sonin.mn

АИХ-ын дарга асан, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.


МАН дотор болж байгаа хагарал гэх үү? зөрчил гэх үү? үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

МАН-ын дээд удирдлагын хүмүүсийн зөрчил тэмцлийг намын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа. МАН-ын бага хуралд албан тушаалаар гишүүн болчихдог. Сайд, УИХ-ын гишүүн, аймаг нийслэлийн намын хорооны дарга, дэд дарга нараас бага хурлын 400 гаруй гишүүн бүрддэг. Энэ нь төрд бэлтгэгдээгүй, улстөрийн туршлагагүй янз бүрийн хүмүүс намын удирдах дээд байгууллагад орох боломжийг олгоод байна.


Хуучин буюу социализмын үед намд танигдсан, төрд танигдсан хүмүүсээс бүрдүүлдэг, сайд болсон ч намын төв хорооны гишүүн болдоггүй байсан. Төв хорооны гишүүн, орлогч гишүүн болж байгаа хүнийг улстөрийн карьер нь өсөх юм байна гэдгийг ард түмэн нийтээрээ мэддэг шахуу байсан юм.


Нэг намын тогтолцоотой байх үед тэр их зөв байжээ. Одоо олон намын тогтолцоотой болсон ч гэсэн нам бүр төрд ажиллах чадвар бүхий хүмүүсээ л намын удирдлагын дээд бүтцэд оруулбал зүйтэй. Нэгдүгээрт, бага хурлын бүрэлдэхүүн чансаа муутай, төрд бэлтгэгдээгүй хүмүүсээс бүрдэж байна. Хоёрдугаарт, бага хурлаас байгуулагдаж байгаа янз бүрийн зөвлөл ч улстөрийн туршлага муутай, чадвар нь бүрэн дүүрэн хөгжөөгүй, амьдралын туршлага сул хүмүүс орчхоод байна. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан Ж.Самбуу гуай нас бие гүйцсэн, туршлагатай, шальдар бульдар бус хүнийг төрийн ажилд тавьж бай гэж ярьж үлдээсэн. Тэр бол хойч үе маань мэдэж баймаар зүйл юм. Гуравдугаарт, МАН-ын Удирдах зөвлөл гэж бий. Төрд хэдийгээр хамтын удирдлага, олон нийтийг оруулах нь сайн боловч яг төрийн бодлого, чухал асуудлыг зангидаж шийдвэрлэхэд тийм ч олон хүн хэрэггүй байдаг юм байна гэдэг нь бусад улс орны туршлагаас харагдаж байна шүү дээ.


Жишээлбэл, тэрбум гаруй хүн амтай БНХАУ-д үндсэндээ 7 хүн, тэгээд намын дарга нь төрийн бодлогоо зангидаж явдаг. Энэ тийм буруу юм биш. МАН 104 жилийн түүхийнхээ нэлээд хугацаанд улстөрийн товчоо, орлогч гээд 7-9 хүнтэй байсан. Үүнийг хуучин тогтолцоо руугаа орьё гэж ярьж байгаа юм биш.


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр миний яриа гарсны дараа динозавр арилаагүй байгаа юм уу? гэж бичсэн байна гэнэ. Би нэг ёсондоо динозаврын үлдэгдэл болох нь байна шүү дээ. Гэхдээ динозаврыг ч гэсэн судлах хэрэгтэй. Социализмын тогтолцоо руу орьё, ардчиллыг хумъя гэдэг үүднээс энэ үгийг хэлээгүй юм шүү. Төрийг авч явахад, ард түмнээ удирдан жолоодход мэдлэг туршлагатай, төлөвшсөн нам ч удирдах хэрэгтэй. Тийм хүн ч удирдах хэрэгтэй. Одоо хүний тоо нь олон болчихлоо. УИХ ч 126 гишүүнтэй байгаа нь төрийн ажил хэргийн шаардлага хангахгүй байгаа гэдэг нь сая Үндсэн хууль зөрчсөн асуудлаар харагдаж байна.

 

Энэ зөрчил ужгирч явсаар УИХ дээр Засгийн газраа огцруулж үзлээ. УИХ-ын дарга нь өөрөө чөлөөлөгдөж, нэг өдөр нэг чуулганы хурал дээр ҮАБЗ-ийн 2 гишүүнгүй болж ч үзлээ. Таныг АИХ-ын даргаар ажиллаж байх үед Үндсэн хуулиа баталж байсан. Энэ ч үүднээсээ сая Ерөнхий сайдыг огцруулах тогтоол баталсан үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

Г.Занданшатараар жишээ болгож ярья. Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулья гэдэг санал оруулсан. Тэр үндэслэлүүдийг нь би сүүлд уншсан. Нэгдүгээрт, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн. Гэтэл Б.Энхбаяр уржигдар л ХЗДХ-ийн сайдаар (2025.10.24 өдөр) томилогдлоо шүү дээ. Гараагүй шийдвэр дээр Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа нь хуудуутай. Хоёрдугаарт, Засгийн газрын 55-р тогтоолоор их хэмжээний алдагдал бүхий гэрээ байгуулсан гэж, тэр гэрээ нь одоо ч нууцаас гараагүй байхад тийм үндэслэл оруулж ирсэн нь гүйцэд тогтоогдоогүй зүйл гэх мэтчилэн гурван үндэслэл нь гурвуулаа батлагдаагүй. Ер нь Г.Занданшатарын Засгийн газар 90 гаруй хоног л ажилласан. Энэ хоорондоо нилээд ажил хийсэн нь албан ёсны статистикийн мэдээгээр батлагдаж байгаа.


Миний мэдэж байгаагаар вальютын нөөц 5.7-5.9 тэрбум болсон. Г.Занданшатарыг ажил авахад маш бага байсан. Инфляц 8-9 хооронд байгаа. Банк статистикын тоо баримтыг түшиж ярьж байгаа байх. Нүүрсний борлуулалт хэд дахин нэмэгдлээ гэсэн. Үүнд би итгэж байгаа.


Ажил нь дөнгөж эхэлж байхад бүх булхай, дутагдлаа тэр хүн рүү чихнэ гэдэг энэ гурван үндэслэл өөрөө тогтоогдохгүй байна. Ийм маягаар Засгийн газраа огцруулаад байвал эцэстээ Г.Занданшатар биш Монголын ард түмэн, Монголчууд хохирч үлдэнэ. Олон улсад нэр хүнд нь унаж байгаа юм. Манай хамаг баялгийн үнэ, индекс буурна. Ийм учраас энэ асуудлыг ултай суурьтай хийх хэрэгтэй. Тэгээд Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг шийдвэр гарлаа шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн тэр хүмүүст Үндсэн хуулинд заасан арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнийг би нөгөө талаас нь УИХ-ыг шинэчлэх, МАН-ыг шинэчлэх боломж гарч ирж байна гэж харж байгаа. Үндсэн хууль зөрчсөн хүмүүсээсээ зоригтой салах хэрэгтэй. Тэгж байж улс орон хөгждөг юм байна гэдгийг харуулах хэрэгтэй. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын тэргүүний хувьд хэлэхэд манай 195 гишүүн хараад сууж байгаа. Ер нь Үндсэн хуулийн дагуу ажиллаж чадах нь уу, үгүй юу? Засгийн газар ажлаа үргэлжлүүлэхээр боллоо. Ард түмэнд шударга ажиллана гэж амаллаа. Гэхдээ яаж ажиллах нь вэ? гэдгийг бид өдөр тутам харж, анхаарч байгаа. МАН-ын Онц Их хурлыг хуралдуул гэж байгаа нь ч Үндсэн хуулийн дагуу тавигдаж байгаа төрийн төлөө намд үзүүлж байгаа шахалт гэж ойлгож болно.


Үндсэн Хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нэг асуудал үүсч байгаа нь Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулаад л болох юм уу? эсвэл УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой юм уу?

 

Үндсэн хуульд юу гэж бичсэн байна, тэр арга хэмжээг аваасай. Би Х.Булгантуяад бол сайн. Дэмждэг, байнга ажил төрлийн холбоотой байдаг. Миний үгийг ч сонсдог. Гэхдээ нэгэнт Үндсэн хууль дээр Үндсэн хууль зөрчсөн нь цэцээр тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах ёстой. Харин ч төрийн эрхийг авах гэсэн заалт руу орох юм бол өөрт нь хэцүү шүү дээ. Төрийн эсрэг хуйвалдаан олон жилийн ялтай байдаг. Зориуд ингэж үзэж бид Үндсэн хуулинд ийм заалт оруулж өгч байсан юм. Үндсэн хуулиар тогтоогдсон зөрчлийг одоогийн УИХ, шинээр томилогдох УИХ-ын дарга, дэд дарга биелүүлэх нь үү, үгүй юу гэдгийг бас хараад сууж байгаа шүү. Үүнийг УИХ-ын 126 гишүүн анхаарах хэрэгтэй.


МАН-ын Онц их хурал хуралдсан тохиолдолд ямар бодит үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа вэ?


Би яриандаа бараг хэлчихлээ дээ. Үндсэн хууль зөрчсөн, хууль зөрчсөн бохир, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээсээ МАН даруйхан салаасай. Тэгж байж нам цэвэршинэ. Нам цэвэршихгүй бол төр цэвэршихгүй. Хамгийн сэтгэл дундуур байгаа нэг зүйл бол шүүх засаглалын байгууллагууд. Шүүх засаглал гэж Үндсэн хуулинд Дээд шүүх, прокурор, АТГ, цагдаагийн байгууллагуудыг оруулсан. Эдгээр байгууллагуудын өөрсдийнх нь буруу гэхээсээ илүү хууль эрхзүйн хувьд сайн хийж өгөөгүй юм байна.


Нэг хэргийг л гэхэд 40-50 удаа хойшлуулж байна. Хэдхэн автобусны хэргийг хэдэн удаа хойшлуулав? Энэ нь шүүгчдээ биш, тэр хүний ажиллах хууль, эрхзүйн орчин нь онгорхой зайтай, муу хийсэн байна. Тэрийг нь засах ёстой. Энэ үүрэг УИХ-д байдаг. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх үед уг асуудлыг тавиач гэж хэлж байсан.


Гэр бүлийн шүүхийг нэгдүгээрт байгуулна гэж ярьж байна лээ. Энэ бол нэгдүгээр асуудал биш байх гэж бодож байгаа. Монгол гэр бүл бол дэлхийд нэр хүнд сайтай, ёсзүйтэй, уламжлалтай шүү дээ. Гэтэл авлигатай тэмцэх арга барил дээр шүүгчид эдийн засгаа сайн мэдэхгүй. Том компаниуд нь олон охин компанитай. Тэдгээр охин компанийн нэр нь хүнд тогтоогдхооргүй үг үсэг биччихсэн байдаг. Эрхзүйн орчныг нь УИХ хийж өгөх ёстой. Дээд шүүх, прокурор, цагдаагийн удирдлагуудыг суулгаж байгаад асуудлыг шийдвэрлэхэд ямар хуулийн өөрчлөлт хэрэгтэй байна гэдгийг нь асуух хэрэгтэй. Хууль санаачлах эрх нь байгаа шүү дээ тэдэнд. Зохих ёсоор нь өргөн бариад хууль гаргуулж болно шүү дээ.


Монгол Улсын иргэн бүрд хууль санаачлах эрх нь бий. Өргөн барих нь тусдаа. Гурван субьектдээ өгч болно. Тэр эрхээ эдлэхгүй байна. Монгол Улсад шударга ёс тогтохгүй 33 жил болж байгаа нь шүүх засаглалын байгууллагуудын эрхзүйн актыг дутуу хийсэнтэй холбоотой.


Хуйвалдах боломжийг нь олгоод байна. Хууль, прокурорын өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дотор хууль бусаар хөрөнгөжсөнгүүдийг нь шалгана гэвэл өдий төдий байгаа. Цөөхөн хүн амтай учраас бид мэднэ шүү дээ тиймээ. Үүнийг сайжруулахгүй бол хичнээн сайн УИХ-тай байгаад ч, хичнээн сайхан Засгийн газартай байгаад Монгол Улсад шударга ёс тогтохгүй.


МАН-ыг 300 гаруй мянган гишүүнтэй, Ардчилсан Нам 200 гаруй мянган гишүүнтэй гэж ярьдаг. Энэ талаар зарим улстөрчид намын хатуу гишүүнчлэлийг болиулах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхгүй бол нам дагасан сүрэг бий болчихлоо. Улс орны хөгжил ч үүнээс шалтгаалаад хойш татагдаад байна гэх боллоо. Бас зарим улстөрчид МАН-ыг татан буулгаад, шинээр эхлүүлье. Тэгж байж улс цэгцэрнэ гэж ярих болсон. Та намын хатуу гишүүнчлэл дээр ямар байр суурьтай байдаг вэ? МАН-ыг татан буулгах гэдэг дээр ямар үзэл бодолтой явдаг вэ?

 

Нэгдүгээрт, гишүүдийн тоонд би бүрэн итгэдэггүй. Цахимжуулаад бүртгэж байгаа нь арай дээрдэж байгаа юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт, ер нь дэлхийн жишгийг харахад аль ч улс оронд нам гэдэг нь тухайн улс орныхоо эрдэм номтой, мэдлэгтэй, ажил амьдралын туршлагатай хүмүүсийн үзэл бодлын нэгдэл шүү дээ.


3 сая 600 мянган хүний 200 гаруй мянга нь сонгуульд ирээд бүх асуудлыг шийдэх үү? Тийм боломж ч байхгүй шүү дээ. Тийм учраас ард түмэн өөрсдийн төлөөний хүмүүсийг сонгож, УИХ-ыг бүрдүүлж төрөө бариулж байгаа юм. Уг нь эд нар ард түмний элч байхгүй юу. Үндсэн хуулинд тэгээд заачихсан.


Гэтэл ард түмний элч биш, намын төлөөлөл бодоод хувирчихсан. Өнөөдөр Ардчилсан намын гишүүд цуглаад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёуланг нь огцруулхаар тогтлоо гэж ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Учир нь Баянхонгор аймгийнхан дунд Г.Занданшатарыг, Говь-Алтай аймгийнхан дунд ч Д.Амарбаясгаланг аваад үлдчих юмсан гэж бодсон хүмүүс бий байх. Ард түмний өмнөөс, өөрийг нь сонгосон хүмүүсийн өмнөөс УИХ дээр үгээ хэлэх боломжгүй байна шүү дээ. УИХ-ын дэг дээр ч Үндсэн хууль зөрчсөн заалтууд байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж Үндсэн хуулинд байдаг шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулаад халдашгүй байдлын дэд хороо байгуулчихсан.


Бид халдашгүй байдал гэдгийг Үндсэн хуулинд анх бичихдээ УИХ-ын чуулганы, байнгын хорооны хурал дээр үг хэлэх боломжийг хаах юм бол энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байна гэж үздэг байхаар оруулж байсан. Ардчилсан намын жишээ энэ халдашгүй байдалд халдаж байгаа юм.


Намын бүлгээсээ эсрэг санал өгч болно биз дээ? Үүнийг би өөрийн амьдрал дээрээ үзсэн хүн. 2000 онд оруулсан өөрчлөлтийг 1999 оны намар намын бүлэг дотроосоо ганцаараа эсэргүүцэж байсан. Санал өгөхөд дөрвөн хүн намайг дагаж түдгэлзэж байсан юм. Бүлгээсээ өөр санал өгч болж байсан байгаа биз. Гэтэл одоо бүлгийн саналаас өөр санал өгвөл манай намын хяналтын хороо хөөх нь байна шүү дээ. Ардчилсан нам ч хөөж байсан. Нэгдүгээрт, энэ бол УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нам халдаж байгаа юм.


Хоёрдугаарт, төрийн эрхийг ард түмэн биш нам удирдаж байгаа гэсэн үг. Намыг бүр үгүйсгэж байгаа юм биш. Нам төлөвшсөн, ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг хүчнүүд байх ёстой. Төлөвшсөн төлөөлөл байх ёстой. Хоёр дахь гол дутагдал нь манай сонгогчид дээр байгаа.


Сонгогчид тийм хүнээр УИХ-ын гишүүнээ сонгож чадахгүй байгаа. 50 мянга, 100 мянган төгрөг өгчихвөл, мөнгөтэй байгууллага хэдэн сая төгрөгөөр дэмжчихвэл дараа нь идэж уудаг хаалга нь нээгдэж байна шүү дээ. Энэ бол их холын уршигтай. Үүнийг хоёр танхимтай парламенттай болж байж энэ дутагдал засагдана. Өөр байдлаар засагдахгүй. Дээд шүүхийн даргыг, прокурорыг, ҮХЦ-ийн гишүүдийг АИХ нь томилдог байх юм бол ингэж зөрчсөн тохиолдолд улсын доод хуралд дор нь дээд хурал нь арга хэмжээ авдаг. Би өөрөө тэгж арга хэмжээ авч байсан АИХ-ын дарга. Амьдралын үнэнийг ярьж байгаа болохоос динозавр болоод байж байгаа юм бишээ. Намайг зарим залуучууд динозавр гэж шоолж байна гэсэн. Динозавр ч хэрэг болно. Ясаар нь бид нэлээн мөнгө олж байгаа биз дээ? Миний толгойноос мөнгө олж болно шүү дээ. Үүнийг би зориуд танай Sonin.mn сайтаар дамжуулж хэлье.


Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.




 Ярилцсан М.Чойжал