sonin.mn
Бээжингийн Гадаад хэлний Дээд сургуулийн Ази, Африкийн танхимд Монгол хэлний ангийн нээлтийн ёслолын ажиллагаа энэ  сарын 14-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Т.Батцэцэг, Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн дэд захирал Жя Вэньжян, Бээжингийн Их сургуулийн Монгол судлалын танхимын эрхлэгч Ван Хао, салбарын судлаач, оюутан сурагчид оролцлоо. Элчин зөвлөх Т.Батцэцэг Бээжингийн гадаад хэлний сургуульд Монгол хэл судлалын анги нээж буйд баяр хүргэн, монгол хэлний анги нээхэд дэмжлэг үзүүлж буй салбарын эрдэмтэн багш нарт чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. Тэрээр, Монгол улсын 60 гаруй их, дээд, дунд сургуульд Хятад хэл зааж байна, Монгол Улсын 6000 орчим оюутан сурагч Хятадын их, дээд сургуульд суралцаж байна. 
 
Өнгөрсөн жил Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Ази,Номхон Далай, дэлхийн стратеги судлалын хүрээлэнд орчин үеийн Монгол судлалын хүрээлэн байгуулагдсан. Өнөөдөр тус сургуульд монгол хэлний анги нээж буй нь Хятадын ард түмэн Монголын талаар гүн гүнзгий сонирхож буйн нэг илрэл юм гэж бодож байна. Хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа шинэ агуулгаар өргөжин хөгжиж байна. Энэхүү Монгол хэлний анги нээгснээр хятадын ард түмэн, өсвөр үеийнхэн монгол хэл соёлыг ойлгох, судлах томоохон үүд нээгдэн, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэв.
 
Тус сургуульд Монгол хэл заах зочин багшаар Чиньхуа их сургуульд докторантаар суралцаж буй Х.Сайхансанаа ажиллахаар болжээ. Гадаад хэлний Дээд сургуулийн удирдлага үг хэлэхдээ, Монгол хэл бол Монгол улсын албан ёсны хэл, Монгол улсаас гадна, хөрш хоёр орон  Хятад, Оросод Монгол хэлээр харилцдаг. Манай улсын санаачлан буй “Нэг бүс, нэг зам” бүтээн байгуулалт бол эдийн засгийн хөгжлийн нэг боломж мөн хөрш орнуудтай илүү өргөн хүрээнд харилцах санаачлага юм. Улс орнуудын харилцаа, ард түмний харилцааг гүнзгийрүүлэхэд хэл соёлын мэдлэг чухал үүрэгтэй гэв. Тус сургуульд энэ удаа Монгол, Тамил, Бенгал, Филиппин 4 хэлний анги шинээр нээж байгаа юм байна.
 
Бээжин. Д.Энхчимэг
Эх сурвалж: