sonin.mn

- Нэг айл хоёр талх авдаг байсан бол нэгийг, хил будаа авдаг байсан бол хагас хилийг авахдаа тулж байна -

Ядуурал, ажилгүйдэл, үнийн дарамтад сөхөрсөн нэг нь амьдрах, амьд явахын тулд яахаас ч буцахгүй болж гэмт хэргийн тоо, тэр дундаа урд хожид дуулдаж сонсогдож байгаагүй харгис хэрцгий хэрэг их гарах боллоо. Энэ мэтээр амьдрал ямар байгаа талаар бид нийслэлийн захын зарим дүүргээр орж иргэд болон бизнес эрхлэгчидтэй уулзсан юм.

Тэдний ярианаас та манай дарга нарын ам уралдан яриад байгаа эдийн засгийн өндөр өсөлт олон түмэнд яаж “хүрч” байгааг мэдэж болно. Удахгүй ДНБ-ний хэмжээг 5000 ам.долларт хүргэж, 20 жилийн дараа өндөр хөгжилтэй орнуудын түвшинд очино хэмээн эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын хэлээд буй улс орны амьдрал өнөөдөр ямар байна вэ?

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10-р хорооны оршин суугч С.Нямлхагва:

-Амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. Манайх ам бүл тавуул, өмнө нь хөдөө гадаанаас ах дүү, хамаатан саднаас мал, мах ирдэг учир хоолоор тасарчихгүйхэн шиг болоод байсан. Одоо бензин тосны үнэ нэмэгдээд хөдөөнийхөн хот орж ирж чадахаа больсон. Мал, мах явуулдаг байснаа ч больсон.

Тиймээс манайх дэлгүүрээс мах авдаг. Шинэ мах аваад байдаг байсан, энэ жил хүч хүрэхээ байгаад нөөцийн мах захынхаас арай хямд, кг нь 2700-3200 төгрөг байдаг гээд авах гэсэн сүүлийн үед олдохоо байгаад, байвал дугаарлаж “алалцдаг” болсон шүү дээ. Амьдрал ингэж уруудаж өөрчлөгдөж байна. Уг нь сайд, дарга нарын яриагаар бол дээшилчихсэн баймаар…

Сэтгүүлч Д.Гэрэлмаа:

-Би өдөр тутмын сонинд ажилладаг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бүгд хувьд гарсан, бид чинь хувийн хэвшилд тооцогддог. Төрийнхнийг бодвол бидний цалин хөдлөөгүй учир төсвийнхний цалин нэмэгдэх бүрт юмны үнэ өсөөд бид дунд нь хэлмэгдэж байна. Жишээ нь, таксигаар ихэвчлэн хөл залгуулж ажлаа амжуулдаг сэтгүүлч, сурвалжлагч бидний хувьд таксиний үнэ нэмэгдээд ирэнгүүт дийлэхээ байгаад нийтийн унаагаар ажлаа амжуулахад хүрээд байна.

Бид чинь шуурхай мэдээллийн үед л сонины унаа унана уу гэхээс биш бусад үйл явдалд “хөлөөрөө” л таваргана шүү дээ. Өглөөтэй уралддаг бидний хувьд одоо өдөр бүр таксинд км тутамд 700-800 төгрөг өгнө гэдэг цалингийнхаа талыг тавиад туучихаж байна гэсэн үг. Бензин шатахууны үнэ дээшлээд байхаар шуудангийн түгээлтийн үнэ тэр хэмжээгээр нэмэгдэж, сонин тарааптын үнэ өндөр болно гээд байгаа. Сонины өртөг өндөр болоод ирэхээр хүмүүс сонин худалдаж авахгүй бол яана гэж бодох юм. Амьдрал ийм л байна.

“Талх чихэр” ХХК-ийн түгээлтийн менежер С.Эрдэнэсувд:

-Бид нийслэлийн III хороолол, түүний арын гэр хорооллын дэлгүүрүүдээр явж талхаа тараадаг. Манай үйлдвэрийн зүссэн хар талхыг орон сууцны хорооллын дэлгүүрүүд ихэвчлэн авдаг. Харин гэр хороололд болохоор “Атар” гэх мэт зүсээгүй, бүхэл талх эрэлттэй байдаг юм билээ. Худалдагч нар ингэж хэлдэг. Эндээс иргэдийн амьжиргааны ялгааг харж болохоор байгаа юм. Бүхэл, дугуй талх мэдээж зүссэнийг бодвол хямд байгаа ш дээ. Тэгэхээр гэр хорооллынхон аль болох хямдыг нь авч байна гэсэн үг.

Хувиараа таксинд явагч, жолооч Ж.Идэрбат:

-Манайд эхнэр ганцаар ажил хийдэг, хүүхдүүд сургуульд, би хувийн машинаараа жаахан мөнгө олдог. Шатахууны үнэ нэмэгдэх үөэр би гүйлтээ бодоод км тутамд 600 төгрөгөөр буюу бусад таксинаас 100 төгрөгөөр татуу явдаг байсан. Одоо бүр өнгөрсөөн, 700-гаар явж байгаа. Ноднин зун нэг хэсэг шатахууны үнэ өсөхөд ингээгүй л юм даа.

Одоо бол бүр өөр болж, амьдралын өртөг энэ дээшээ улам л хэцүү болоод байна. Хүйтэнд машинаа өглөө, орой халаана гээд бензин их идэх юм. Дээр нь юмны үнэ өсөөд яах ч аргагүй болсон. Элсэн чихэр, цагаан будаа зэргийг чинь манайх өмнө нь кг кг-аар нь аваад тавьчихдаг байсан. Одоо тэгэж чадахаа байгаад хагас хилээр нь авахдаа тулаад байна.

Гэтэл сайд, дарга нар эдийн засаг 20 хувиар өслөө, амьжиргаа дээшилнэ гээд байх юм. Тэр ч доод бидэнд хүртээлгүй бололтойдог. Энэ улс төрчид ер нь кг цагаан будаа, элсэн чихэр, төмс ямар үнэтэйг мэддэг болов уу гэж бодогдох юм. Нэг улс төрчөөс талх ямар үнэтэй гэж асуусан чинь 300 төгрөг гээ биз дээ. Амьдралаас ийм л тасархай байна шүү дээ, манай томчуул.

Тэд ядаж автобус, таксигаар нэг явж үзээсэй. Захын дэлгүүрээр нэг ороосой билээ. Өнөөдөр 300 төгрөгийн талх гэж Монголд хаана ч байхгүй шүү дээ. Хамгийн хямд нь 550-600 төгрөг байна. Ядаж сүүлийн өдрүүдэд илт хүйтрээд бид машинаа хөлдөөчихгүйн тулд бензин их хэрэглэж халаадаг болсон учир таксинд хуучин үнээр явах аргагүй болсон.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэн Б.Ганхуяг:

-Амьдрал доошилж, амьжиргаа муудаж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Олон түмэн болон улс орны амьдрал нийтдээ бол сайжирч байгаа. Энэ хөгжил, дэвшлийг хар. Хэзээ захын малчин гэрээсээ, бэлчээрээсээ утсаар ярьж байлаа даа. Өнөөдөр амьдрал доордсондоо хөгшчүүл хүнсний зах дээр очоод 200-300 мянгаар ууц худалдаж аваад явж байх уу.

Цагаан сараар нэг айл дунджаар сая төгрөг зарлагдаж байгааг ядуу гэх үү. Амьжиргаа доор байгаа нэг нь бол бий. Арчаагүй, залхуу нь муухан амьдарч байна. Өнөөдөр үнэндээ хөдөө, хотгүй ажил хийдэг хүн байгаа юм уу. Ажлыг голоод байна ш дээ. Яагаад гэвэл улсаас их тэтгэлэг өгч байна, тийм учраас запхуу нэг нь “амьдарч” болоод байгаа байхгүй юу.

Малчдын хувьд хэлэхэд өнөөдөр тэдний амьжиргаа муудаагүй, харин ч урд урдынхаас эрс дээшилж сайжирсан. 1-2 жилийн өмнө бараг хүн авахгүй хөглөрч байсан ноос өнөөдөр кг нь 400-500 төгрөгт хүрч, ноосоо тушаасан малчныг кг тутамд 2000 төгрөгөөр урамшуулж байна ш дээ. Ноолуур дээр ялгаагүй, дотоодын үйлдвэрт нолуураа тушаавал мөн урамшуулал хэмээн малчдыг “байлж” байгаа биз дээ.

Гэтэл малчид яаж байна гэхээр давраад одоо малаа зарахгүй гээд сууж байна. Махны үнэ өсөөд байгаа нь зам дундын баахан чирэгдэл, дамжлагын зардпаас болж байгаа ч малаа зарахгүй байгаа малчидтай бас холбоотой. Төрийн хувьд хэлэхэд төр бол ёстой өөрийгөө л болгож байна. Нэг хэсэг хүмүүс, нэгээхэн хэдэн компанийн мэдэлд, тэдний төлөө ажиллаж байгаа манай төр, засаг яаж олон түмэнд хүрэх вэ дээ.

Түүний оронд амраар нь олон түмэнд тэтгэлэг, тэтгэмж өгөөд болоо….

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны өндөр настан Л.Бадам-Очир:

-Юмны үнэ өдрөөс өдөрт өөрчлөгдөж нэмэгдэж байна. Би урд нь хүнсний лангуу түрээслэж зогсдог байсан болохоор сайн мэдэлгүй яахав. Жишээ нь, нарийн боовны үнэ одоо хагас кг-ынх нь хамгийн доод тал нь 1200-1300 төгрөг болж нэмэгдсэн. 1-2 жилийн өмнө ийм үнээр бүтэн хилийн боов авдаг байлаа. Тиймээс үйлдвэрийн нарийн боов иддэг байсан зарим айл өрх худалдан авч хүч хүрэхгүй болж, цагаан тос аваад хямдханаар нь гэртээ боов хийдэг болсон.

Манай орцны зарим айл ингэж байгаа. Амьдрал ингэж “өөрчлөгдөж” байна. Нарийн боов иддэг байсан ихэнх айл талх иддэг боллоо. Хүмүүс цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Зарим айл ойролцоо оршдог, байнга орж үйлчлүүлдэг дэлгүүртээ өр тавиад зээлээр нойлийн цаас, оо, шүдэнз, талх, тариа, элсэн чихэр, масло, ургамлын тос гэх мэт гар дор хэрэглэдэг хүнсний бараагаа авдаг хэвээрээ байгаа.

Тэгээд цалин буухаараа нэг юм бөөнөөр нь төлдөг юм. Энэ бол хөгшчүүл бидний нүдэн дээр болж байгаа үйл явдал.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны иргэн Б.Хишигдэлгэр:

-Манай ам бүлд ажил хийгээд цалин авдаг хүн байхгүй болохоор үнийн өсөлт илүүтэй мэдрэгдэж байна. “Хүний хөгжил сан”-гийн мөнгө, группын мөнгөө аваад гурил будаа, мах ногоогоо ганц мөр базааж аваад илүү дутуу хэрэглээгээ “тас хориод” суучихдаг юм. Махны үнийг бол давж дийлэхээ байсан. Нөөцийн мах ирээд бөөн дараалал, бөөн шуугиан болоод л дуусчих юм. Над мэтийн группт байдаг “амьтад” шинэ мах ч үгүй, нөөцийн мах ч үгүй хүндхэн байна. Хүний өмнөөс ингэж амьдарч байгаа биш гээд тэр бүр бэрхшээл зовлонгоо тоочоод байдаггүй, болгоно доо гэж бодцог юм. Ер нь л амьжиргаа дааж “давшгүй” л болох гээд байна шүү.

“Номун талст” компанийн менежер А.Батжаргал:

-Бензин шатахууны үнийн өсөлт, долларын ханш, цалин тэтгэвэр нэмнэ гээд үнэ хөөрөх шалтаг шалтгаан нь мундахгүй юм. Тэгсэн хэрнээ бууруулах, буулгах тал дээр ер ажиггүй байж байгаад ард түмний нуруун дээр үүрүүлчихдэг боллоо. Бензиний үнийг литр тутмыг нь 260 төгрөгөөр нэмчихээд дараагаар нь эхлээд 50 төгрөгөөр, сүүлд нь 20 төгрөгөөр буулгасан. Хэнийг хуурч байгаа юм бол. Манай ард түмэн уужуу тайван, хүмүүс тулдаа л тэсч тэвчиж байна даа.

Б.Болд, Д.Золжаргал
Эх сурвалж: “Бизнес таймс”