sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бичгээр дагнан гаргадаг “Хүмүүн бичиг” сониныхон бид, урьдын найрсаг харилцаат ӨМӨЗО-ны Засгийн ордны Хэвлэл мэдээллийн албаны урилга зөвшөөрлийг хүлээн, саяхан Хөххот, Ордос хот болон Ордосын гурван хошуугаар тойрч сурвалжлан, орон нутгийн сэтгүүлчид, багш нар маань ганзага болоод сэтгэл дүүрэн ирцгээлээ. Бидэнтэй МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны дарга, гэрэл зурагчин Б.Чадраабал хамтран ажилласан билээ.
 
2017 оны 11-р сарын таван буюу биднийг өмнөд хөршөөн зорих өдөр ням гараг таарсан байв. Манай уламжлалт унаа-Улаанбаатараас Замын-Үүд орох орон нутгийн галт тэрэг оройн 17.20 цагт нийслэл хотын галт тэрэгний төв буудлаас товлосон хугацаандаан хөдөллөө. 
 
Харин маргааш өглөө нь мөнөөхөн зорчсон галт тэрэгний маань үйлчлэгч бүсгүй цагаан андуурсан уу, дөнгөж үүр тэмдэгрэх ахуд аялагчдыг сэрээж орхисон нь арай л эртэдсэн хэрэг байж. Гэвч эрт боссоны муу болох, гарах гарз гэж юу сан билээ. Монгол түмний мэргэн үгийн ай савд “Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг дуулна” гэж байдаг. Харин бид энэ өглөө эрт сэрээд, Замын-Үүд өртөөнд дөтлөхийн үес, тус сумаас нэгэн дунд сургуулийн сурагч хүүхэд сураггүй болсон, түүнийг хагас мянган хүн сум даяараан самнан эрж буй тухай харамсалтай мэдээ сонссон юм...
 
Даваа гаргийн арван нэгэн цаг болоход, манайхан нэгэнт хил гаалиар нэвтэрч амжаад, Эрээн хотын худалдааны зээлийн ойролцоо ӨМӨЗО-ы Засгийн Ордны Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал абугайтай уулзаж, урьдын эрхэм танил тэрбээр тохилог автобус хөлөглөн тосч авлаа. Баянаа дарга маань энэ удаа Ариухан хэмээх залуу охиныг дагуулан биднээн хөтөчлөх нь ӨМӨЗО-ны нөлөө бүхүй “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч ажээ.
 
Ийнхүү ӨМӨЗО-д аялж сурвалжлах баг, ажлын дөрвөн өдрийнхөөн эхнийхийг Эрээн хотоос Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошууны төв-Сайхан тал, түүнээсээн аялал жуулчлалын орон ахуй үлэмж олонтой Гэгээн тал гацааг гэтлэн, Дөрвөд хошууг дайрч нийслэл Хөххот хүртэлх гурван зуун наян км замыг туулахад бараг төлөв зарцуулав. Хөххотноо “Үйлс” хэмээх аялаг сайхан монгол нэртэй зочид буудал байх. Бид эл тохиолог буурчид хэдэнтээ бууж тухалж явсан болохоор нэлээд танил дотно сонсдох авай. 
 
Даваа гаргийн орой “Үйлс” зочид буудалд Өвөр Монголын Засгийн ордны Хэвлэл мэдээллийн албаны  Гадаад суртал ухуулгын газрын нэр бүхүй хоёр дарга монголын сэтгүүлч биднийг хүлээн авч уулзаж, оройн зоог барьсан бөгөөд хоёр орны сэтгүүлчдийн хамт ажиллагааны тухай сэдэв хөндөж, хамтад нэлээн ярилцаж сууцгаалаа. Тэд бол бидэнтэй өмнө нь уулзаж байсан, заримтай нь хамтран ажиллаж, аялж байсан эрхмүүд билээ. Ялангуяа Лүй Жин даргыг монголын сэтгүүлчид, тэр дундаан 2014 онд Баяннуур аймгийн Урадын хойд хошуу хүртэл аялж сурвалжлах багт орсон нутаг нэгтэн сэтгүүлчид маань андахгүй мэдэж буй болов уу. Энэ орой харин амрахын өмнө, Улаанбаатарт нэлээд цас орж, өвлийн улирал айлчлан ирсэн тухай мэдээ чих шүргэлээ. Монголын цахим жиргээчид энэ тухайг “Уртын харайлтын улирал дуусч, уран гулгалтын тэмцээн эхэлвэй” хэмээн хошигносон байх ажгуу.
 
Мягмар гарагт, өглөөгүүр Өвөр Монголын Багшийн их сургуультай танилцахаас ажлаан эхэллээ. Тус их сургууль хорьдугаар зууны тавин хоёрдугаар онд БНХАУ-ын цөөн тоот үндэстний доторх анхны дээд сургууль болон үндэс сууриан тавьж, гал голомтоон бадраажээ. Жаран давсан түүхийг хэдийнэ дэвтэрлэсэн, оюун эрдмийн энэ их айл эдүгээ хоёрдугаар шатны бүгд хорин есөн салбар дээд сургууль, хорин дөрвөн мянган оюунтан, нэг мянга есөн зуу шахам багш, ажилтантай, ная шахам үндсэн ангид тусгай мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Тус их сургуулийн Амийн шинжлэх ухаан хийгээд техник мэргэжлийн дээд сургууль /манайхаар бол биологийн факультет юм уу даа. Б.Э/-д нь бид хэдэн хором саатаж, эрдмийн зөвлөл, дарга удирдлагатай нь танилцах уулзалт боллоо. Эрдэмтэн багш нар нь сургуулийнхаан түүхийг тэрлэсэн “Ялгуусан жаран жил” номыг бидэнд гарын бэлэг болгож, хүн тус бүрийн богцонд дайсан юм. Мэдээж, монголынхоон үндэсний босоо бичгээр тэрлүүлжээ. 
 
 
Багшийн их сургуулийн номын сангаар нь цухас орж, зөвхөн монгол номын сан хөмрөгийг нь хальт үзэж нүд хужирлах багахан агшин тохиосон явдал бичиг номын хамаатан бидэнд зүйргүй агшин мөн. Монгол бичгээр хэвлэсэн “Ганжуур”, “Данжуур”-ын иж бүрэн боть, түүнчлэн “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл хэмээх судар”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой”, “Гурван улсын үлгэр” гэх зэрэг манай улсад олдохуйяа бэрх болсон, хорьдугаар зууны ховор сайхан номууд эндхийн хөмөргөд тавиастай байдаг. Бидний дунд монгол бичгээрээн уншдаггүй хүн байсангүй агаад цугаар нүд нь гэрэлтэж, сэтгэл нь баясч бүхүй нь анзаарагдана. Оюутан залуус, багш эрдэмтэд нь тэдгээр номыг гарын дор үзэж, судлах боломжтой байгаа нь монгол бичгийн бодит хэрэглээ гэдэг чухам л үүнийг хэлнэ дээ хэмээмээр. Багшийн их сургуулийн номын сан бүхэлдээн хоёр сая гурван зуун мянган номтой ажээ.
 
Багшийн их сургуулийн ихэнх салбар нь ойрын жилүүдэд “хөдөөлж”, Хөххотоос дөчөөд км зайтай Хорин гэр хэмээх тойрогт төвлөрөөд байгаа тухай тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, профессор Бүрэнжаргал багш ярьж байна. Одоо бидний танилцаж яваа биологийн сургууль гэх мэт гарын таван хуруунд багтах шахам хэдхэн салбар нь Хөххотод бууриан сахин үлдээд байгаа ажээ. Ер нь Өвөр Монголын тухай, Хөххотын аль нэгэн албан газрын тухай ярихад монголчуудад ойр дөхөм, хэн хүнгүй гадарлах мэдээлэл хөврөх магадлалтай ч, манайд ямар билээ, бид үүнийг яадаг билээ гэж харьцуулах юм заавал тохиолддог нь сэтгүүлч хүний мэргэжлийн нэг тогтсон зан дадал байж болно. 
 
Монголчууд ч гэсэн нэгэн үе их дээд сургуулиан нийслэлээс гаргана, оюутны тусгай дагуул хот байгуулна гэж шуугисан боловч эдүгээ намжих талдаан байгаа нь нууц биш. Бүр байтлаан, хотын төв дэх томоохон их сургуулиуд дэргэдээн өргөтгөлийн барилга байгууламж, номын сан зэргийг нэмж байгуулан буй нь нэгийг өгүүлэх мэт. Өвөр Монголын Багшийн их сургуулийн жишээгээр манайх их дээд сургуулиудаан хотоос зайдуу гаргачихвал адаглаад төв замын түгжрэл буурах агаад оюутнуудын сурах орчин сайжирч, тэд оюун эрдмийнхээс бусад элдэв зүйлд сатаарах нь бага болох боломжтой биш үү.
 
 
Өвөр Монголын Багшийн их сургуулийн Амь ахуйн сургууль дэргэдээн сайхан тохижуулсан, хоёр давхар талбай эзэлсэн өвөрмөц музейтэй юм. Амьд байгалийн эл музейд зөвхөн өөртөөн засах орны төдийгүй бүх хятадын, цаашлаад дэлхий дахины хэмжээний ховор сонин амьтан ургамлын баялаг цуглуулга бүрдсэн байдаг юм байна. Ялангуяа усны амьтдын иж бүрдэл, эрвээхий, шувуудын үзмэр нь гадаад далайгаас алслагдмал бидний нүд тайлах ховор зэвэр үзмэр болох ажээ.
 
Хөхотод, өвөрлөгчдийн маань хэлээр гаргийн хоёр буюу манайхаар мягмар гарагт биднийг бас Монгол сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулиар орууллаа. Манай аяллын багт багш нар олон яваа болохоор энэ нь сонин бөгөөд хоёр орны дунд сургуулийн орчин, онцлогийг багш нар бага хугацаанд боловч өөр өөрийнхөөрөөн харьцуулж амжсан гэдэгт үл эргэлзэнэ. Хоёр мянга гаруй хүүхэдтэй энэ их өнөр айлын онцгой төрх бол монголоороон байсан, байгаа, цаашид ч мөн тийм л байх эрмэлзлэл, зорил юм. Хашаагаар нь орохуйд л их зохиолчийн маань “Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл, үхтлээн орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээх сонгодог мөртийг арван зууны настай босоо бичгээрээн титэмлэн залсан нь монгол хэмээх анир дууны эгшиг юуг эрдэм мэдлэгт тэмүүлэх нүүдэлчний хүүхэд багачуулд мэдрүүлэн, ирээдүйн зам замналынх нь босго тотго болдог байнам.
 
 
Бүх хичээл сургалтаан монгол хэл, бичгээрээн явуулдаг. Нүүдэлчдийн зан заншил, эд оюуны соёлоос харуулсан бас нэг бичил музей энд буй. Ер, өвөрлөгч ахан дүүс бол музей байгуулах, түүнээн холын зочдод үзүүлэх баахан дуртай улс шиг. Музей бол соёлт хүмүүний заавал орчин зорчих, зориудлан орж үзэх газар мөнөөс мөн болохоор тэр биз ээ. Сургууль бас манайх шиг арван хоёр жилийн тогтолцоотой. Аанай л нэгдүгээр ангид хүүхдийг зургаатайд нь элсүүлдэг. Биднийг сургуулийн дотоод байдалтай танилцаад гарч ирэх үес, цүнхэндээн түүртсэн зургаан настай жаалууд жагсаалын цуваанд нэгдэн, хичээлдээн орохоор жигдрэн байлаа. Манай гэрэл зурагчин Б.Чадраабал тэдэнтэй танилцан, зураг сүүдрийг сэтгэлээн ханатал буулгах буюу заримд, хүүхдүүдийн хэн нэгэн нь “Чи монгол уу” гэх мэт шавилхан биедээн томдсон асуултаар түүнд хариу барих явдал ч байх ажгуу. Манайд байсан, өдгөө халагдан хоцорсон бас нэг зүйл тэдэнд хадгалагдан байгаа нь хүзүүндээн улаан бүч зангидах явдал.
 
Сургуулийн босгоны өмнө, хойд этгээдэд их монгол улсын цагаан сүлд туг, эмээлийн баримал, дэлхийн бөмбөрцөг сэлтийг залсан үзэгдэнэ. Кирилл П үсгэн хэлбэрээр байгуулсан сургуулийн барилгын цогцолборын дундах зайд биеийн тамирын тохилог талбай багагүй орон зайд зассан нь сэтгэл уужлах таатай орчин юм. Зөвхөн талбайнх нь уужуу, сэтгэл тэнийлгээд зогсохгүй эл сургуулийн тамирчин хүүхдүүд эрт дээрээс эхлэн биеийн тамирын төрлөөр улс орондоон төдийгүй дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, монгол хүүхдийн авьяас билиг, бяр хүчийг мэдрүүлж ирсэн бахархам сайхан замналтай. Тухайлахад, 2014 онд Хөххотын энэ Монгол дунд сургуулийн тамирчин охид Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан цомыг Өвөр Монголдоон, төрөлх сургуульдаан, хамгийн гол нь Бүх Дундад Улсын хэмжээнд анх түрүүн авчирч, түүхэнд гавьяат үйлсээн мөнхжүүлсэн байна.
 
Энэ өдрийн аялал үдээс хойш нь Ордос хот руу хурдны замаар довтолгосноор үргэлжлээд, үдшийн бүрүйд бид Шинэ Ордос хот буюу монголын хэлээр Хиа багшийн шинэ дүүрэг, дэлхий нийтийн хэвшлээр бол “Кан баши”-гийн төв талбайд хөл тавьсан билээ. Хар савхин бүрх малгайг хазгайдуухан тавьсан нь үс өрөвлөг цөөтэй, махлагдуухан толгойдоон багадаа юу даа гэмээр агаад нүдний шилнийхээн дээгүүр өлийх байдлаар хэнэггүйхэн харж, хэзээ язааны танилууд мэт хээ шаагүй хэлээрээн наргиатан ярилцаж нүүр хагарах ахжаар хүнийг автобуснаас буунгуутаан л танилаа. Түүний алдрыг Алтан-Уул гэдэг. Алтан-Уул ах маань ноднин жил биднийг, хоёр улсын хилийн боомт сурвалжлах үүрэгтэй Хятад-Монголын “Нэг бүс-нэг зам” сэтгүүлчдийн багт оролцон, Ордос хотоор аялах үес тус хотын дөрвөн одтой цэмцгэрхэн нислэгийн буудлыг иж танилцуулан хөтчилж, онгоцоор нисгэхээс бусдыг гүйцээсэн эрхэм мөн байлаа. Ордосоос Хангин руу хөдлөөд төдий л удаагүй бүхүйд манайхан нэг мэдэхэд түүний Алтан-Уул хэмээх уугуул нэрийг “Галт уул” болгон “юүлсэн” түүхтэй. Бас Ордос хотын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга, иргэн хатагтай Ма, монгол дарга ... нартай аялагчид маань нэг мэдэхэд танил болж, нүүр хагарч, ам хэл нээгдэж эхэлсэн байв. 
 
Ганган цэвэрхэн, үзэмжит, сэлүүхэн Шинэ Ордос хотын төв талбай ойрмогхоноос нэгэн гоёл зүүсгэлээр өөрийгөөн гоодсон нь гэрлэн чимэглэлийн цогц үзмэр бүхүй тусгай гудамжийг тохижуулсан явдал байна. Үлгэрийн баатрууд, багачуудын дуртай хүүхэлдэйн киноны дүрүүд, тэрчлэн монгол үндэстний дээдэлдэг дээшээн харсан амсартай сав суулга, аяга завьяанаас эхлэн эрвээхий царцаа мэт жижиг шавжийг хүртэл эл тусгай гудамжинд цахим технологийн дэвшлийг дайчлан өнгө гэрлийн тод зураг, зүйл бүрийн арга шийдлээр бүтээн цогцлоосон нь нэг л тайван орчныг айлсуулж, хүүхэд багачууд жаргалтайяа шуугилдан наадаж, угаас хүн хар болоод тэрэг техник цөөхөнтэй, арав гаруйхан жилийн намтар цадигтай эл залуу хотын ард зоны намуун тайвныг эгээрэх хүсэлд нэгэн зүйл буян болсныг нүдээр үзэж, сүүдэр зурагт буулган сониучирч явлаа.
 
Өөртөөн засах оронд аялсан ажлын гурав дах өдрийнхөөн өглөөгүүр бид Шинэ Ордос хотын таван одтой олон улсын зэрэглэлийн зочид буудлаас цайны дараа тус хотын Хангин хошууг зорин хурдны замаар довтолговой. Сарын өмнө, намрын налгар өдрүүдийн ид дунд Э.Бадрангуй ахтайгаан Эзэн хороо хошуугаар дайрч, Чингис хааны онгон шүтээний цогцолборт мөргөөд, уг хошууг зориход арван сар дөхсөн гэвч хур бороо асгаран, зам талбай шалба усалж, тэнгэр нижигнэн таатай сайхнаар ивээн соёрхож, Хангин хошуу орон ортол энэ бороо зүсрэн асгаран угааж билээ.
 
Үүнийг бичигчийн хувьд, өвөрлөгч ахан дүүсийн нутгаар хэдэнтээ хөл тавьж, гол төлөв том хотуудаар нь аялж үзсэн удаа хэдэнтээ. Тиймийн учир, хөдөө хошуудаар нь, бүр малчдаар нь явмаар санагдах авч завдал боломж, аялал томилолт тохиодоггүй байлаа. Харин эл тахиа жилд, энэ аяллаас сарын өмнө Ордост, тэр дундаан Хангин, Отог хошуугаар орж, хөдөө нутгийн нь онцлогоос бага сага гадарлаж амжаад байсан билээ. Хангин хошуу бол Ордостоон гүр дууны соёлоор үлэмж нэр цуутай, эртний дуу хуур шигээн уужим сайхан тал нутаг юм. Ер нь бүх Өөртөөн засах орны хэмжээнд ч Хангин хошуу лугаа адил, гүр дууны өв соёлыг өнөө хэр хадгалж уламжилж ирсэн нь бараг үгүй гэхэд дэгэсдэл болохгүй гэдэг. Тийм ч учир энэ удаа монголын сэтгүүлчдэд гүр дууны урлагийн зах зухаас ч болов мэдрүүлж, тэднээр уламлан ар монголын ард түмэнд мэдээ мэдлэг хүргэх үүднээс биднийг Хангин хошуугаар зориуд оруулж байгаа нь бодлогын хэрэг билээ. 
 
 
Гүр дуу гэдэг бол манай ардын уртын дуу шиг, морин хуур шиг, хөөмийн ялгуун уянгат эгшиг лүгээ адил, цуур хөгжмийн гүн учирлаг, эрт урьдын анир дуун мэт үндэстний маань оюун соёлын үл давтагдах, үнэт нандин өв гарцаагүй мөн байнам. Очих бүр, сонсох тутам л энэ мэдрэмж аажим аажимхан ахисаар. Мөн эл тахиа жилийн зун, Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсаан байгуулсны 815 жил, ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмаар мөнөөхөн Хангин хошууны “Бортохой гүр дууны бүлгэм”-ийн боржигин Хөгжилцэцэг ахлагчтай гуч шахам гүр дуучин-малчид, настай өтгөс голцуу улс Монгол Улсад өөрсдийн зардлаар зочлон, Хүйн долоон худагт төрийн их наадмын асарт гүр дуугаан дуулж, энэхүү үнэт соёлоон сурталчлан бишрүүлсэн бөгөөд урлагаас хахь хол мөхөс бичгийн хүн би бээр, хувь заяагаар тэдэнтэй танилцан сурвалжилж, гүр дууг анх удаа Улаанбаатарт амьд бодитоор нь сонсоод үзчихсэн хэрэг.
 
 
Хангинд үдэд ирээд, шууд тус хошууны Гүр дууны музейг үзэж сонирхлоо. “Төрийн их асар”, “Эзэн Богдын хоёр загал”, “Бор тохойн цэцэг”, “Өндөр жамын шил”, “Тэнгэрийн гүүний унага”, “Маш чухаг дээд”... гол гол гүр дууны нэрийг энд үндэсний бичгээрээн бичиж хүндэтгэлтэй залаад, бас орчин үеийн дэвшил технологийн ид хавыг гайхуулан, цахим хураагуурт гүр дуугаан шингээж сан хөмрөг бүтээсэн, хүссэн хэн хүн цахим дэлгэцнээс гүр дууны ая эгшгийг сонсох, дагаж дуулах боломжийг цогцоор бүрдүүлсэн ажээ. Хангин хошууны “Гүр дууны нийхэмлэг”-ийнхэн бидэнд бас “Төрийн  их асар”, “Бор тохойн цэцэг”, “Тэнгэрийн гүүний унага” зэрэг гурван эхтэй гүр дуунаасаан дуулж сэтгэл оюуны бэлэг барьсан юм. Хангинд байх хугацаа даанч багахан асан нь харамсалтай. Сарын өмнө тэнд, ном эрдмийн ажлаар явах үес бие биеэн бичгийн садан болохоон таньж нөхөрлөсөн ахмад зохиолч Намсрайжав ах, монголын уянгын поп дуучин Дэлгэрмөрөн лүгээ усны дусал лугаа адил хэмээн Б.Болдхуяг нөхрийн маань үнэлсэн яруу найрагч дүү Баянбадрах, түүнчлэн “Бортохой гүр дууны бүлгэм”-ийн ахлагч, гүр дуучин Хөгжилцэцэг эгч болон ахмад дуучид бээр ахан дүүгийн ёсоор бие мэхийн хүндэлж, сэтгэл дэвсэн угтаж сүр сүйд болох нь тэдний маань ёс суртахуун хэчнээн уг язгуураараан, эвдэрч буртагтаагүй өнөө хүрснийг мэдрүүлнэм буюу.
 
 
Үргэлжлэл бий.
Б.Элбэгзаяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг