sonin.mn

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллагын ажил болон их, дээд сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахаар ярьж байсан. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ээс тодруулахад “Сургууль, цэцэрлэг, төрийн албаны ажлын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Засаг даргын албан ёсны захирамж гараагүй. Тиймээс дээрх газрууд Засаг даргын захирамж гартал одоогийн мөрдөж буй цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энэ асуудлаар төр, захиргааны төв байгууллагатай санал солилцож байна. Албан ёсны захирамж гарах үед бид шуурхай мэдээлнэ” гэв. Хотын иргэдийн 70 хувь буюу 848 932 иргэн нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцсоноор авто замын ачааллыг ихэсгэж байгаа гэнэ.

Тиймээс үйл ажиллагаа эхлэх цагийг нь давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл тодорхой хувиар багасна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, цэцэрлэг, сургуулийг 08.00 цагаас, их дээд сургуулийн хичээлийг 09.30-10.30-аас, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагын ажлыг 09.00 -өөс, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажлыг 08.30 цагаас тус тус эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 С.Нэмэх

Эх сурвалж: