sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ тэргүүтэй эвсэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад 19 удаа агаараас цохилт өглөө гэж АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Уг мэдэгдэлд, Сирийн Кобани хотын ойролцоох “Лалын улс” бүлэглэлд 13 удаа агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн тактикийн 12 нэгж, байлдааны есөн байрлал, цэрэг төвлөрүүлэх газар, гурван барилга, машин зэргийг устгасан, харин Иракийн Аль Асад, Киркук, Мосул, Синжар, Тал Афар зэрэг хотуудын ойролцоо нийт зургаан удаа агаараас цохилт өгч, бүлэглэлийн тактикийн хоёр нэгж, найман барилга, зургаан чингэлэг тээвэрлэгч, байлдааны дөрвөн машин болон хүнд зэвсгийг устгасан байна.

Мягмар гарагийн өглөөнөөс лхагва гарагийн өглөө хүртэл хугацаанд агаарын цохилт хийсэн гэж мэдэгдэлд дурджээ. АНУ тэргүүтэй эвсэлд багтдаг Австрали, Бельги, Канад, Дани, Франц, Нидерланд, Их Британи зэрэг орнууд Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгч байгаа бол АНУ, Бахрейн, Иордан, Саудын Арави болон Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улс Сири дэх бүлэглэлд цохилт өгч байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: