КАРАКАС. /VOA/. Венесуэлийн зүүн хэсэгт орших Амазон мужийн хорих ангид засгийн газрын тусгай хүчний цэргүүд үйл ажиллагаа явуулж нэг шөнийн дотор 37 хоригдлын амийг хороосон гэж тус мужийн захирагч мэдээллээ. 
 
Эмх замбараагүй байдал газар авсан тус орны засаг захиргаа хорих ангиудыг гартаа авахын тулд хүч түрэмгийлсэн харгислал үйлддэг, мөн хоригдлууд автомат буу, гар хийцийн гранат хүртэл эзэмшдэг болсонд хүний эрхийн төлөө тэмцэгчид үргэлж гомдол гаргасаар ирсэн билээ.
 
Хүн хүч дутмаг хорих ангиудыг буцаан эрх мэдэлдээ авахын тулд засгийн газрын зүгээс тусгай хүчний цэргүүдийг байнга илгээдэг бөгөөд тэр болгонд олон хүний амь эрсэдсэн тулаан болдог байна. 37 хүн амиа алдсан гэж мэдээ өгсөн Амазон мужийн захирагч Либорио Гуарулла “Үй олноор нь хүмүүсийг хөнөөсөн. Шарил хадгалах газар хүний цогцосоор дүүрчихээд байна” гэж тус мужийн нийслэл Пуэрто Аяакучо хотын хорих ангид шөнө дунд болсон үйл ажиллагааны талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
Засгийн газрын мэдээг дамжуулдаг Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн яам энэ талаар мэдээ авах хүсэлт явуулсан боловч хариу өгөөгүй байна. 
 
Венесуэль улс нь дэлхийн хамгийн харгис орнуудын нэг бөгөөд хоригдлууд нь хорих ангийн өрөөнөөсөө хүн хулгайлах, хулгай дээрэм хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг