sonin.mn


Монгол Улсын Морин хуурын чуулгын 20 жилийн ойн босгон дээр Монгол Улсын гавъяат жүжигчин, Ардын жүжигчин, профессор, тус чуулгын ерөнхий удирдаач Цэндийн Батчулуунтай уулзаж ярилцлаа.



-Юуны өмнө танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс ойн баярын мэнд хүргэе!

-Баярлалаа. Энэ дашрамд “Ган зам" сониноор дамжуулан төмөр замын ажилтан, албан хаагчдад Морин хуурын чуулга байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг уламжилъя. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан түүхтэй. 1992 он гэдэг Монгол Улсын нийгэм, эдийн засаг өөр тогтолцоонд шилжиж байсан түүхийн бас амаргүй цаг үе байсан даа.

Дэлгүүрүүдийн лангуу хоосон. Урлагийн газрууд үүд хаалга барьж, олон сайхан уран бүтээлчид үндсэн ажлаасаа хөндийрч сургууль соёлд багшлах зэргээр тайзнаасаа бууж байсан хүнд цаг үе. Тийм хүнд үед эрүүл саруул ухаантай эх орноо, эх түүх, урлаг соёл, өв уламжлалаа боддог сайхан хүмүүсийн ач буянаар Морин хуурын чуулга байгуулагдсаныг энд онцолмоор байна.



-Тиймээ, тэр үед би хэдийгээр хүүхэд байсан ч цаг үе ямар байсныг тодхон санаж байна. Таныг ингээд хэлэхээр бүх зүйл тарж бутарч байсан үед танай чуулга харин эсрэгээрээ нэгдэж нийлж, үүсэн байгуулагдаж байсан гэхээр содон дуулдаж байна. Магадгүй Монголчууд морин хуурыг бараг бурхан шүтээнтэйгээ адилтган хүндэтгэж үздэгтэй холбоотой юм болов уу?

-Тэгэлгүй яахав. Монголчууд эрт дээр үеэсээ морин хуур хөгжмөө гэрийнхээ хойморт залж, буурь сэлгэж, өвөлжөө хаваржаа намаржаандаа буух үедээ хамгийн түрүүний ачаа тээшиндээ авч явдаг байсан. Шинэ газар буучихаад гэрийнхээ тооноор морин хуураа гаргаж хийморио сэргээдэг ард түмэн шүү дээ. Тэр ч утгаараа үеийн үед хуурчдаа дээдэлж хүндэлж явсан түүх байдаг юм билээ.

Монголын нууц товчоонд Чингис хааны үед Аргусан хуурч гэж гардаг. Дараа нь автономит засгийн үед Завханы Жигжидшатар гэж мундаг хуурч байсан гэдэг. Сүхбаатар аймгаас төрсөн Дамдинбазар гэж төрийн их хуурч байсан түүх бий. Ардын хувьсгалын үед Түдэв, Түвдэн гээд том хуурчид байлаа. Ардын хувьсгалаас хойш шинэ соёл урлаг хөгжих явцад ч Жамъян, Буян, Цэдэн гэсэн алдартай хуурчид төрж байсан.


Ардчиллаас хойш 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат төрийн хан хуурыг залах шийдвэр гаргаж байсан. 1992 оны долдугаар сарын 9-нд (эвслийн) Засгийн газрын сүүлчийн хуралдаанаар Монгол Улсын Морин хуурын чуулгыг байгуулах тогтоол гаргаж байв. 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди морин хуурыг дээдэлж, дэлгэрүүлэх зарлиг гаргаж байсан бол 2003 онд Морин хуураа ЮНЕСКО-д Дэлхийн биет бус соёлын өвд Монгол Улсынхаа нэрээр бүртгүүлсэн гээд олон сайхан үйл явдлыг өнөөдөр эргэн дурсахад үнэхээр таатай байна. Бидний нэг бахархаж, бэлэгшээдэг зүйл бол шинэ ардчилсан “Үндсэн хууль”-тай манай чуулга нас чацуу юм.



-Хорин жилийн өмнө байгуулагдаж байсан тэр үеийг та жаахан тодруулахгүй юy? Чуулгын анхны уран бүтээлчид ямар хүмүүсээс бүрдэж байв?

-Тэр үед манай шавь нар бага байсан даа. Хамгийн бага нь наймдугаар анги, 14 настай хүүхэд. Хөгжмийн коллежийн дөрөвдүгээр курсийн 18-19- тэй л хүүхдүүд байсан. Хүний амьдралын хувьд 20 жил урт хугацаа, аливаа улс, аль нэг байгууллагын хувьд урт биш л дээ. Тэгэхдээ бид 20 жилийн ойгоо яагаад онцолж байна гэхээр ой тэмдэглэж баярлаад өнгөрөх гэсэн дээ биш. Өнгөрсөн хорин жилд бид юу хийв? Морин хуурын чуулга цаашид юу хийх, ямар байдлаар хөгжих вэ? гэдэг үүднээс энэ ойг онцолж байгаа юм.

 



-Чуулгынхаа уран бүтээлээс танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд манай уран бүтээлчид янз бүрийн ажил зохиож ирлээ л дээ. Ер нь, жилээс жилд манай чуулгын уран бүтээл өнгөтэй өөдрөг, үзэгч олонтой болж, үйл ажиллагаа нь ч өргөжиж байна. Чуулгынхаа төлөвлөгөөт уран бүтээлээс гадна манай зарим уран бүтээлчид хувийн уран бүтээл хийж, тэр нь үзэгч олноос өндөр үнэлгээ авч, олонд хүрч байгааг онцолмоор байна.

Тухайлбал, манай морин хуурч Н.Жигжиддорж өөрийн бие даасан CD-гээ гаргалаа. Төгөлдөр хуурч Д.Баярцэцэг багш “Хүсэл тэмүүллийн дуун” гэсэн морин хуурын таван концерт, манай шилдэг хөгжмийн зохиолч төрийн шагналтуудын бичсэн бүтээлүүдээр ном гаргалаа. Манай хөөмийч СТА Э.Сандагжав хөөмийн тухай ном гаргасан. Чуулгын дэргэдэх “Хулан” хамтлаг жил бүр Итали, Испани, Португали, Серби улсуудад Монголын урлагийг сурталчилж байлаа. Өнгөрсөн жил гэхэд морин хуур, хөөмий, уртын дуу, бие биелгээгээ бүртгүүлсэн.

Францын Парис хотноо очиж бусад урлагийн байгууллагуудтай маш том концерт тоглосон. Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблейн хурлын их танхимд тоглолтоо хийлээ. НҮБ Монгол Улсыг 1961 онд л тусгаар тогтносон улс гэдгийг нь хүлээн зөвшөөрч бүртгэж авсан. НҮБ-д бүртгүүлсний 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож тоглолтоо хийсэн.

Жаахан давруулж, хэтрүүлж хэлэх юм бол манай чуулгынхан нэг удаагийн тоглолтоороо дэлхийн 193 улс оронд Монголынхоо урлаг соёлын дээж, дуу хуурыг хүргэлээ гэж баярлаж бахархаж бодож байлаа даа. Ийм бахархалтай амжилтууд олныг дурьдаж болох байна. Морин хуурын чуулгын хувьд сүүлийн 15 жил буюу 1997 оноос хойш жил бүр нэгээс дөрвөн удаа Монголын соёл урлагийг дэлхийн алдартай танхимууд, театруудад тоглосон байна.



-Би хувьдаа танай чуулга байгуулагдсаны дүнд морин хуурыг дэлхий даяар мэддэг, сонирхдог болсон болов уу? гэж боддог.

-Баярлалаа. Морин хуурын чуулгыг өдий зэрэгтэй амжилттай яваад олон хүмүүсийн тус дэм бий. Тэдний нэг нь миний анд Нацагийн Жанцанноров. Жанцанноров маань андын хувьд, нөгөө талаар Монголын урлаг соёл, хөгжмийн урлагийн том зүтгэлтний хувиар, мөн охин нь миний гарын шавь, манай чуулгын гишүүн. Тэгэхээр бас охиныхоо ажилладаг энэ байгууллагыг “хоолоор” хангахгүй бол болохгүй.

Уран бүтээл гэдэг бидний хувьд хоол шүү дээ. Тэр утгаараа Морин хуурын чуулгад олон сайхан бүтээл хийж өгсөн. Тэр, морин хуурт зориулсан бүтээлүүдээрээ Монгол Улсын төрийн хошой шагналтан болсон. Тэгэхээр манай чуулгынхны амжилтад энэ хүний уран бүтээл, тус дэмжлэг бас их бий гэдгийг хэлмээр байна.
Таны хэлснээр морин хуур дэлхийд танил, сонирхлыг нь татсан хөгжим гэдэг үнэн.

Үүний нотолгоо нь морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш их олон орон сонирхож байна. 2008 оноос гурав дахь удаагаа дэлхийн Морин хуурын олон улсын симфозиум, фестиваль, конкурс Монголд уламжлагдан зохиогдож байна. Анх дөрвөн улс оролцож байсан бол гурав дахь удаагаа БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Герман, Америк гэх мэт найман орноос  оролцож байна.

Цаашид ч морин хуур олон оронд хөгжих хандлагатай байгаа. Манай чуулгаас морин хуурыг сурталчилах, дэлгэрүүлэхэд чиглэгдсэн ажил хийдэг. Жишээ нь, Морин хуурын чуулга дэргэдээ “Хуурчийнхан” гэдэг морин хуурын сургалтын төвтэй. Энэ төвөөр олон хүмүүс суралцдаг. Манай сургалтын төвийн салбар АНУ-д бий. Манай чуулгад ажиллаж байсан Уртнасан гэдэг залуу онлайн сургалт явуулдаг.

Түүнийгээ патентлуулаад дэлхийн олон улс орны хүмүүст онлайнаар сургалт явуулж байна. Мөн Буриадад манай салбар төв байгуулагдсан. Ийм учраас бид өнгөрсөн 20 жилд манай чуулга боломжийн хэмжээнд явж ирлээ гэж дүгнэх гээд байна. Цаашид бидний ойрын болон хэтийн зорилго Монгол Улсыг түшсэн дэлхийн олон улсын морин хуурын чуулга, тэр битгий хэл найрал хөгжим бий болоосой гэж боддог. Тэнд тодорхой хугацаа, хөрөнгө мөнгө гээд их олон зүйл шалтгаална. Гэхдээ их сайхан ирээдүйг бид төсөөлж байна даа.



-Санаанаас гардаггүй сонин содон үйл явдал тохиолдож л байсан байх. Тийм үеийг дурсаач гэвэл...?

- 2008 оны долдугаар сарын 1-нд урлагийн байгууллагынхан, тэр дундаа Филармони, Морин хуурын чуулгынхан өртөж, хөгжмийн зэмсэг, хувцас зэргээр их хохирол амссан. Тэр үед маш олон хүн ирж, чин сэтгэлээрээ тусалж байсан нь бидний сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Эмээ, өвөө хоёр хүртэл сарынхаа тэтгэврийг авчихаад бидэнд дээжилж авчирч өгчихөөд буцаад явахдаа гэрээ олохгүй, автобусанд сууж чадахгүй манайхан хүртэл гэрт нь хүргэж өгч байсан түүх бий.

Зарим хүн биднийг зуны халуунд гадаа сууцгааж байхад цэвэр ус хүртэл бөөнөөр нь авчирч өгч байсан. Их олон хүний сайхан сэтгэл, итгэлийг бид тэр үед мэдэрсэн. “Юун сүртэй юм. Таван хүний амь үрэгдчихээд байхад хэдэн морин хуур юу юм” гээд улс төр хийж байсан хүн ч байж л байсан. Гэхдээ муугаасаа сайн нь олон байдаг хойно бид богино хугацаанд хөл дээрээ боссон.

Нэг жаахан хүүхэд талбай дээр цагдаа нарт хөөгдөн барин тоглолт хийгээд олсон мөнгөө бидэнд хандивлаж байсныг ч санаж байна. Ард түмний ийм сайхан сэтгэл, тус дэмийг яаж мартахав дээ. Тэр бүхэн бидний сэтгэлд хоногшиж үлдсэн. 20 жилийн хугацаанд бидэнд аз жаргалтай ч үе байсан. Бэрхшээл зовлон ч бий. Тэр бүгдийг бид хамтдаа даван туулсан.



-Та дээр хэлсэн дээ, манай хамтлагийг 14-19 насны хүүхдүүд бүрдүүлж байсан гэж. Тэр хүүхдүүд одоо бүгд “эрийн цээнд” хүрцгээсэн байх?

-Манай уран бүтээлчдийн давуу тал нь наймдугаар ангиас, дөрөвдүгээр курсын оюутнууд байсан бол одоо зуун хувь бакалавр, магистрийн зэрэгтэй хөгжимчид болсон. Гадаадад курс, сургалт, семинарт хамрагдаж, уран бүтээлчид маань өөрсдөө ч хөгжиж боловсорч байна. Манай хөгжимчид дотроос Д.Түвшинсайхан, Б.Шинэбаяр, Оюунтуяа гээд сайхан хөгжим найруулдаг, зохиодог авъяастнууд төрлөө.

Мөн менежментийн чиглэлээр Ж.Уугантуяа, А.Даваазориг, Л.Болормаа нар сайн ажиллаж байна. Мөн Адъяабазар, Болдбаатар хоёр маань Хөгжим бүжгийн коллежид багшилж байна. Мөн СУИС-д С.Батбаатар маань багшилж байна гэх мэтчилэн манайхан өөрсдөө сурах, ажиллахын хажуугаар янз бүрийн ажил хийж байна. Энэ юуг харуулж байна гэхээр Морин хуурын чуулга цаашид оршин тогтноход юу дутагдаж байна вэ, юу хэрэгтэй байна гэдгээ мэдээд өөрсдөө хийчихэж байгаа нь хамгийн бахархалтай.


Нөгөө талаар, манай хамт олны гэр бүл, ах дүү нар их сайхан дэмждэг. Энэ хамт олон нэг талаар гэр бүлсэг ч гэдэг юмуу, халуун дотно уур амьсгалтай. Миний хувьд он удаан жилийн түүхтэй хөл дээрээ баттай зогсчихсон байгууллагаас илүү дөнгөж бүрэлдэж өсөж дэвжиж байгаа байгууллагад халамж анхаарал, дэмжлэг туслалцаг хэрэгтэй гэж санагддаг.

Зөвхөн удирдаж байгаа хүний хувь биш. Өсөж өндийж байгаа байгууллага хамт олныг ямагт бэхжүүлж байхгүй бол хүндрэл бэрхшээл их гардаг. Энэ нь ганц удирдаж байгаа хүний зүгээс ч биш, төр засгий зүгээс ч дэмжлэг хэрэгтэй Яагаад гэвэл залуучууд их урам зоригтой тэр чигээрээ эрчтэй. Гэхдээ бас урам хугарахдаа амархан л даа.


Нэг нийгмээс нөгөө нийгэм шилжсэн тэр хүнд үед бүрэлдэн бий болсон болохоор нь ч тэр юм уу миний хувьд шавь нараа их эрхлүүлэх талдаа. Анхаарч байгаа зүйл бий. Гэхдээ анхаарч чадахгүй шийдэж чадахгүй зүйл ч байна. Жишээ нь манайхан дан залуучууд. Залуучуудад орон байрны асуудал тун чухал. Гэтэл бид жилийн зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадахгүй л байна шүү дээ.

Монголын нэрийг дэлхийд гаргаж, улс орныхоо нэрийн хуудас болж яваа энэ залуус гэр оронгүй явж байгаа нь утгагүй шүү дээ. Энэ тал дээр уран бүтээлчдийг минь онцгойлон харж хандаж үзээсэй гэж бодож явдаг. Онцгой гэдэг нь онцгой эрх эдлүүл гэж байгаа юм биш л дээ. Онцгой гэснээс зарим талаар би танай төмөр замчдад атаархдаг шүү.



-Яагаад?

-Би төмөр замынхныг дээр үеэс гадарлана. Төмөр замын “Вант улс" гэдэг дээ. Төмөр замынхан бол үнэхээрийн их ажилсаг хөдөлмөрч хамт олон. Том байгууллага. Тэр ч утгаараа төмөр замчдад дутуу зүйл байхгүй. Наад зах нь өөрсдийн тусгай эмнэлэгтэй, ажилчид нь орон сууцаа хувьчлаад авчихсан. Одоо хүртэл ажилчдаа орон сууцжуулах талаар их анхаардаг юм билээ.

Би хувьдаа Төмөр замын Дуу бүжгийн чуулгынхныг их азтай улс гэж боддог шүү дээ. Бидний авдаг цалингаас хамаагүй дээр л цалин авдаг байх. Төмөр замчдын эмнэлэг гээд байхад соёл урлагийнхны эмнэлэг, спортынхны эмнэлэг гэж байхгүй. Тэгэхээр төмөр зам маш чухал салбар гэдэг нь эндээс харагддаг. Тиймээс ч төмөр зам ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн байгууллага.

Тийм учраас атаархдаг гэж хэлсэн юм. Бид ч бас төмөр замтай хамтарч ажилладаг. Энэ дашрамд бидний ажилд ихээхэн тус дэм болдогт төмөр замчиддаа баярлаж явдаг шүү. Ийш тийшээ тоглолтоор явахад галт тэрэг олон удаа бидний найдвартай, тухтай унаа болж байсан.Ингээд төмөр замчиддаа, төмөр замын харьяа бүх байгууллага, ажилтан албан хаагчдад сайн сайхан аз жаргалыг ерөөе дөө.


Ган зам саадгүй зурайж, галт тэрэг нь хурдан байг гэдэг байхаа...


Б.Гүнж
Эх сурвалж:”Ган Зам”