sonin.mn
Сүүлийн үед монголчууд оюуны хүчээ нэгтгэх цаг ирлээ, Мөнх тэнгэрийн оньсыг тайлж,  зарлигийг сонсгож байна хэмээн  шүлэглэсэн лекц уншиж яваа И.Мөнхсаруул   гэдэг эмэгтэйг  олон нийт гайхаж, бас ярьж хэлж байгааг нь сонирхох болов. Гэтэл түүнийг олж уулзах бэхшээлтэй аж. Учир нь  21 аймагт айлтгалаа сонсгохоор явсан байна. Харин түүний шавь  мэдээлэл эмчилгээ, био энергийн засалч  Ж.Отгонбаатарыг дугаарын  зочноор урьж  багшийнх нь тухай, түүний Монгол даяар зарлан сонсгож яваа зарлиг ямар учиртай талаар ярилцсан юм. 
 
 
 
-Мөнх тэнгэрийн оньс, Түлхүүр гэгдээд байгаа И.Мөнхсаруул багшийнхаа талаар сонирхуулаач. Түүний хийж байгаа зүйлүүдийг олон нийт ойлгох, ойлгохгүй янз бүр байна. Ямар учиртайг тайлбарлаж өгнө үү?
 
-Багш маань гаднаас нь харвал бидэнтэй адил эгэл жирийн хүн. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд цэцэрлэгийн багшаар 26 жил ажиллаж, хүүхдүүдийн төлөө, хүний төлөө зүтгэж явсан, ийм л эмэгтэй. Багш маань анх  2012 онд тэнгэртэй холбогдож мэдээлэл авч байсан үеийг дурсмаар байна. Тухайн үед аймгийн төвөөсөө хотод цэцэрлэгийн багш нарын семинарт ирж л дээ. Гэтэл толгой нь эвгүй өвдсөний эцэст, гадаа гартал тэнгэрээс үүлээр тэнгэрийн зарлигийг  монгол бичгээр бичиж харуулж байсан гэдэг. Тэр нь “бүтээл” гэсэн үг байж.  Тэгээд тэр зарлигийг   бичиж аваад эхэндээ өөрөө ойлгоогүй ч яваандаа зарлигийг хүмүүст  дамжуулан хүргэж болдог гэдгийг мэдэрсэн гэдэг. Дараа нь тэнгэрээс луу, солонго харуулж, зүүдээр нь маш олон мэдээллийг хүргэж байсан гэдэг. Гэхдээ  тэнгэртэй харилцаж, тэнгэрээс суралцаж байгаагаа олонд дэлгэлгүй нууц байдалд гурван жил болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, учрыг нь олох гэж маш их цаг хугацааг зарсан гэсэн үг. Ер нь бол монгол хүнд бусдаас өөр  давуу талууд бий. Тэнгэртэй харилцаж, тэнгэрийн зарлигаар алба, амины бүхий л үйлийг хийж ирсэн агуу ард түмэн. Түүхээ эргэн сөхвөл аль тэртээ XIII зуун Чингис хааны үед монголчууд тэнгэртэй харилцаж, Төрт улсаа байгуулж, ард түмнээ удирдан зохион байгуулж авч явсан уламжлалтай. Ийм гэгээрэнгүй Төрт улсыг байгуулсан ганц үндэстэн нь Монгол шүү дээ. Тиймээс монголчуудыг тэнгэр язгууртай гэлцдэг. Тэнгэрээс  удирдан  жолооддог, түүндээ захирагддаг, түүнийгээ дагадаг. Тэгвэл энэ цаг үед мөнх тэнгэртэй холбогдох тэр агуу гайхамшгийг И.Мөнхсаруул багш маань эзэмшиж авч чадсанд хамгийн гол нууц нь байгаа юм.
 
- XIII зууны үед төрийн зайрангууд тэнгэртэй харилцаж зарлиг буулгадаг, их эзэн Чингис хаан ч Бурхан Халдуны оройд гарч тэнгэртэй харилцдаг байсан гэж түүх, эх сурвалжид байдаг. Гэхдээ  шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт тэнгэрийн үйлээр бүхнийг шийднэ гэдэг санаанд багтамгүй?
 
-Өнөө цагт хүний дотоод  сэтгэл, далд ухамсар, сүнсний нууцын талаар ид ярьж байгаа эрин үе шүү дээ. Хүн дотоод сэтгэл, далд ухамсар, сүнсээрээ мөнх гэж үзэж байна. Махан биеэрээ бол энэ орчлонд ирсэн тэр хэсэгхэн хугацааны “виз”-тэй гэсэн үг. Тэгэхээр хүний далд байгаа  сүнсэн биед нь бүх мэдээллүүд нь бичигдсэн байдгийг, сүнснийх нь хэмжээнд очиж уншаад эргэж тайлж гаргах тэр нууцыг эзэмшинэ гэдэг  хэн хүнд тийм амар олдох боломж биш. Гэтэл тэр  агуу боломжийг олж мэдэж, энэ цаг үед, Монгол Улсын түүхийн онцлог мөчид тэнгэртэй харилцдаг онцлог хүн тодорч гарч ирж байгаа нь гайхамшиг юм.
 
-Ингэснээр улс орон, нийгэм, олон түмэнд ямар ач холбогдолтой вэ?
 
-Тэгэхээр XIII зууны мөнх тэнгэртэй холбогддог  байсан монголчууд, өнөөдрийн монголчууд хоёр хоорондоо  ялгаатай юм. Мах цусны хувьд адил, бүгд хөх толботой, удам дамжсан байдал гээд. Гэтэл сэтгэлгээ нь шал өөр болчихсон. Өвөг дээдэс минь цэвэр гэгээрлийн, гэгээрэнгүй төр улстай байж  цагдаагүй, шоронгүй,намгүй, эмнэлэггүй- эрүүл саруул цаг бусаар өвддөггүй  амьдардаг байсан юм шүү.  Монголчууд бол тэнгэрийн хуулиар, байгалийн хуулиар амьдарч одон орон, зурхай, тэнгэрийн үйл,тэнгэртэй харилцах  мэргэжилтэнгүүдтэй байсан. Тиймээс  шинж­лэх ухаан хөгжүүлэх шаард­лагагүй, тэдэнд му­хар сүсэгт автан шашин шү­тэх хэрэг байгаагүй  юм. 
 
Монголын төр улсад хамгийн чухал яам “Тэнгэрт Сүслэх Яам” төрийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан. 1680-аад онд  Манжийн нөлөөллийн дор татан буугдсанаар  Монголчууд минь Мөнхтэнгэрээсээ аажим аажмаар холдон холдсоор  өнөөдөр тартагтаа тулж хөх толбо л гэрч болон үлджээ. Бидний ухамсар өвөг дээдсийн үүх түүхээ ч ойлгох ухаангүй болтлоо доройтсон гэж үү?
 
Мөнх тэнгэртэй холбогдож, мэдээллээ аваад дэлхийн талыг эзэлж явсан тэр үеийн монголчуудын хувьд  бүхий л ажил үйлээ тэнгэрийн зарлиг, тушаалаар хийж гүйцэтгэж байсан. Тэгвэл өнөөдрийн монголчууд зүгээр л нийгмийн ухамсрын хүрээнд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, мэдлэг боловсрол, олж авсан мэргэжлээрээ л амьдралаа авч явах ёстой гэсэн ойлголт болчихож. Гэтэл хүний далд байгаа сүнсэн бие гэдэг мөнх тэнгэртэйгээ холбоотой байдаг. Тэнгэр гэдэг нь бидний харагдахгүй байгаа  далд бие,  сэтгэл буюу сүнсэн бие байна. Тэнгэр гэдэг үг маань өөрөө тэнд гэр байна гэсэн санаа юм. Тэр нь хаана байна гэхээр бид дээшээ заадаг. Тэгэхээр тэнд мөнх гэр байна, тэнд оршихуй байна, тэнд амьд юм байна, тэнд бидний өвгөд дээдэс байна, тэндээс биднийг удирдаж байна гэдгийг сүнсэн биеэрээ таньдаг  байсан агуу ард түмэн байжээ, бид. Тэгвэл өнөөдөр тэр чанараа алдчихсан байгаа үед бидэнд дахин тэр гайхамшгийг таниулж, мөнх тэнгэрээ таньж, монгол орноо төвхнүүлэн сэргээж, байгаль дэлхий, орчлон ертөнцтэйгээ холбогдож хүчээ авдаг байсныг сэргээх боломж бий. Монгол хүн өөрийн дотоод мөн чанарыг таньж байна, явсан мөрөө эргэн харж, үйл үйлдлээ хянах тэр бүх боломж эндээс харагдаж байгаа юм.
 
-Монголчууд оюуны хүчээ нэгтгэе, нэгдэе гэсэн уриалга гаргасан байсан. Ямар нэгэн гүнзгий утга байна уу?
 
-Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэе гэсэн гол санаа юм.
 
-Тэгэхээр өнөөгийн байдалд монголчууд эв нэгдэлгүйгээс хүчин мөхөсдөж, эдийн засгийн болоод бусад хямрал, гацаа нүүрлэсэн гэж  тэнгэр зарлигдсан хэрэг үү. Ингэж ойлгож болох уу?
 
-И.Мөнхсаруул багш маань тэнгэрээ мэдэж, таньж, үйл хийсэн гурван жилийн хугацаанд маш олон зүйлийг хийсэн байдаг. Монгол хүний онцлог нь юу вэ, мөнх тэнгэр гэж юу вэ гэдэгт анхаарлаа хандуулж 200 гаруй тэнгэрийн үйлийг хийсэн. Жишээ нь, монгол газар нутгийн уул ус, газар шороо, амьтан ургамлыг хүртэл дахин амьдруулж, эргэн таниулах үйлийг хийсэн. Хүн үнэхээр далд биеэрээ мөнх байдаг, тэнгэрт гэр нь байдаг юм бол тэнгэрийн од эрхэстэй дахин холболтыг хийж, дахин таниулж, дахин амилуулж өгөх монголчуудын далд биений үйлийг хийсэн нь тэнгэрийн үйл юм. Энэ бүхэн маань цаг үеэсээ, энэ нийгмээс хоцорсон байгаа учраас  үүнийг ойлгодог хүн ч олон байх боломжтой. Ойлгохгүй зарим нь би нэг удаа амьдраад дуусчихаж байгаа юм биш, далд биеэрээ дахин амьдрах тэнгэртээ очих юм байна гэсэн ойлголтоо сэргээх бүх боломж нээлттэй. Бидний дотор тэр бүх мэдээлэл нь байгаа. Яг үүнтэй холбоотой биднийг тэнгэрт  нь ч, газарт нь ч таниулах 200 гаруй үйлийг багш маань хийсэн юм. Хүний далд бие, сэтгэл, ухамсар нь тэнцвэртэй байж бие махбодод болж байгаа бүх үйл явц нь тэнцвэртэй, зөв байдаг. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор  И.Мөнхсаруул багш хамгийн  анх “Улаан хадагны ёслол” буюу галын үйлийг хийсэн. Хүний бие нүдэнд л харагдахгүй болохоос биш гэрлэн бүрхүүлтэй, маш олон галын эргэлт явж байдаг. Энэ болгоныг тэнгэрээс өгч байгаа зарлигийнх нь дагуу монголчуудынхаа галын ариусгалыг хийх ёслол зохион байгуулсан. 
 
-Тухайлбал?
 
-Цэнхэр хадагны буюу усны ариусал хийсэн. Ногоон хадагны буюу байгаль дэлхийгээ ариусгах үйл, цагаан хадагны буюу сүүн ариусгал, нарны  ариусал буюу шар хадагны  ёслол  хийсэн. Нарны ариусгалаар бидний нартай холбогдох бүх үйлийг зөв болгож тэгшилсэн. Дээр нь ижий тэнгэрийг аргадах 1000 ээжийн чуулган, эцэг тэнгэрийг аргадах 1000 аавын тэнгэрийн үйлийг зохион байгуулсан. Мөн бөө, түшээ, тэнгэртэй холбогддог зайран, удган нарт зориулсан тэнгэртэй хэрхэн зөв холбогдох тухай үйлийг хийсэн. Сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчид хэрхэн ажиллавал монголчууддаа зөв мэдээлэл хүргэж, гэгээрүүлэх вэ гэдэг үүднээс тэнгэрийн үйл хийсэн. Багшийн маань хийсэн бас нэг том үйл бол тэнгэрийн хасыг эргүүлэх, амилуулах, ариулах зан үйлийг хийж өгсөн. Нар, сар, орчлон ертөнцийн монгол хүний таних ёстой язгуурыг хийж өгснөөр мөнх тэнгэрийн тамгыг эргүүлэх боломж монгол түмэнд тохиосон. Мөнх тэнгэрийн тамгаас гадна газрын тамга гэж бий. Хүний онцлог тэнгэр, газартайгаа холбоотой. Нэг ёсондоо өвс ургамалтай ялгаагүй юм. Тэнгэрийн тамга, газрын тамга хоёрыг нийлүүлэн эргүүлснээр ертөнцийн агуу их суу тамгыг эргүүлж байна гэсэн үг. Ингэснээрээ монгол хүний онцлогийг өөрсдөд нь таниулж байгаа юм. Монгол хүн дотоод мөн чанараа таних боломжийг ингэж нээж байгаа юм.
 
 
И.Мөнхсаруул багш хамгийн  анх “Улаан хадагны ёслол” буюу галын үйлийг хийсэн.
 
 
 
-Тэнгэрийн үйлийг хийсэн гэдэг нь  тухайн хүний өөрөө хийж байгаа зүйл үү, нөгөө тэнгэрийн зарлигийг газарт буулгаж байгаа үйл нь үү?
 
-Өөрөө хийж байгаа зүйл биш. Нэгэнт тэнгэртэй холбогдсон учраас тэр хүний биеэр дамжуулан монголчуудад ийм үйлийг хэдэн цагаас тэнд хий, тийм үйлийг тийм газарт тэгж хийгээрэй гэсэн тэнгэрийн зарлигаар бүх үйл болж байгаа юм.
 
-Танай багшийг яагаад Ногоон дарь эх, Өндөр гэгээн Занбазарын сахиустай, Тэнгэрийн түлхүүр багш гэж нэрлэдэг юм бэ?
 
-XIII  зуунд эзэн Чингис хаан тэр цагийн гэгээрэнгүй  төрт улсыг  байгуулж, нэгдмэл хүчирхэг улсыг захирч явсан цаг үед буюу өмнөх төрөлдөө И.Мөнхсаруул багшийн далд бие буюу сахиусан бие баруун гарынх нь дэргэд түшиг болсон бичээч нь байж. Тэр үед тэнгэрээс холбогдож, төрт улсыг байгуулсан. Тэнгэрийн зарлигийг буулгаж чадсанаараа Чингис хаан агуу  гүрнийг байгуулж, хүн төрөлхтөнд танигдаж хүчирхэг болсон. И.Мөнхсаруул багшийн сүнсэн бие хоёр дахь удаагаа төрсөн нь   Өндөр гэгээн Занбазарын биед байсан  сүнсэн бие юм. Өндөр гэгээн Занабазар тухайн үедээ Монгол орныг удирдан чиглүүлж байсан түүхтэй. Мөн маш олон бурхан бүтээсэн. Тэр бурхад бол Чингисийн үеийн баатарлаг, тэнгэрийн удамт монголчуудыг Өндөр гэгээн Занабазар бурхад болгож бүтээж байсан түүхтэй. Харин өөрийнх нь сэтгэлээ өгч бүтээсэн бурхан бол Ногоон дарь эх юм. Түүндээ өөрийн ид шидийг  энэ хорвоогоос явах үедээ  шингээж үлдээсэн. Тиймээс бид багшийгаа Өндөр гэгээн, Ногоон дарь эхийн сахиустай гэж байгаа юм. 
 
-Ингэхэд тэнгэрийн үйл хийхэд гарч байгаа зардлыг хэн хэрхэн зохицуулдаг вэ, өргөл авдаг уу?
 
-Тэнгэрийн үйл хийж байгаа хүн өөрөө тэнгэрийн зарц, төлөөлөгч болж ирсэн байна. Монголчууд язгуураа таньдаг учраас сэтгэлээсээ хандаасай гэж  олон түмэнд ханддаг. Над шиг сэтгэлтэй олон хүн бий. Бүгд хамтраад энэ ариун үйлийг  хүмүүст хүргэхсэн гэж хийдэг, түүнээс биш ямар нэгэн үйлийг хийхдээ зардал мөнгө олох хэрэгсэл болгодоггүй. Ашгийн бус ариуслын үйл юм.
 
-Тэнгэртэй харилцдаг гэж бөө, удган нар ярьдаг. Тэгэхээр И.Мөнхсаруул багш удган, бөө гэсэн үг үү. Эсвэл...?
 
-Тэнгэрийн зарлигийг биеэрээ дамжуулан буулгаж байгаа тэнгэрийн зарц, төлөөлөгч юм. Түүнээс бөө, удган биш. Бөө, удган нар сүнсэн биед гарч мэдээлэл уншиж бусдад дамжуулаад мөнгө авч байгаа нь сүнсээ түймэрдэж байгаа гэсэн үг. Тэгвэл олны тусын тулд хийж байгаа И.Мөнхсаруул багшийн үйл Ертөнцийн хуулийг мөрдүүлэхэд оршиж байгаа юм.
 
Ч.ЗОТОЛ
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин