sonin.mn
Сэтгүүлчид эрэл хайгуулынхаа дүнд содон хүмүүстэй уулзаж, сонирхол татам мэдээлэл олж авдаг. Тэр дундаа нэг зүйлд мэргэшиж, илүү гүн гүнзгий судалсан хүнтэй уулзахад уран бүтээл, хувь хүний хувьд дүүрэн олзтой буцдаг юм. Ийм нэгэн эрхэмтэй саяхан ярилцсан бөгөөд сэдвээс гадна сонирхолтой мэдээлэл өгснийг ганцаараа мэдээд өнгөрөхөд хайран санагдлаа. Тиймээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач Г.Гонгоржав гуай бор дарс гэж юуг хэлдэг болох, монголчуудын модны соёлын зах зухаас хүргэснийг хуваалцъя.
Эртний ном, судар уншихад бор дарс гэж дурдагддаг. Үүнийг бид өнөө цагийн архи хэмээн ойлгодог нь буруу ажээ. Тогоо дүүрэн цагаа дээр шүдлэн хонийг бүтнээр хийж, эмийн ургамалтай нэрж гаргасныг бор дарс хэмээдэг байж. Тухайн үед бор дарсыг цэргүүд уудаггүй, томчуудын ундаа байсан гэнэ. Харин цэгээнд хийсэн хонины махыг цэргүүдэд өгч ядаргааг нь тайлдаг байжээ. Уг махыг зооглоход цэргүүд усан хулгана болтлоо хөлөрдөг байсан аж.
Г.Гонгоржав гуай монголчуудын модны соёлын талаар бас дурдсан юм. Туүний хэлснээр нарийхан цаасыг хус болон улиас мод руу ойртуулбал сонирхолтой зүйлийг ажиглаж болох аж. Үүнд хус хүнд энерги өгдөг бол улиас хүнээс энерги татаж авдаг байна. Үүнийг мэдсэн бидний өвөг дээдэс унь, хана, тооно, авдар саваа улиасаар хийдэггүй. Харин хувин сав хийж ашигладаг байж. Учир нь, улиас нян бактерыг нь устгадаг ажээ. Энэ мэтчилэн буурлуудын үгийг сонсоход мэдлэг, мэдээлэл өгөх нь элбэг байдаг билээ. Тиймээс л тэдэнтэйгээ байнга ярилцаж, туршлагаас нь судлан амьдралд хэрэгтэйг нь олон нийтэд хүргэх хэрэгтэйг хэлэх гэсэн минь энэ.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин