sonin.mn

XX зууны геополитикийн хамгийн аймшигтай сүйрэл бол Зөвлөлт Холбоот Улсыг байгуулсан явдал мөн


Леонид Парфенов (Намедни. Наша эра. 1931-1940” ном) ХХ зуунд ингэхэд дэлхийд хэдэн ертөнц байсан байж таарах вэ гэх маргаантай асуудал бий. Хоёр байсан нь гарцаагүй, гуравдагч хэмээн байсан нь ч бас гарцаагүй, харин дөрөв дэх гэж байсан уу гэдэгт олон улсын харилцааны түүхчид өнгөөр ялгасан ийм схем гаргажээ.

 

1)Нэг дэх ертөнц буюу олон улсын харилцааны “Цэнхэр туйл”. Энэ нь тухайн үеийн капиталист ертөнцийн аж үйлдвэржсэн капиталист орнууд;

2)Хоёр дахь ертөнц– олон улсын харилцааны “Улаан туйл”. Аж үйлдвэржсэн, төрийн хүнд сурталт, тоталитари коммунист орнууд;

3)Гурав дахь ертөнц– олон улсын харилцааны “Ногоон туйл”. Ихэнхи нь ядуу буурай орнууд, эдэн дотроо ялгарах нь ОПЕК-ийн орнууд; 

4)Дөрөв дэх ертөнц– олон улсын харилцааны “Шар/Алтан туйл”. Зүүн ба Зүүн өмнөд Азийн шинээр аж үйлдвэржсэн орнууд гэхчлэн.

 

Энэ бол 1980-аад оны дэлхийн хуваагдлын дүр зураг. “Улаан туйл” энерцээ алдаж, сульдаж, онол нь мухардаж, харин ч коммунистуудгүйгээр баялаг бүтээж болдогийг “Азийн барууд” бүтээгээд нотолчихсон, коммунистууд бол нийгэмд хамгийн хорлонтой амьтад, чөдөр тушаа гэдгийг “Цэнхэр туйл” нь хуульчилчихсан, “Ногоон туйл” нь хэт солонгорсон байдалтайгаар түүхээ өнгөрүүлж байв. Дашрамд дурдахад тухайн цагийн БНМАУ маань энэ туйлуудын хаана байрлаж байсан, одоогийн Монгол маань гурав, дөрөв хоёрын алинд байршиж болохыг уншигчид мэргэн ухаандаа тунгаах биз ээ.

 

Зургаа. Хөгжилд хөтөлсөн Октябрь

 

Октябрийн хувьсгалын үр дагавар–гай зовлонгоос гадна нэг гол үр дүн–хөгжлийн төлөө өрсөлдөөн уралдааныг түргэвчилсэн их хүчин зүйлийг нь үгүйсгэж болохгүй. Октябриар түүчээлсэн зуун бол хөгжлийн зуун байсан ба энэ зуунд дэлхийн хөгжингүй орнуудад хүн ам түүхэнд байгаагүйгээр хурдан өсч, хоёр дахин нэмэгдсэн нь үйлдвэрлэх хүчний хөгжлийн гол нөхцөл болсон юм. ХХ зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон. Хөгжлийн формац шинэчлэгдсэн. 


Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болжээ. Дэлхийд эдийн засгийн гурав дахь хувьсгал ХХ зууны II хагаст өрнөж, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчилжээ.


Энэ бол мэдээллийн аж үйлдвэрийн хувьсгал байв. Аж үйлдвэрийн эхний хувьсгал бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британид өрнөж, XIX зуунд АНУ-д нефть олборлож эхэлснээр үүссэн аж үйлдвэрийн II хувьсгал дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлсэн бол гурав дахь хувьсгал нь дэлхийн коммунист эвслийг хөлдөө чирч, эцэст нь сульдааж унагажээ. Дэлхийн хоёр их дайн бол ангийн тэмцлийн агуулгаасаа илүүтэй дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм. Октябриас улбаатай олон улсын харилцааны нэгэн шинэ үзэгдэл бол Үндэсний-төрт улсуудын (Nation-State) үүсч төлөвшсөн түүхэн үе шатууд юм.

 

 Долоо. Нэг зуун сая хүний амь

 

“Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” ("Comrades!: A History of World Communism") хэмээх ном эдүгээ их алдаршсан. Оксфордын их сургуулийн дэргэдэх Ариун Антониа коллежийн профессор, Орос-Зөвлөлтийн түүхч Роберт Сервис тэрхүү номыг зохиожээ. Октябрийн үзэл санааны тугийн дор социализм, коммунизмын үйлдсэн яргалал, дарангуйллын баримтууд тэр номд ярайтлаа байна. “100 сая” гэх шинэхэн баримтыг тэр номоос олж үзэж болно.


Хориод жилийн өмнөх үйл явдал: АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш (2000-2008 онд төр барьсан) коммунизмд хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг Вашингтон хотноо нээхдээ 100 сая хүний амиар тэр нийгэм боссон гэх айхтар тоо гаргаж иржээ. Хөшөөний нээлттэй давхцуулан түүхч Р.Сервис “Коммунизмын аймшигтай ургац” гэсэн гарчгаар Los Angeles Times сонины 2007 оны 6 дугаар сарын нэгэн дугаарт сонирхолтой, шинэлэг өгүүлэл бичсэн ба мөн тэр үед The Guardian сонинд “Коммунизмын хий сүүдэр хэнийг түгшүүлнэ вэ?”, The Wall Street Journal сонинд “Хараал идсэн коммунизм” гэхчлэн нийтлэл хэвлэгдэж нөгөө “100 сая” гэгчийг олон талаас нь нотлож байв. Ингэхэд энэ 100 сая юун тоо билээ? Америкийн төрийн тэргүүн, барууны эрдэмтэд, хэвлэлийнхний үзэхээр бол ХХ зуунд коммунист дэглэмүүд 100 сая хүн ардыг золиос болгон устгасан баримт ажээ.


Яг 100 сая хүн алуулсныг нарийвчлан тоолсон нь юу л бол, гэхдээ дөхүүлсэн гэж америкийн хэвлэлүүд бичдэг. Үнэндээ ч Зөвлөлтийн ГУЛАГ, Хятад, Хойд Солонгосын хөдөлмөрийн колониуд, Камбожийн ширэнгэ, Боснийн ой дотор хичнээн хүн ясаа тавьсныг мэдэх хүн дэлхийд байхгүй.


Алуулснаас гадна цөлөгдсөн, олон жил хоригдсон, өмчөөсөө салсан, эр нөхөр, эцэг эхээ дагаж хэлмэгдсэн, ер нь л амьдралаа бусниулгасан гэвэл тэрбум хүн өлхөн хэмээн “Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” номын нэг хуудсан дээр дурайж байх юм. Энэ дүгнэлтээ нотлох мэт цаазлуулсан, цөлөгдсөн, хоригдсон, II дайнд алагдсан, мөн 1944-1956 оны Латвийн партизаны дайны үед, 1956 оны Унгар, 1968 оны Чехословакийн бослогын үед алагдсан гэхчлэн нарийвчилсан маш олон статистик тоог хүснэгтээр хавсаргажээ. Тэрхүү 100 сая гэдэг дээрээ өрнөдийнхөн өнөөдөр ч хатуу зогсож байна. Октябрийн 100 жилийн ойгоор 2017 онд Цагааны ордны сайтад коммунизмд хэлмэгдэгсдийн үндэсний өдөрт зориулсан албан ёсны илгээлт тавигдаж байв. Өнгөрсөн 100 жилд коммунист тоталитари дэглэмүүд дэлхий даяар 100 сая хүн алсан, үй олон хүнийг дарлаж, хүчирхийлж, үзэж сонсоогүй муухай аргаар хэлмэгдүүлсэн хэмээн тэнд бичсэн байсан. Түүхэндээ ХХ зууны Зөвлөлт Орос, СССР шиг өөрийн ард түмэндээ ийм хэрцгий, тэгтлээ удаан хандаж байсан төр улс Маогийн Хятад, Кимийнхний Хойд Солонгос, Полпотын Кампучиас өөр олныг нэрлэхгүй. Энд удаан хугацаагаар гэдгээр Орос орон толгой цохино гэсэн байх юм.

 

Зөвлөлтийнхний оролцоотойгоор Монгол, Дорнод Европ, Куба, Вьетнам, Афганистан, мөн Африкийн олон арван оронд алагдсан ба сураггүй болсон, золиослогдсон хичнээн сая хүн ард байсныг одоо тооцох боломжгүй юм.


Манай Монголд гэхэд л төр нь оролцож, төрийн машин яргалал үйлдсэн 1930-1940-өөд он бол Бушийн нэрлэсэн 100 саяын ердөө өчүүхэн хэсэг нь шүү дээ. 1932 оны ардын бослого, “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү Ёнзон хамбын”, “Цагаан, Бароны үлдэглэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт-Артурын хэрэг” гэхчлэн хядлага өрнөсөн үе бол Бага хаадын үе, Манжийн үе, Богд хаант Монгол улс гээд өмнөх түүхийнхээ  бүх үетэй нь харьцуулбал аллага тоо, чанарын хувьд дэндүү хол давсан, дэндүү цөөхүүлээ монголчуудын хувьд яалт ч үгүй коммунист геноцидын жилүүд гэж үзэхээр. 1940-өөд оны хүн амын тооллогоор хагас сая хүн ам тоологдсон гэж үзэхэд хилсээр шууд алагдсан 40-50 мянга, хөөрхийлөлтэй хоцорсон тэдний ар гэрийнхэн гэвэл монголын 5 хүний нэг нь тэр геноцидын золиос болсон байх юм.

 

Дайны талбарт бус, улс төр, үзэл суртлын зорилгоор, массаар нь гэсгээн цээрлүүлэх авантюрын зам зөвлөлтүүд сонгон авч, нийгэм-эдийн засаг, хүний нөөц, моралийг бүхэлд нь бусниулсан хэмээн эдүгээ ОХУ-д эрүүл саруулаар дүгнэж, гол буруутан нь энэ гүрний тухайн цагийн төр, төр ба гүрнийг залж чиглүүлсэн ЗХУКН гэж үзэж байгаатай санал нэг байна.


“СССР-ийн бүх түүх бол тэр чигтээ битүү террорын түүх” хэмээн opocын профессор, философич, түүхч Игорь Чубайс 2017 онд 100 жилийнхээ ойг дүгнэснийг ч хоосон чалчаа мэдэгдэл хэмээн үзэхээргүй. Октябрийн хувьсгалын ойг эх орон Орост нь эдүгээ “Октябрьский военный переворот” (Аравдугаар сарын цэргийн эргэлт) хэмээн нийтээрээ нэрлэж ямар нэгэн баяр ёслол албан ёсоор зохиогдоггүй, харин ОХУКН Улаан талбайд цуглаан хийдэг уламжлал тогтсон. Opocын өөрийнх нь сайтуудад “Столетие ужаса” (Аймшгийн зуун жил) гэж нэрлээд тусгай булан гаргачихсан байснаа Украины дайны өнгөн дээр татаад авчихсан бололтой. Жил бүрийн 11 дүгээр сарын тэр өдрийг 1996-2004 онд “День согласия и примирения” (Зөвшилцөл, эвлэрэлийн өдөр) гэж нэрлэн нэг өдрийг амралтын өдөр болгож байснаа 2004 оноос “День народного единства” (Ардын эв нэгдлийн өдөр) гэх баярын өдөр болгожээ.


Найм. Октябрийн үзэл санааны нуралт

 

“Хүйтэн дайн”-ы нэг зохиогч Зөвлөлт гүрэн Михаил Горбачевын өнгөн дээр өөрөө түрүүлж буулт хийснээрээ геополитикийн дараагийн их эрин үе буюу олон улсын харилцааны Мальта-Беловежийн системийг (1989-2001 он) буй болгосон. Олон улсын харилцааны нэг хүчтэй туйл СССР хэмээх эзэнт гүрэн “Хүйтэн дайн”-даа ялагдсан. Түүхэн шоглоом эцэс болсон.


Ялагдлын логик нь: Октябрийн үйлсийн тэр их алдар гавьяа нь ялагдлын хөрсийг буй болгосоор болгосоор, тэр нь тэлсээр тэлсээр 70 жилийнхээ дараа вертикаль иерархи системийг нь нурааж, Берлиний хана нурж, дараа нь цэрэг-улс төрийн эвсэл Варшавын Гэрээ нь тарж, эцэст нь СССР өөрөө задарснаар АНУ тэргүүтэй Өрнөд буюу атлантизм коммунизмыг ялж, хүчний харьцааны ганц туйл XXI зуун руу дэлхийг хөтөлсөн билээ.

 

Өнөөгийн Оросын ард түмний туулж буй адармаатай зам, Украинд явуулж буй бүтэлгүй дайн, Оросын эдийн засгийн хямрал, олон санкцууд, олон улсын нэр хүндийн уналт нь Октябрийн үйлс улс орныг нь, хүн ардыг нь сүйдэлсэн гэдэг дүгнэлттэй бүрэн эвлэрэхгүй байгаагийн л уршиг байж болох юм.


Хуучин СССР-ийн гишүүн улсуудтайгаа (Оросоос гадна 14 улс) таарамж муутай, цаадуул нь хүнийссэн буюу дайсагнасан, холбоотон гээд байгаа нь тууштай биш, ямар нэгэн ашиг сонирхлоор түр холбогдсон, Өрнөд Европ, Өрнөд ертөнцөөс Орос улам бүр зааглагдсан, тэр тоолондоо НАТО-г дайснаа гэж харддаг, Хятадаас өөр олигтой хань нөхөр байхгүй, олон улсын харилцаанд холбоотон ба шударга ёсны эрэлд гарчихсан, ийм л Орос орон өнөөдөр Октябрийн хувьсгалынхаа 108 жилийн ойг угтаж байна. Түүхийн шоглоом!

 

Ес. Дүгнэе

 

Дэлхийн түүхнээ хүн төрөлхтөн маш олон хувьсгалтай нүүр учирч, тулж, туулж өнгөрүүлсэн бол тэдгээр үйл олон хувьсгалуудаас Октябрийн хувьсгал шиг уршиг тарьсан, ноцтой ул мөр үлдээсэн, бүтэн зуунаар түүх бичсэн хувьсгал өөр нэгээхэн ч эн зэрэгцэн бичигдсэнгүй. XXI зууны Октябрийн тугч нь хэн бэ? Орос өөрөө, цаашаанаа Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнам, Лаос, Венесуэл гэж нэрлэх хүн олон буй. Хятадаас бусад дээр ач холбогдол өгөх нь ч бас олон бус. Цаг зуурынх гэх байх. Октябрийн үзэл санааны хувьсгагч их хүчний дор Хятадын ардын хувьсгал ялсан. Маогийн сонгож авсан зам бол 1917 оны большевик Оросын зам байсан. Тэр зам Мао Зэдуны үзэл санаа гэх нэрээр Хятадын онцлогтой социализм гэгддэг байсан ч олон зуун сая тариачны нийгэм дээр суурилсан төрийн хүнд сурталт, тоталитари, коммунист хэв шинжийг удтал агуулж, Сталины үед СССР-т хэрэгжсэн туршилтуудыг хуулбарлаж, троцкист маягийн үргэлжилсэн хувьсгалын (“Их үсрэлт”, “Coёлын хувьсгал” гэх мэт) онол руу хальтарч, харин Дэн Сяопины өнгөн дээр алдаануудаа засч, төрийн капитализм бүхий зах зээлийн социализм дээр баттай зогссон, амжилт ч олсон. Харин одоо ямар байна вэ? Октябрийн үзэл санаанаас үлдэж хоцорсон зүйл Хятадад байна уу? 

 

ХКН-ын XIX их хурлын (2017 он) илтгэлд дурайтал биччихсэн байна. Социалист Хятад орон энэ зууны төгсгөл гэхэд ангийн үзэл суртлаа бүрэн гээх юм байна. XXI зууны эцэс гэхэд Хятад улсын биелүүлэх зорилтод шинэ томьёолол орууллаа. Өмнө нь дэвшүүлж байсан “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлоор давамгайлсан, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэснийг “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлоор давамгайлсан, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” гэж өөрчилжээ. “Социалист” гэх тодотголыг аваад хаячихаж?



Д.Баярхүү