sonin.mn
Нэг. ХУС УУ? ХУШ УУ? (СОНИН БҮТЭЦТЭЙ УРГАМАЛ)
1.Өнгөрсөн оны наймдугаар сард Архангай аймгийн Хадатын рашаан орох замдаа Давааны өвөр оройд хоноглож, энэ орчимд тархсан буюу ургах магадлалтай нэн ховор, ховор эмийн ургамал Цагаан дэгд (Gentiana algida), Хуш (Pinus sibirica), Ямаан сэрдэг (Saxifraga hirculus), Монгол хундгана (Adonis mongolica), Том навчит дэгд (Gentiana macrophylla) зэрэг ургамлыг ажиглаж явтал нэн сонирхолтой нэгэн ургамалтай дайралдаж мэл гайхаж, цэл хөхөрсөнөө эрдэмт дээдсийн сонорт хүргэе гэж бодсон юм. 6-7 метрийн өндөр, иш нь 20-30 см голточтой цалин цагаан хус модны холтос бүхий өндөр модноос нэг дороос таваараа багцлан гарсан шилмүүсүүд байх юм. Нэг үзэхэд хуш мод шиг, сайн ажиглаад байхад яг хус мод байлаа. Сайн бодоод байхад нэг нь Далд үртний хүрээний Хусны овгийн навчит мод (Betula), нөгөөх нь Нүцгэн үртний хүрээний Хуш буюу Сибирь нарс (Pinus sibirica) байх юм. Яагаад ч цуг нэг биет болоод ургах боломжгүй юм.
 
Хоёр. ЦӨӨВӨР ЧОНО БАЙГАА ЮУ?
Хэнтий, Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Алтай өвөр говь зэрэг нутагт дөчөөд он хүртэл цөөнгүй тоогоор Уг амьтны талаар А.Г.Банников, Д.Цэвэгмид, О.Шагдарсүрэн, С.Дуламцэрэн, Я.Адъяа,  ЛАмгалан, Р.Самъяа нарын эрдэмтэд судалж бичиж байсан баримт бий. Харин сүүлийн жилүүдэд түүний судалгаа хийсэн нь тодорхойгүй. Судалгаа хийнэ гэхэд төр засгаас “Шоовдорлогдсон" шинжлэх ухааны байгууллагад мөнгө байхгүй. Шинжлэх ухаанаа ойлгож, эрдэмтдийнхээ оюуны хүчийг ашиглаад тэрбумаар байг гэхэд хэдхэн сая төгрөг хаячихад л энэ мэтийн чухал асуудлаа бүрэн судлах боломж бий гэдэг нь тодорхой. Өмнөговь аймгийн Номгон сумын Хүрхийн ууланд баттай мэдээгээр 20-30 жилийн өмнө Цөөвөр чоно цөөн тоогоор байсан байна. Нутгийн иргэдийн ярьж байгаагаас үзэхэд Хүрх уулын зүүн үзүүрийн бартаат орчинд цөөн тоогоор үзэгддэг байсан гэнэ. Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Баярсайхан, иргэн З.Нямхүү нарын ярианаас үзэхэд: Цөөвөр чоно амьтан ойртоод шээхэд түүний муухай үнэрээр уг амьтан түр мансуурахад нь шууд үсэрч гараад бөгсийг ухаж хооллодог. Хүрхийн уулын зүүн үзүүрт Цэндээхүүгийн адуу, тэмээний бөгсийг ухсан, бас ямааны бөгсийг ухаад гэдсийг гойжуулан идсэнийг үзсэн хүн байдаг. Ямар ч амьтны бөгсийг ухаад тэр хэсгийн зөөлөн хэсгийг идээд гэдсийг нь цувуулан гаргаж дандаа зөөлөн шүүслэг хэсгээр нь хооллодог гэцгээж байлаа.Номгон сумын өндөр настан, эмэгтэй Бадамын Цэрэндулам (Нутгийнхан нь уяач Өндөр хүүхэн гэж нэрлэдэг) Хүрх ууланд цөөвөр чоно байсныг бидний үеийнхэн цөм мэднэ. Уртын аманд байхад тэр жил манай номхон атны бөгсийг ухсан. Харин багахан ухсанаас тэр ат үхээгүй. 2-3 адууны бөгсийг ухсан. Бөгсөө ухуулсан  адуунууд турж зовж шаналсаар цөм үхсэн. Цөөвөр чоно амьтны  нуруун дээр гарчихаад тухтай нь аргагүй хойшоо харж суугаад амьтны бөгсийг ухаж хоолподог. Одоо Хүрхийн их уулсын зүүн үзүүрийн бартаанд л цөөн байгаа боловуу. 2000 оны үед л лав байсан. Харин сүүлийн үед бүр дуулдахаа больсон гэж ярьсан юм. Тэдний ярианаас үзэхэд Цөөвөр чоно урт хошуутай, бахимдуу биетэй, их хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хүнд харагдах нь ховор гэж байсан юм. Хүрх ууланд цөөвөр чонын гол хоол болдог янгир ямаа их ховордсон нь түүнийг амьдрахад боломжгүй болсон байхаа гэж нутгийнхан ярьж байлаа. Эрдэмтэд уг амьтны байгаа эсэхийг сураглаж суух биш судалж тогтоох нь л чухал байна даа.
 
 
   Гурав. ЛУУНЫ ЯС МӨН БОЛОВ УУ?
Монголчууд эрт цагаас элэр цагийн үлэг гүрвэлүүдийг луу гэж нэрлэсээр ирсэн. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Мухартын гол (Хүнгүй голын эх) хэмээх бургасан шугуйтай, Улаалзгана, Далан хальс, Хөвөнт, Гонид, Шимтэгтэй, Холтсонцэцэг зэрэг хангайн чийглэг нугад тархдаг жимс жимсгэнэ, эмийн ургамалтай өндөр өндөр элсэн манхан уулс, их элснээс шүүгдэн урссан цэнгэг устай ер бусын гайхамшигтай үзэсгэлэнт газар бий. Энэ гол нь 350 гаруй км үргэлжлэх Бор хярын их элсний урд хэсгийг хашиж урсдаг билээ. Мухартын голын хөвөөгөөр 1960-аад оны эх хүртэл битүү ургасан хус, бургасан төгөлтэй байсан. Одоо хусан төгөл нь үндсэндээ устсан ч бургасан төгөл нь ургасаар байна. Уг голын хөвөөгөөр нутгийн иргэн нэрт бизнесмен, манлай уяач Б.Энхболд бид 2003 оноос чацаргана тарихаар оролдож, одоо цөөнгүй тооны бут ургаж байгаа. Энд луу унасан газар гэж нутгийнхан хуучилдаг. 1963 онд Эрдэнэхайрхан сумын өндөр настан Домбожав агсан тэр үед зуныхаа амралтаар барилга дээр ажиллаж байхад миний найз Б.Бунд бид хоёрт ярьсныг сийрүүлбэл: Манай Мухартын голд луу унасан нь үнэн. Мухартын голын хойт хөвөөгөөр атгасан гарнаас арай том мушгирсан барзгар том том яс байдаг байсан. Лууны яс учраас хамаагүй оролдож болохгүй гэж хөгшчүүд ярьдаг байсан гэсэн билээ. Бүр хожим 2003 онд мөн сумын Алтан багийн малчин С.Ходгой (Улсын начин М.Сэдхүү агсны хүү) Би хоёр жилийн өмнө хонио усалж яваад Мухартын голын эхний бөөн бургасан төглийн орчимд элснээс цухуйж байсан лууны яс олоод үзэж байснаа дараа авъя гээд бургасан дотор орхиод явсан юм.Тэр яс малынхаас их том гадна тал нь жаахан цоохортсон чулуу шиг хатуу яс байсан. Дараа нь ирээд нөгөө ясаа олоогүй. Миний ирсний дараахан сумын төвийнхөн зугаалгаар ирсэн гэсэн. Тэд л авсан байх гэж ярьсан юм. Үүнээс үзэхэд энэ хавьд эртний үлэг гүрвэлийн яс, үлдэгдэл байх магадлалтайг судлаачид анхааралдаа авмаар санагдана. Сэлэнгэ аймгийн Баянгол сумд П.Дагвадорж тавь гаруй жил зөгий өсгөж, жимс үржүүлж яваа ажилсаг хүн бий. Тэр сумынхаа төвийн жалгыг цэвэрлэн жимст цэцэрлэг байгуулж байгаад бие засах газар бэлтгэхээр газар ухаж байтал 2.5 метрийн  орчим гүнээс нэгэн яс гарчээ. Уг яс нь 40 см орчим урт ямар ч гэсэн амьтны чөмөгний гэдэг тодорхой малын яснаас арай том учраас хэдэн арван сая жилийн өмнөх байж магадгүй санагдана. Судлаачдын сонорт хүргэвэл ирээд тарьсан ургамлыг минь сүйтгэх болов уу гэж гайхаад байна гэж П.Дагвадорж ярилаа. Эртний амьтных байх магадалтай энэ ясыг мэргэжлийн хүмүүс судалваас нэгэн сонин дүгнэлт гарах ч юм билүү.
 
 
Дөрөв. ТООРОЙ УСТАХ УУ?
Говийн баянбүрдийг тооройгүйгээр төсөөлөх боломж багатай юм. Тоорой буюу элдэв навчит улиас (Popolus diversifolia) нь Гуравдагчийн голын татмын үлдэц ургамал бөгөөд говийн ган халуунд зохицон ургадаг онцгой тэсвэртэй, ус ховор говийн нөхцлийн чийглэг орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой ургамал билээ. Гэтэл сүүлийн үеийн байгаль цаг уурын нөхцөл, зарим баянбүрдэд малын тоо хэтэрхий олширч байгаатай холбоотой бололтой юм. Хавар тооройны үр боловсроод тарах үед хус тунадасгүйгээс соёолох чадвар нь хэдхэн хоног үргэлжилдэг тооройн үрийн цухуйц ургаж чадахгүйгээс сүүлийн үед Баянбүрдүүдийн зулзган тоорой жил ирэх бүр багассаар байна. Хэдэн жилийн өмнө доктор А.Хауленбек, Ж.Санжид нарын эрдэмтэд тооройн тооллого хийж таван мянгаадхан тоорой байгаа гэсэн судалгаа гарсан гэдэг. Аль ч Баянбүрдийн тооройг ажихад ихэнх нь олон жилийн насгүй болсон хөгшин бодгалиуд байна. Хэрэв зориуд үржүүлэхгүй бол тоорой устаж болзошгүй байгааг хаана хаанаа анхаарах цаг болсон байна. Мөн аль аймгийн сумын ямар Баянбүрдэд байгалийн нөхцөлд нь үржүүлж болох, тоорой үржүүлгийн бие даасан үржүүлгийн газар байгуулах, түүнийг элс тогтоох хөрс бэхжүүлэх болон хот суурины чимэглэлд ашиглах зэргээр тодорхой ажил зохиомоор санагдана.
 
 
Тав. БАЛТ ШАВЬЖИЙГ ОНЦГОЙЛОН СУДЛАХ БОЛООГҮЙ Л БАЙНА УУ?
Амьд байгалийг арвижуулагч буюу цэцэгт ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээж, үр жимсний гарцыг нэмэгдүүлж, үрийн чанарыг сайжруулж байдаг балт зөгийн ач тусыг үгээр хэлээд баршгүй юм. Манай оронд балт зөгийг үржүүлж эхлээд жараад жил бол байгаа бөгөөд одоогоор Дундад Орос, Карпат, Башкир үүлдрийн арав гаруй мянган бүл зөгий өсгөж, бал бусад бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа билээ. Балт шавьжны дотроос хамт олноороо бүл болон нийгмийн зохион байгуулалттай амьдардаг балт зөгий (Apis mellifera)-н цөөнгүй зүйл байдаг. Эдгээрийг эрт цагаас гэршүүлэн одоо дэлхийн хэмжээгээр 20 шахам үүлдрийг үржүүлж, эмчилгээ, хүнсний юугаар ч сольшгүй бал, лав, жилий, тоосормог, сүүнцэр, эмчилгээний хор зэрэг арваад бүтээгдэхүүнийг авч ашиглаж байгаа билээ. Байгаль сонирхогч хүний нүдээр ажихад гэршүүлсэн зөгийтэй тун төстэй зэрлэг зөгий ойт хээрийн бүс нутгуудад цөөнгүй байгаа нь ажиглагддаг. Гэтэл манай оронд энэ чиглэлийн судалгаа алга байна. Өөрийн орны зэрлэг зөгийг судалснаар эх орондоо нутагшсан үүлдрийг ирээдүйд бий болгох суурь тавигдах нь гарцаагүй. ШУА-ийн Биологийн хүрээлэнд шавьж судлалын лаборатори ажилладаг, тэдний ажилтнууд сайн ажиллаж багагүй судалгаа хийж, шинжлэх ухаанд үнэ цэнэтэй бүтээл гаргаж байгаа гэдэг. Балт зөгийг Монгол орны нөхцөлд үржүүлэх нутагшуулах, үүлдэр угсааг сайжруулах, шинэ үүлдрийг бий болгох чиглэлийн судалгаа хийх хугацаа бас хоцрогдоод байх шиг санагдах юмаа эрдэмтэд ээ.
 
Мэдээллийг эрдэмтдийн сонорт хүргэхийг зорьсон уншигч Биологийн ухааны доктор (РhD) Хөхөөгийн ОТГОНБИЛЭГ
Утас:99855487,99816390
E-mail: otgon_1618@yahoo.com