sonin.mn
Монгол Улсын Эрдмийн их сургууль ОХУ-ын “Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-ийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим номын сангийн танхимтай боллоо.
Нийт найман мэдээлэл хүлээн авах компьютер суурилуулсан цэлгэр танхим үүдээ нээжээ. Энэ номын сангаар дамжуулан эрдэмтэн судлаач, магистр, докторуудад төрөл бүрийн мэдээллийн нөөцөд электрон хэлбэрээр хандах боломжтой болсон байна. Одоогоор электрон хэлбэрээр буюу тоон технологийн аргаар шилжүүлсэн 630 гаруй мянган бүтээгдэхүүн тус номын санд бий. Үүнд номноос гадна бичлэг, аудио, кино архив гэх мэт өргөн хүрээний мэдээ материалууд багтжээ. Жишээ нь, 1800-аад оны Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтцийн ховор нандин зураг байлаа. Электрон номын сангийн ачаар номын фондод үнэ төлбөргүй хандах эрхтэй болж байгаа нь Оросын талаас манайд оюуны өндөр хөрөнгө оруулалт хийж байна гэж сургуулийн хамт олон онцоллоо.
МУЭИС-ийн нээлттэй инновацийн төвийн захирал, ШУ-ны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэ “Манай сургууль нь судлаач багш, оюутнаас бүрдсэн манай улсын анхны судалгаанд суурилсан их сургууль. Судлаач хүнд номын сантай харьцах нь хамгийн чухал. Тиймээс ОХУ-ын мэдээлэлжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн системийн талаар тэргүүлэгч “Центр Информ” компаниар дамжуулан энэ танхимыг байгууллаа. Энэ танхимыг бий болгосноор Монгол, Оросын харилцаа, энэ хоёр улсын түүх, хэл, дэлхийн бусад номын сантай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой” гэсэн юм.
Энэ номын санзөвхөн МУЭИС-ийн гэлтгүй орос хэлний мэдлэгтэй бүх уншигчдад нээлттэй үйлчлэх юм байна.
 
 
 
 
М.Баасандэлгэр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин