sonin.mn
 
/Тунхаг/ 
Хүн төрөлхтний хамгийн хүмүүнлэг цаг нь “эхийн эрхэт ёсны үе байлаа. Учир нь “Хүүхэн байхгүй бол хүн төрөлхтөн байхгүй” гэдгийг эрчүүд ухаарсан цаг юм. Гэвч эрчүүд аажмаар “зэрлэгжиж” ан ав хийхээ өргөтгөж өөр хоорондоо /отог, омгууд/ дайтах болсон нь эр хүнд “адгуусны чанарыг хөгжөөснөөр хэдэн зууны турш “дайн” зогссонгүй. Дайны хөлд олон үеэр хамгийн их хохирогч бол нөхрөө алдсан эх, хүүхдээ өнчрүүлсэн эцэг юм.
 
Эхийн ачийг хүн бүр л ярих боловч тэр нь одоо бараг хоосон үг болсон. Эрт дивангарын цагт “нулимасны бортго” гэж одоогийн хөөрөг шиг сав эхчүүдэд байсан. Дайнд явсан, дайнд үрэгдсэн эр нөхрөө санагалзан уйлахдаа нулимасаа тэр саванд гоожуулдаг байжээ. Ер нь бол “эхийн эрхэт” ёсыг анх тогтоогчид бол “монголоид-“ гэгдсэн монголчууд юм.
 
Монголчууд эхийгээ бурханчлан шүтдэг байсны гэрч нь монголчуудын нутаглаж байсан, нутаглаж байгаа газар нутаг дахь булшнаас олноороо олдсон эхийн баримал дүрс / хөрөг/ юм. Ийм барималын хэмжээ нь алганд /эр хүний/ багтахаар /11 сантиметр/ жижиг байсан нь учиртай. Тийм эхийн дүрийг /женское божество/ эрчүүд алгандаа барьж сүсэглэн ширтэж, хайраа, хүндэтгэлээ, шүтлэгээ илэрхийлдэг байжээ.
 
Далай лам ээжийнхээ ачийг хариулах залбиралын судар зохиож түүнийг нь монголчууд хүүхдийнхээ хүзүүнд сахиус болгон зүүж өгдөг байлаа. Тэр судраас хэдэн мөрийг үзье.
 
1. “Цоорхой гэдсийг минь чивх шөрмөсөөр бат боож хүйсэн болгосон хүслийг хангагч ачит ээж минь” гэж эхэлдэг. Эх хүн хүүхдээ тээж төрүүлээд хүйсийг нь цөглүүлдэг ёс энэ.
 
2. “Цоорхой зулайг минь илбэж яс болгосон учирахуйяа бэрх ачит ээж минь” гэж дараах бадагт гардаг. Хүүхэд төрөхдөө зулай нь цоорхой байдаг бөгөөд эхийн сүү хөхөж ториноод зулай битүүрэх боловч ээжийгээ амьд байхад бүрэн бүтэрдэггүй гэдэг.
 
3. “Хэлхсэн сувд мэт гучин дөрвөн шүдийг минь ургуулсан удамбрай цэцэг мэт ачит ээж минь” гэж дараах бадагт гардаг. Эхийн уураг сүүнээс хүүхэд эхлээд мээмийг нь үлгэсээр сүүн шүд нь ургадаг билээ.
 
4. “Бархирч хэвтэхүй дор минь гэнэдэлгүй ирж шимүүлсэн ээж минь” гэж гардаг. Ээжийнхээ мээмийг хөхөхөөр өгдөг хүүхдийн анхны дохио нь уйлах юм.
 
5. “Хамраа битүүрч хэвтэхүй дор минь амаараа сорж амьсгаа авахуулсан ээж минь” гэж дараах бадагг гардаг. Нялхсын хамар үе үе битүүрч зовоодгийг эх хүн андахгүй ээ.
 
6. “Гал нурам хоёрыг мэдэхгүй хүрэхүй дор минь ганганан ирж аваачсан гайхамшигт ээж минь” гэж дараах бадагт гардаг билээ. Эхийн ийм ач шигтусыг нялхаст эрчүүд үзүүлдэг билүү? Нэг нь ч үгүй гэж болно.
 
Тавдугаар Далай ламын энэхүү залбирал бол эхийн ачийг үрийнх нь үгээр илэрхийлсэн гайхамшигтай үнэн үгс учир сахиус болгон дээдэлж, даган бишрэх учиртай билээ.
 
“Ухаажсан” гэх хорин нэгдүгээр зуунд “Эхийн эрхэт” ёсыг ахин тунхаглан тогтоох шаардлага нэгэнт буй болсоор бүүр гаарч гүйцээд байна. Эртний уламжлалтай
монголчууд хүртэл үр хүүхдээ энэрэх, тэднийг тээж төрүүлж, өсгөдөг эх хүнийг эрхэмлэн ачийг нь хариулахын оронд сонсоход жихүүцмээр үйлдэл, нүгэл хийдэг эрчүүдтэй болж эхлээд байна. 
 
Эх хүнтэй харьцуулбал эр хүн зөвхөн үр тогтоохоос өөр “гавъяатай” гэж үү? Ээжгүй, эхнэргүй бол эр хүн гэж байхгүй нь мэдээж. “Эхийн эрхэт” ёсыг шинэ агуулга, шинэ үйлдэл, шинэ санаагаар ахин тогтоохтүн! Эс тэгвээс хүн хүн биш болохнээ!
 
Эхээс төрж, 
Эхнэр авч, 
Эцэг болсон 
Эрчүүдийн захиалгаар
 
Л.Түдэв
Эх сурвалж: "Дал" сонин