоксин, радио идэвхт бодис хамаардаг.

Дэлхий нийтэд тохиолдож байгаа хавдрын 19 хувь нь хүрээлэн байгаа нөхцөл, ажлын байртай холбоотойгоор үүсдгийг ДЭМБ-ын судлаачид тогтоосон.

-Манай улсад уушигны хорт хавдар ихэсч байгааг утаатай холбон тайлбарлах юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Хавдрын өвчлөл дотор уушгины хорт хавдар 40 гаруй хувийг эзэлдэг. Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг.

Манай улсын эрэгтэйчүүдийн 67, эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь тамхи татдаг гэх судалгааг ЭМЯ-наас гаргасан. Нэг янжуур татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогдож байдгийг ч эрдэмтэд тогтоосон. Мөн уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь архаг тамхичид байсан.

Уушгины хорт хавдар нь тамхидалтаас үүсч байна. Нэг ширхэг тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдгаас 250 нь хорт хавдар үүсгэх нөлөөтэй. Тухайлбал, хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианит, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, донтуулах үйлчилгээтэй никотин гэх олон бодис бий.

Мөн тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэх, буйлны өвчин, шүд сулрах, зүрхний шигдээс үүсгэх, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэх зэрэг өвчин эмгэгийн эх үүсвэр болдог. Тиймээс тамхи татахаас зайлсхийх шаардлагатай байна.

-Өвчин даамжирсан хойно нь эмнэлэгт ханддаг муу зуршил иргэдэд бий. Урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагддаг хүн хэр олон байдаг вэ?

-Хавдраар шинээр оношлуулж байгаа5000 гаруй хүний80 хувийн нь өвчин даамжирч, III, IV үед орсон хойно эмнэлэгт ханддаг. Хорт хавдрын өвчлөл эхэлж байгаа нь мэдэгдэхгүй. Ямар ч шинж тэмдэг илэрдэггүй болохоор иргэд эмнэлэгт ханддаггүй.

Өвдсөн хойно нь л эмнэлэгт хандаж, эмчээс “Эрүүл болгоод өгөөч” гэж гуйдаг. Нэгэнт даамжирсан өвчин эдгэхдээ хүртэл удаан байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх шинжилгээнд байнга хамрагдах хэрэгтэй.

Элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт ордог умайн хүзүүний хорт хавдрын ул суурийг тавьснаас хойш 15-20 жилийн дараа шинж тэмдэг нь мэдэгддэг. Эмэгтэйчүүд жилд нэг удаа эмчид үзүүлж, эсийн шинжилгээ өгч байх нь чухал.

-Хавдрын өвчлөл залуужиж байна гэдэг. Хэдэн настай хүмүүс дийлэнх өвчилж байна. Хавдрын өвчлөлөөс хэрхэн хамгаалах вэ?

-Хавдраар өвчлөгчдийн олонхи нь 40-65 насныхан байдаг. Хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх долоон алхам бий. Үүнд, тамхинаас таталзах, зөв зохистой хооллох, идэвхтэй хөдөлгөөнтэй байж таргалалтаас сэргийлж, нарны туяанаас хамгаалах, дархлаажуулалтад хамрагдах, халдвараас хамгаалах мөн үзлэг шинжилгээнд хамрагдах зайлшгүй хэрэгтэй.

Тамхи татахгүй бол уушиг ны хорт хавдрын өвчлөлөөс өөрийгөө 90 хувь сэргийлэх боломжтой. Мөн тамхи архи хэрэглэхээс татгалзсанаар бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, уушигны хорт хавдраар өвчлөх эрсдлийг багасгана.

Түүнчлэн хоолондоо хүнсний ногоо, жимс хэрэглэж, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах хэрэгтэй. Зүү, тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр дамжин элэгний үрэвсэл үүсдэг. В, С вирусийн халдвар, мөн бэлгийн замаар халдвардаг В вирусийн халдвараас өөрийгөө хамгаалснаар элэгний хорт хавдраар өвчлөхөөс бүрэн сэргийлэх боломжтой.

-Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хавдрын оношлогоо хийлгэх боломжтой юу?

-Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ЭХО оношлогоо болон хавдрын зарим шинжилгээг хийх, ходоод дурандах, рентген шинжилгээ хийлгэж, уушгины хорт хавдрыг илрүүлэх боломжтой.

Хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд хавдар байж болзошгүй эхний оношийг тавиад, Хавдар судлалын үндэсний төв рүү шилжүүлдэг. Өрхийн эмнэлгүүд умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эхний шинж тэмдгийг илрүүлэх шинжилгээ хийдэг.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: