Жалайр Лувсангийн Пүрэвдорж 1938 оны бар жилд Говь-Алтай аймгийн Хасаг Жаргалан сум /одоогийн Шарга сум/-ын нутаг “Хөтөлийн бууц"-нд төржээ. Хөдөө ахуйд мал сүрэг адгуулж, гэрийн сургалтаар эрдэм номд боловсорчээ. 1958 онд эр цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Офицерын сургууль/1962/, ЗХУ-ын Москва хотын Цэрэг, улс төрийн академи /1967-1972/ , ЗХУКН-ын Нийгмийн ухааны академи /1985/-ийг тус тус дүүргэжээ. 1972 оноос армийн анги нэгтгэлүүдэд салааны туслах, ротын дарга, улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, газрын дарга, МАХН-ын ТХ-ны Захиргааны хэлтэст цэргийн бодлогын зааварлагч, хэлстийн орлогч эрхлэгч, Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонины тасгийн захирагч, 1992-2004 онд “Ил товчоо” сонин, “Ийгл” телевизэд сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, улс төрийн тоймч зэрэг ажпыг хийж байв. МЗЭ-ийн шагналт зохиолч Л.Пүрэвдорж нь 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж үгүүллэг, туужийн “Туг зээрд" /1981/, “Нүхгүй цэнхэр сувд”, “Хүний сайхан сэтгэл”, “Сэтгэлийн гэрэл, сүүдэр”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрлөөр “Егүүтгэл" /1998/, “Бэтэг” / 1999/, “Эрлэгийн бошго”/2000/, “Гилийн дадар” /2004/, “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” хоёр дэвтэр /2007/ тэргүүт есөн роман, баримтат уран сайхны “Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой" номууд хэвлүүлж уншигч түмний хүртээл болгожээ. “Бэтэг”, “Эрлэгийн бошго” роман бичсэний учир 2004 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг 2010 онд “Чингис хаан буюу мөнх тэнгэрийн увдис” хэмээх түүхэн уран сайхны хоёр дэвтэр бүтээлээрээ хүртсэн юм. Энэ удаагийн “Утгын их хоймор"-тоо монгол цэргийн хошууч генерал, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, гавьяат уран зохиолч Л.Пүрэвдорж гуайг ийн урин залж утга зохиолын мөн чанар хийгээд эх нутгийн газар шороо, эх оронч үзлийн сэдэл дор ийн үл дуусах ирд халуун яриаг өрнүүлсэн болой. Таалал хотлоор гүн бат оршиг!

Авгаржин Жа.Баяраа



-Газар шороо, газар шороо оо гэж...

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай маш их ярьж байна. Монголын газар нутгийн 40 гаруй хувь нь лицензээр гадныхны гарт орчихсон байх шиг байна. Бид емнө нь ярьдаггүй байж. Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.

-Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?

-Давст уулыг егчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.

-Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.

-Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор     хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.

-Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.

-Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.

-Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс...

-Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.

-Монгол даяар сонгуулийн кампанитажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?

-Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.

-Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.

-МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу...” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.

-1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?

-Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?

-Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.

-Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы... эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.

-Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг
тайлагдашгүй оньсого шүү.


-Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.

-Сониноос, та дунд сургуульд ерөөсөө суралцаагүй гэдэг. Ямар учир шалтгаантай байсан юм бэ?

-Би чинь айлын ганц хүү. Манайх маш их малтай баян айл байсан. Би сургуульд суувал манайх сумын төв бараадна гэсэн үг. Эсвэл намайг дотуур байранд суулгана. Тэр үед дотуур байрны сурагчид их хамуурдаг байлаа. Тэгэхлээр хүүгээ хамууруулахгүй гэж манай аав шийдсэн юм байлгүй. Долоон наснаасаа хонь хариулсан. Би жилд ганцхан удаа хонинд явдаггүй байсан. Тэр нь цагаан сарын шинийн нэгэнд. Тэр үед охид айл хэсэхгүй, банди нар айл хэснэ. Тийм болохоор саахалт айлын нэг охиныг авчирч хонин дээрээ зоочихоод айлуудаар орж өдөржин золгоно. Би чинь 20 нас хүртлээ хонины бэлчээрээс холдоогүй.

-Эр өсч, эсгий сунахын үлгэрээр 20 нас хүрлээ. Тэгээд...?

-Цэрэгт явсан. АА-ийн...-р ангид жил гаруй алба хаагаад, Офицерын сургуульд элссэн. Шалгалт өгөх гэж хөглөсөн. Тоо бодлого дээр унасан. Улс төр, монгол хэл хоёр дээр нь онц авсан. Тэгээд л сонсогч болсон доо. Дараа нь Академид явах гэтэл 10 жилийн гэрчилгээ байдаггүй. Тэгээд оройгоор суралцаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч, шууд Академид явсан даа. 1990 онд ТХ-ны Улс төрийн хэлтсийн орлогч эрхлэгч байхдаа ардчиллын цуглаанд оролцож, үгээ хэлж байлаа.

-Та чинь соц нийгмийн үзэл суртлын бүтээгдэхүүн байж юун ардчилал гээд хадуураад явчихсан хэрэг вэ?

-Ж.Батмөнх дарга чинь тийм сүртэй сүржин хүн байгаагүй юм шүү дээ. 1990-ээд оны эхээр МЗЭ-ийн хорооны их хурал дээр би үг хэлэв ээ. Нэг тийм хурц үг хэлсэн санагдана. МАХН-ын ТХ-ны Захиргааны хэлтсийн орлогч эрхлэгчийн албатай хүн байхдаа шүү дээ. “Энэ бол захиргаадалт биш дарангуйллын дэглэм байж” гээд л... Зохиолчид хамгийн их хэлмэгдэж байсан тухай ч ярилаа. Тэгээд л өнгөрсөн. Манай хэлтсийн эрхлэгч Жанцан гэж хүн байлаа. Нэг өдөр намайг дуудаж байна. “Чи тэр зохиолчдын дунд юу ярьсан юм бэ. Батмөнх даргаас надад мэдээлэл ирлээ. Танай хэлтсийн орлогч ямар хүн байдаг юм бэ гэж асууж байна” гэлээ. Нэг нь Батмөнх даргад очиж хов хүргэж л дээ. Мань хүн огт тоогоогүй байхгүй юу. Өөр дөвчигнүүр юм байсан бол бөөн юм болохгүй юу.

-Таны уран бүтээлийн багш хэн байсан юм бэ?

-За даа, зохиолч хүн хэн нэгнээр багшлуулж бүтээлээ туурвидаг гэж би лав боддоггүй. Нэг багш сонгочихвол түүнтэйгээ адилхан юм хийгээд золигтож эхэлнэ. Яахав, анхны номыг редакторласан хүнийг багш гэдэг бол Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай юм даа.

-Нэг хэсэг таны бие ихэд чилээрхэж, сүйд болох дөхсөн санагдана. Одоо бол цоглог, хийморьтой харагдаж байна шүү.

-Баларсан. Бие өвдсөн. Урагшаа явж дурангийн хагалгаа хийлгэсэн шүү дээ. Яс хэврэгшинэ гэдэг насны юм билээ. Засгийн газраас таван сая төгрөг эмчилгээнд гаргаж өгсөн. Нөгөө Раднаабазар доктор миний Хятадын эсрэг романуудыг уншсан юм байна л даа. Тэгээд надад “Чи ийм тэнэг хүн үү, хар зүрхтэй хүн үү. Хятадын эсрэг “Гилийн дадар” гэдэг роман биччихээд урагшаа эмчилгээнд явдаг хэн бэ. Чи цаадуулыгаа мэдээгүй гэж бодож байна уу” гээд бөөн инээд ханиад. Г.Аким, би, чи, Н.Батбаяр, Ц.Элбэгдорж... бүгд л хоёр зууныг дамнасан нармай монгол үзэлтнүүд шүү дээ. Бидний хамгийн дээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байх шив. Ямар ч байсан монгол хүн биднийг бариад алчихна гэж үгүй байх.

-...Эртээд та эл нийгмийн сэтгэл зүй утга зохиолд халдварт өвчин мэт ханддаг болсон ч гэх шиг нэг юм яриад байсан байх аа?

-Телевиз, сонин сэтгүүл уран зохиолд ач холбогдол өгөхөө больж.

-Зах зээлийн нийгэмд хамгийн хэрэггүй зүйл утга зохиол байдаг юм биш үү?

-Хүн гэдэг угаасаа адгуус амьтан. Өт хорхой, нэн ялангуяа хилэнцэт хорхойтой бүр ч адилхан. Ухаан гэдэг бүх амьтанд бий. Харин тэднээс хүнийг ялгадаг зүйл нь сэтгэл юм. Чухам тэр сэтгэлийг л зохих хэмжээнд нь барьж байдаг зүйл нь утга зохиол, урлаг юм л даа. Шинжлэх ухаан бол хүнийг мэдлэгтэй л болгодог. Уран зохиол, урлаг мэдрэхгүй сайн дарга, бизнесмен байж болно. Харамсалтай нь хүн л лав биш байж таарна. Социализмын үед гэртээ ганц ч номгүй асар баян айлд би орж үзсэн. Гуниг, эмгэнэл гэхээс илүү гутамшигтай. Тийм айлын үр хүүхэд ямар болох талаар төсөөлж мэдэхгүй нь.

-Монголд өнөөдөр уран зохиол байна уу?

-Байлгүй яахав. Судлал харин алга. Зарим докторууд “Судлах уран зохиол байхгүй байна” гэхийг сонссон. Ч.Билигсайхан доктороос асуулаа. “Битгий хуц гэж байна гэж хэл” гэсэн шүү. Одоогийн уран зохиол бол шал өөр, илүү өөр сэтгэлгээний өндөр төвшинд бичигдээд эхэллээ. Хуучинсаг хүмүүс хүлээж авахын аргагүй бүтээлүүд төрж байна. Уран зохиолд ердөө хоёрхон юм хэрэгтэй байдаг. Авьяас, эрх чөлөө. Энэ хоёр байгаа цагт уран зохиол дэвжинэ үү гэхээс муудах үндэс үгүй. Манай XX зууны яруу найраг бол гайхалтай. Дэлхийн төвшинд хүрсэн. Хүүрнэл зохиолын хувьд нэг тийм базаахгүй.

-Ингэхэд    уран зохиолгүй нийгэм байгуулж болдоггүй юм уу. Монголд туршвал их зохистой юм шиг санагдаад байдаг юм.

-Яам нь уран зохиолын хичээлийг бараг байхгүй шахуу    болгосон. Боловсролын яамны нэг нөхөр надад “Ах минь, Америкт уран зохиолын хичээл гэж байдаггүй юм” гэдэг байгаа. Гэтэл тэндэхийн дээд сургуулиуд дэлхийн утга зохиолыг задлаад Фолкнерын ч юм уу, “Том Сойерын адал явдал” ч гэдэг юм уу, нэг зохиолыг сонгоод дүрийг шинжлүүлж бүр эссэ бичүүлдэг юм билээ.

Сүүлийн үед БСШУЯ-ны зүгээс уран зохиолд анхаарч, сайн номыг тесвөөс худалдан авч түгээж байгаа явдал нь сайшаалтай хэрэг. Тэнд Баяраа гэж нийгмийн ухааны нэг охин бий. Тэр хэвлэн нийтлэгчдэд их тусалж байна. Хүн ер нь ганцаддаггүй юм байна.

-Монголын уран зохиол байхгүй болчихож гээд тесөөлөөд үзье.

-Эн түрүүн хэн хохирох бол гэсэн асуудал гарч ирнэ. Дарга нар болохоор хэдэн монгол хохирно биз. Бид барууны болоод явчихна гэж бодох байх. Гэтэл хамгийн түрүүн хүн төрелхтний утга зохиолын сан хөмрөг хохирно. Хүний сэтгэлийн гайхамшиг зөвхөн уран зохиолоор л дамжин нууцаа тайлж байдаг.

-Та цэргийн байгууллагад ажиллаж байсан эрх дархтан. Дээхнэ “Цаг сайхан болж байх шиг байна. Цагдаа шүлэг бичиж байна” гэсэн үг Ш.Сүрэнжав найрагчаас гарсан гэдэг. Ер нь хүчний байгууллагад зүтгээд хажуугаар нь зохиол бичнэ гэдэг нэлээд ноцтой харшлал байх биз ээ.

-Би цэргийн салбарыг өөрөө сонгосон юм биш. Юу ч мэдэхгүй хүү цэрэгт татагдаж ирсэн хэрэг. Анхныхаа туужийг гараас гаргачихсан “Улаан од” сонинд ид ажиллаж байсан үе. Тэгэхэд Армийн Улс төрийн газрын дарга Ёндондүйчир гэдэг генерал байлаа. Ёстой жинхэнэ хүчний байгууллагын нөхөр. Нэг удаа би орж цэрэг, уран зохиол хоёрыг холбох санал тавьсан юм. Саналаа боловсруул гэж байна. Тэгэхээр нь нэг хүүрнэл зохиолч, нэг яруу найрагч хоёрыг армид мэргэжлийн зохиолчоор авч ажиллуулъя гэлээ. Зөвшөөрлөө. Тэгээд л Зохиолчдын хорооны Цэдэв даргад хандаж, С.Дашдооров, Б.Нямаа хоёрыг авахаар болсон. Генерал ярьж байна. “Нэгтээ л бид хоёр зохиолч армид авч байгаа юм бол ёс журмаар нь цолыг нь олгоё. Гэхдээ тэд юу ч хийхгүй, зөвхөн зохиолоо л бичих ёстой” гэлээ. Тэгээд л зохиолч офицер гэдэг мэргэжил    үүсч, С.Дашдооров гуайд шууд хошууч цол, Б.Нямаа гуайд ахмад цол олгож байсан түүхтэй. Тэд дөрвөн жил үр бүтээлтэй ажиллаж, цэрэг, эх орны сэдэвт олон сайхан зохиол бичсэн. “Дуут хонгор манхан” роман чинь ингэж л төрж байлаа шүү дээ.

-Цэргийн сэдэвтэй зохиолууд хэвлэгдэх сураг гараад байсан уу, үгүй юү?

-Бид судалж үзлээ.

Цэргийн сэдэвтэй зохиолыг бүгдийг эмхтгэх юм бол арваад боть болох бололтой. Ямар ч байсан эхний удаад таван ботийн ажил цэгцэрсэн. Хэвлэх зардал нь 60 орчим сая төгрөг болж байна. БХЯ ойрын үед хэвлүүлэх байх. Урлаг, утга зохиол гэдэг цэргийн хүний сэтгэлийг зөөлрүүлэх тухайд маш тустай.

-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ, нууц биш бол?

-Би яг одоо Догшин ноён хутагт, Түшээ “Жа лам” Лувсандамбийжанцангийн тухай “Цусан тахилга” гэсэн роман бичиж байна. Магсаржав Улиастайд, Жа лам Ховдод цусан тахилга хийдэг байж. Анх Хатанбаатар монгол хүний зүрхээр туг тахисан бол Жа лам 11 хятадын зүрхээр тахилга үйлдсэн сонин баримт байдаг. Ирэх жил хэвлэлтэнд орчих байх аа.

-Ингээд түр дуусгая. Таны уран бүтээлд үлэмжийн олз омог талбия!

2012,06,09

Эх сурвалж "Урлаг утга зохиол"