sonin.mn
Улсын хил хамгаалалт нь зөвхөн Хил хамгаалах байгууллагын хүч хэрэгслээр бус орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэгдэхээс гадна хууль эрх зүйн актад нь тусгалаа олж хэрэгждэг талаар доктор, дэд профессор, бригадын генерап Ш.Лхачинжав судалгааныхаа бүтээлд дурдсан байна.
 
Тиймээс ч Монгол Улсын төрөөс улсынхаа хил хязгаарыг хамгаалан бэхжүүлэхийн тулд түүхийн үе шат бүрт тохирсон арга, хэрэгслийг ашиглаж байжээ. Ер нь улсын хил хамгаалалтад хил орчмын иргэдийг оролцуулж ирсэн туршлага, практикийг үечлэн авч үзвэл:
 
1. 1933-1940 Хязгаарын цэрэг анх байгуулагдах үеийн хил орчмын иргэдийн оролцоо
 
2. 1940-1953 он баруун хязгаарын ард иргэдийг зэвсэгжүүлэн хамгаалсан үе.
 
3. 1953-1967 он Хилийн цэрэг татан буугдсан үеийн хил орчмын иргэдийн оролцоо
 
4. 1967-1990 он Хүйтэн дайны жилүүд дэх хамгаапапт
 
5. 1990 оноос хойшхи үе буюу Өнөөгийн хил хамгаалалт гэсэн бүтцээр XX, XXI зууны хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан хил хамгаалаптад туслах хүчний гишүүдийн оролцоог хуваан авч үзэж болох юм.
 
Энэхүү нийтлэлээрээ миний бие зөвхөн 1940-өөд оны дунд үед баруун хязгаарын хил орчмын ард иргэдийг зэвсэгжүүлэн улсын хил хязгаарыг сахин хамгаалж байсан талаар товч дурдахыг зорилоо.
 
1940-өөд оноос Монгол Улсын баруун, баруун өмнөд чиглэлээр Гоминдаан, Оспаны зэвсэгт бүлэглэлүүд улын хил нэвтрэн Хязгаарын цэргийн застав, харуул руу довтолж устгах, ард олны мал хуйг дээрэмдэн, амь насыг нь бүрэлгэх явдал байнга өдүүлэх болсон юм. Үүнээс үндэслэн төрөөс Хязгаарын цэргийн анги, салбарт туслалцуулахаар нутгийн ардуудыг зэвсэглэн улсын хил хамгаалалтад оролцуулж эхэлсэн байна. 
 
Төр засгаас баруун хязгаарын хилийн хамгаалалтын ажлыг эрс сайжруулахад онцгой анхаарал тавин, улсын хил хамгаалалтын нягтралыг сайжруулж, хүч хэрэгсэл, төсөв зардлыг нэмэгдүүлж, чухал чиглэлд хил хамгаалах отряд, суман, заставуудыг шинээр байгуулж, зэвсэг техникийн хүч чадлыг сайжруулав.
 
1944 оны хоёрдугаар сард маршал Х.Чойбалсан баруун хилд очиж Оспантай уулзах үеэрээ хуучин танил Батбаярын Дүгэрийг дуудуулан уулзаж, хилчдэд туслах тусгай үүрэг гүйцэтгэх “Ардын сайн дурын групп”-ийг зохион байгуулж удирдахыг зөвлөжээ. Б.Дүгэр энэ үеэс эхлэн генерал Б.Доржийн удирдлага, заавраар ажиллах болжээ. 
 
Группийн гишүүд Гоминданы цэрэг, Оспаны дээрэмчдийн бүлэглэлийн байршил, үйл ажиллагааг нь тагнан турших, амьд хэл олзлох, хилчидтэй хамтран дээрэмчдэд цохилт өгөх, хүчинд автагдан хилийн цаана нүүж гарсан айлуудыг нутагт нь буцааж авчрах зэрэг чухал даалгаврыг чадварлаг гүйцэтгэж байсан юм.
 
Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Баян-Өлгий аймгийн Хужирт сумын хил орчмын ардуудыг зохион байгуулалттайгаар зэвсэглэн хамгаалалтын хоёрдугаар заагт үүрэг гүйцэтгүүлж байв. Үүний зэрэгцээ эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн босогчдод ихээхэн нөлөө бүхий тус дэмжлэг үзүүлсэн интернационалч отрядууд сайн дурын Б.Доржоор удирдуулсан энэхүү тусгай групп нь Оспаныхны зорилго, бодлоготой нарийвчлан танилцах, Чойбалсан, Оспан нарын уулзалтын бэлтгэлийг хангах, баруун хязгаарт энх амгалан байдлыг бэхжүүлэх талаар богино хугацаанд багагүй ажил хийжээ.
 
Шиньжаанд очиж нутгийн ард иргэдтэй уулзан тэдний санаа бодлыг тандах, бослого тэмцлийн толгойлогчдыг мэдэх ажлаар нутгийн ард, хил хамгаалалтад туслах хүчний гишүүн И.Хамхааш, Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, С.Чой, Б.Сахаам Б.Бадам нарыг тодорхой чиглэлд 15 хоногоос гурван сарын хугацаатай явуулжээ. И.Хамхааш Хасгийн зарим бүлгийн толгойлогч Эсэм хан, Расхаи, Кадарбай нартай биечлэн уулзаж, тэдний итгэлийг олж босогчид зэвсэгт дээрэм хийдэг бүлгүүдийн зорилго, хүн хүч, уналга, зэвсэг, цаашдын зорилгын талаар судалж зарим толгойлогчийг ятгаж чадсанаар Монголын тал руу дээрэм, тонуул хийхгүй гэсэн гарын үсэг бүхий баталгаа авч иржээ.
 
Расхан, Кадарбай нар өөрсдийн өгсөн баталгаандаа үнэнч байж 1941-1942 онд тэдний зэвсэгт бүлэглэлүүдийн хүчээр Гоминдааны хэд хэдэн цэргийн анги, салбар руу довтолж зэвсэг, хоол хүнс, уналга булаан авсан байна. Ө.Сагаадаагаар ахлуулсан 20 шахам хүнтэй багийг хоёр удаа Цонж, Үрэмч хотын чиглэлд явуулж, зарим бослого гаргасан Казах иргэнйй толгойлогчдод туслан, тэдэнтэй хамтран Гоминдааны цэргийн салбар нэгжийг устгах, хөөн явуулах ажил гүйцэтгэсэн юм.
 
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын малчин ард У.Хамхааш өөрийн биеэр Оспаны лагерьт очиж уулзан ярилцаж тэдэнтэй холбоо тогтоох, хил хязгаарын ард олныг үймээн самуунгүй аж төрүүлэх ажилд идэвхийлэн оролцсон юм. Хамхаашийг захидлаа гардуулснаас хойш Оспан өөрийн төлөөлөгчдийг гурван удаа хил дээр ирүүлэн, манай талынхантай уулзуулж хэлэлцээр байгуулан Оспанд Монголын талаас зэр зэвсэг, эд хөрөнгийн туслалцаа үзүүлэх, түүний зарим зэвсэгт бүлгийг Монголын нутагт байрлуулах, Оспанынхан Алтай, Шар сүмээс Хятадын цэргийг хөөн гаргах, Шиньжааны хойт нутгийн иргэдийн цөөнхийн бослого, тэмцэл гаргагчдын бүлгийг өөрийн бүлэгт нэгтгэн, Гоминдааны цэргийн эсрэг хамтран тэмцэж, тэр нутгаас хөөн гаргах, Дорнод Туркестан улс байгуулах хөдөлгөөнд нэгдэх үүрэг хүлээснээр баруун хилийн үймээн самуун 1944-1946 онд нэг хэсэгтээ түр намжиж хязгаарын ард олон амар жимэр аж төрж, Монгол Улс баруун, баруун өмнөд бөөгнөрүүлсэн цэргийн бүлэглэлээ зүүн тийш сэлгэн байрлуулж, дэлхийн II дайны төгсгөл болох чөлөөлөх дайнд оролцуулснаар тусгаар тогтнолоо олон улсын тавцанд улам бэхжүүлэх бололцоог олгосон юм. 
 
Гэвч 1947 оны эхээр Оспан Гоминдааны талд урваж тэднээс зэр зэвсэг, мөнгө санхүүгийн тусламж авч манай улсын хил хязгаарын дагуу дээрэмдэн түйвээж эхэлсэн юм.
 
Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдээс баруун хилийн тулгаралт байлдаанаас төрсөн цорын ганц Монгол Улсын баатар нь Баясгалангийн бадам юм. Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, Хасаг дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар тулалдсан билээ. 1947 оны гуравдугаар сард Ж.Нэхийтийн удирдлагад явж дайсны гүнд орж амьд хэл олзлон авч ирсэн байна. 
 
1947 оны дөрөвдүгээр сард Гоминданы цэргийн 200 гаруй хүнтэй анги хил цөмрөн байрласныг илрүүлэн, мэдээлсэн зэрэгтүүний гүйцэтгэсэн олон үүргийг энд дурдаж болно. 1947 оны зургадугаар сарын 3-нд манай улсын Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас 48 цагийн дотор үтэр түргэн гарахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр туслах хүчний гишүүн Б.Чулуундайн хамтаар цагаан туг барин очиход нь түүнийг баривчлан авчээ. 
 
Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы цэргүүд элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна. Б.Бадамын цогцсыг 1947 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа олж, өөрийнх нь захисан газар болох Уушигийн эхэн усанд оршуулжээ. 
 
БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэтдийн 1968 оны зургадугаар сарын 14-ний 146 дугаар зарлигаар Монгол Улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны долдугаар сарын 9-ний 140 дүгээр зарлигаар Хилийн 0214 дүгээр ангийн Өргөстэйн заставыг Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.
 
Ийнхүү хилчид, хязгаар нутгийн оршин суугчид, орон нутгийн засаг захиргаа, яам командлал, төр засгийн удирдлага, дэмжлэгээр улсынхаа хилийг дархлан хамгаалж чадсан түүхтэй юм. 
 
Н.Даваадорж
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин