sonin.mn


Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс их уншдаг. Муугүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Үргэлжлүүлье.


Заавал дэлхийн III дайн энэ тэр гэж нэрлэх хэрэг байна уу? Оросын дэгдээсэн дайн дэлхийн дроны, гибрид, зөөлөн хүчний дайн болж хувираад байгааг заавал III дайн гэж дугаарлах хэрэг байна уу? “Ах нар” заавал ялж байх ёстой гэсэн фанатууд манайхны дунд мэр сэр байдаг ч яг үнэндээ Орос нь Украины фронт дээр лав хүн хүч, зэвсэг техник, ар тал, хангалт үйлчилгээний гээд бүх үзүүлэлтээр шившгийн ялагдал хүлээж байна. Технологийн өрсөлдөөнд дрон, нисэгчгүй онгоцны үйлдвэрлэл хэрэглээгээр Орос илт хоцрогдож байна. Өөдлөх нь юу л бол.

 

Баримт. Bloomberg: Украин нь одоогоор жилдээ 4 сая орчим дрон үйлдвэрлэж байна. Энэ нь НАТО-гийн бүх гишүүн орнуудын дроны үйлдвэрлэлийг нийлүүлснээс өндөр байх магадлалтай.


Жишээ нь НАТО-гийн голлох гүрэн АНУ гэхэд л жилдээ цэрэг-дайны зориулалт бүхий 100 мянган дрон үйлдвэрлэдэг. 2022 онд Орос халдаж ороход Украинд дрон боловсруулж үйлдвэрлэдэг ердөө 10-хан компани байсан бол одоо 500 хүрсэн. Тэд бүх төрлийн дрон үйлдвэрлэж, заримыг нь экспортонд гаргаж байна.Украины дроны цэргийн командлагч “Мадяр” хочит Роберт Бровди дроноор байлдсаны “гайхамшиг”-ийг ингэж ярьжээ. Нэгэн тулалдаан биш, нэг хэсэг тулалдаан бололтой. Тэрээр: Бид 27 хүнээ алдсан. Үүний хариуд бид 24 895 орос цэрэг болон 76 950 зорилтод байнуудыг устгасан, харьцаа1:1000. Энэ бол бүрэн зэвсэглэсэн армийн 2 корпустай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл манайх нэг хүнээ алдахад тэд 1000-ыг алдсан байна. Тийм ээ, бид ч бас дроны армитай болох хэрэгтэй. Орчин цагт гинжинд тарж гүйдэг тэнэг тактик хол явахгүй. Харанхуй шөнөөр давшаад ч нэмэргүй болсон. “Бид монитор, табын өмнө зэвсэг биш “хулгана” атгаад тэмцэж чадах авхаалж самбаатай, гар толгой хоёр нь зэрэг ажилладаг цахимд мэргэжсэн залуусыг хайж байна” гэсэн зар түгээсний дараа 7-хон хоногт 5000 өргөдөл хүлээн авсан. Нийт ажлын байр 15 мянга байгаа гэжээ.

 

Украины сөнөөгч дрон хөгжлийн ямар түвшинд очсоны ганцхан баримт нь орон сууцны барилга руу оросын “шахед дрон” мөргөхөөс нь ердөө нэг секундын өмнө сөнөөж чадсан явдал юм. Магадгүй хэдэн зуу, адаглаад хэдэн арван украин хүний эрдэнэт амь аварчээ.

 

Өөр хоёр гурван баримт. Их хөгжүүлбэл Орост өөрт нь тун халгаатай тухай баримт. ОХУ-ын Кострома мужийн Волгореченск хотод хамгийн хүчирхэг станцуудын нэг болох Костромын цахилгаан станц украины дроны довтолгоонд өртжээ. Тэр станц Оросын төв бүс нутгийн үлэмж хэсгийг цахилгаанаар хангадаг, бас батлан хамгаалахын онц чухал ач холбогдолтой аж үйлдвэр, байгууламжийг эрчим хүчээр хангадаг байсан нь саатжээ. Саатал Орост том дарамт гарлага авчирчээ. Саяхны ганц шөнө Украины тусгай ажиллагааны хүчнийхэн Крымын Гвардейск дэх “Гвардейская” нефтийн агуулахад цохилт өгчээ. Танк болон нефтийн бүтээгдэхүүн ачсан вагон цистерн тээвэрлэж явсан хоёр галт тэрэгний цуваа сүйрчээ. Украины тусгай ажиллагааны хүчний дронууд Донецк мужийн цэргийн аэродром дахь “Герань-2” баазад нь оросын шахед дроны агуулахыг дэлбэлжээ. Тэнд 1000 хүртэлхи тооны шахед дрон, 1500 гаруй байлдааны нэгж хэсэг байсны сацуу түлшний агуулах, дрон хөөргөх байгууламжууд бүрэн шатаж, эрчим хүч, холбооны систем нь гэмтэж, оросын давшилтад бөөн гай тарьжээ.

 

Одоо ид үхэлдэн алалдан байлдаж буй Покровск хот дотор украины батлан хамгаалах хүчнийхэн оросуудыг байр байшин, орц хонгил бүрт илрүүлж, устгаж цэвэрлэж байгаагийн сацуу оросын нисэгчгүй онгоц-дроны багийнхныг илрүүлж устгахад онцгой анхаарч байгааг “Восток” хүчний бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Украинд америкийн зэвсэг худалдан авах “Ukraine Prioritized Requirement List” гэх санаачилга эрчимтэй урагшилж байна. АНУ-ыг хөдөлж ядаж байх хойгуур Томагавк далавчит пуужингаас дутахгүйгээр барахгүй илүү хол тусгалтай Фламинго пуужингаа зэвсэглэлдээ орууллаа. Украины түнш орнуудаас дээрхи санаачилгын хүрээнд цуглуулж авч нөөцөлсөн мөнгөний дүн хэдийнээ 2.8 тэрбум долларт хүрсэн, энэ нь Украины зэвсэгт хүчнийг бэхжүүлэх “Америкийн 5 багц зэвсэг” бүрдүүлэхэд хүрэлцэхүйц болжээ.


Сүүлчийн шинэ мэдээ. Эстон улс оросын нисэгчгүй онгоцуудыг устгах бичил пуужин бүтээжээ. “Марк 1” пуужинг батлан хамгаалахын “Frankenburg Technologies” компани бүтээсэн бөгөөд тэр нь ердөө 65 см урт, 2 км дотор бай устгана, эхний зэвсгүүдээ Украинд өгч туршуулна хэмээн “The Telegraph” мэдээлжээ.

 

Хариуд нь Орос хөгөө чирч байна. Оросын нутаг дэвсгэр тэр чигтээ Украины дроны довтолгооны ил задгай тавцан болсон тул бүх Орос даяар “резервист” гэгчдийг хуу татаж, 15 өдөр сургуулилаад 45 хоног дэд бүтцүүдээ хамгаалуулах эргүүл харуулын ажилд дайчлах гэж байна.


Ингэснээрээ Орос орон тэр чигтээ бүслэгдсэн хаалттай цайз бэхлэлт болох ба Кремлийнхэн болзошгүй үймээн самуун, бослого тэмцэл, дургүйцлийг өөрсдөөр нь даруулах шинэ төрлийн зэвсэгт хүчинтэй болохоор байна. Дэглэмээ аварч үлдэхийн тулд бүслэгдсэн цайзын түүхээ сэргээж дээ. Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Дайныг ялалтаар дуусгах тухай, Барууны орнуудыг пуужиндаж сөнөөх тухай Оросын улс төрчид, суртал нэвтрүүлэгчдийн яриа мэдэгдэл бол инээдэм онигоо болж дууслаа. Цаана чинь дроны их дайн өрнөж байна. Орос яаж ч чадахгүй аргаа барж байна.   


Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)