sonin.mn
Өнөөдөр нийслэлд байгаа хөшөөнүүд дээр очъё гэх бодол төрсөн юм. Эхлээд Юмжаагийн Цэдэнбал, дараа нь Санжаасүрэнгийн Зориг, тэгээд Жамсрангийн Самбуу, Хорлоогийн Чойбалсан, эцэст нь Дамдины Сүхбаатарын хөшөөнд очив. Хөшөөнүүд оршиж, сууж, зогсч байна, гэхдээ тэд нэг л гундуухан байх шиг санагдав. Түүхэн хүмүүсээс зөвхөн хөшөө нь үлдэх үү гэх бодол төрөв. Хөшөө тус бүрт очих болгонд нэг л өөр сэтгэгдэл төрсөн ч монгол эх орны хөгжил дэвшлийн төлөө, хүн ардын сайн сайхны тусын тулд нэгэн биеэ золиослон зүтгэсэн үйлс тэмцэл, хэлсэн үг бүтээсэн зүйл, зольсон амь насны хувь тавилан нь өөр өөр гэх бодол эзэмдэв. Хөшөө шороо тоос цасанд дарагдаж өнгө жавхаа муухан байгаа нь Монгол Улс гэх эзэн хаягтай энэ гайхамшигт хүмүүс эзэнгүй болсон мэт санагдав. Тэдний амьдарсан хугацааг эргэцүүлэхэд Сүхбаатар, Зориг хоёрынх тун адилхан нэг нь ардын хувьсгалыг ялуулаад  нөгөө нь ардчилсан хувьсгалыг зүгшрүүлээд цэл залуугаараа амь насаа алдаж. Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан хоёрын харь нутагт хүний мэдэлд нас бие төгссөн түүхэн хувь тавилан санагдав. Гэвч Монголын төрийн зүтгэлтэн, монгол хүмүүсийн зүрх сэтгэлд хийсэн бүтээсэн үйлсээрээ үүрд мөнхрөн үлдсэн түүхэн эрсийн хөшөө шал өөр бүр, хэний ч санаанд буугаагүй хэн ч ингэж бодож байгаагүй, тэдний өөрсдийнх нь хүүрнэл ингэж хэлж ярих байсан болов уу гэх бодол эзэмдэв. Хөшөөний хүүрнэлийг та нартаа сонсгоё гэж бодсон минь энэ. Тэднийг сонсох минь
Ж.САМБУУ: -Намайг хотын энэ их утаа, дуу чимээ, хог новш огтхон ч зовоохгүй байна. Харин Төрийн ордонд минь орох ёсгүй хүмүүс орж төрийн алтан түшээгийн монгол сэнтийд заларч монгол түмнээ бодлого болчимгүй үгээр үймүүлээд байгаад ихээхэн санаа зовинох юм.
С.ЗОРИГ: -Би хэдий цэл залуугаараа мөнхийн чулуун хөшөө болж үлдсэн ч гэсэн миний зорьж тэмүүлж хүссэн зам энэ биш, улс эх орон минь миний хүссэн замаар замнахгүй байгаад гүнээ харамсч байна.
Ю.ЦЭДЭНБАЛ: -Би хийсэн бүтээсэн, зүтгэсэн хугацаа маань урт байсан. Алдаж онохын дэнсэнд улс эх орноо хөгжүүлэх өөд нь татахыг хичээж монгол хүнээ цэл залуугаасаа өтөл буурал болтлоо зөв сайхан амьдруулахыг хичээж зүтгэсэн. Гэвч монгол орны түүхэн нэгэн мөчлөгийг надтай холбон хараар будаж элдвээр муулж баалж төр засгийн өндөр суудалд хүрсэн өнөөгийн нөхдийг хараад өрөвдөх шиг болдог юм.
Х.ЧОЙЛБАЛСАН: -Намайг хөшөө болсны дараа Монголын түүхийн нэгэн үед харийнхны тулгалтаар хийсэн хамаг хэлмэгдэлтийг надад тулгаж, хоёр дахь "Цааз" төлөвлөдөг хүмүүсийг хараад би маш их өрөвддөг. Энэ хүмүүс одоо ч нийгмээ өөрчлөх нэрээр маш олон хүнийг хэлмэгдүүлж, хилсдүүлж нүгэл үйлдэж байгаагаа ер ойлгохгүй юм. Миний дараагийн хүнийг ч та нөхөд хэлмэгдүүлснээ боддог ч болоосой, миний үеийн хэлмэгдэл гаднын хүчирхийлэл дор явагдсан, одоогийн хэлмэгдэл хувь хүний эрх ямбаны үүднээс урган гарч байгаагхарьцуулж нэг.бодоорой.
ЖАНЖИН Д.СҮХБААТАР: -1921 оны долоодугаар сард Монгол Улс  эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байсан яг тэр газраас энэ хөшөөг зайлуулах гэж оролдогсдод харамсах юм. Би эх орноо харийн дайснаас хамгаалан босч та нарын эдэлж байгаа эрх чөлөөг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж авч ирсэн түүхийг бүү устгаарай гэж захъя.
МИНИЙ ХҮҮРНЭЛ: -Цаг үеийн түүхэн гарамгай удирдагч хүмүүсийн үйл хэргийг мөнхөлсөн гэх нь ганцхан чулуун хүрэл хөшөөгөөр төгсгөл болохгүйн учрыг хэлж саналаа хүүрнэе. Хөшөөний эздийн амьдралын төгсгөл ямар байснаас үл хамааран эдгээр түүхэн удирдагчдын үйл хэргийг мөнхлөн үлдээх асуудал зөвхөн хөшөөг байгуулж босгосноор язгаарлагдаж байгаад харамсал төрж санал сэтгэгдлээ дэвшүүлэх цаг болсныг ч тэмдэглэе. Өнөөдөр ч бид урьдахаа орхин мартаж улсаа удирдсан хүмүүсээ тэнгэрт тултал нь муулж магтахыг холилдуулан ямар гайтай гавьяатайг нь үл харгалзан улсын үнэт сангаас тэдэнд их хайр хангамж хамгаалалт олгож суугаагаа бодолцмоор юм. Эд нөхдийн дэргэд улс Монголын амьдралын хүнд  хүчир, дайн тулаантай, ядруу зүдрүү бусдын хараат байсан хүнд хүчир цаг үед, нийгмийн амьдралын дөрөвхөн жил биш, олон арван жил цаг хугацаанд монгол хүний ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн бүтээлч үйлсээ зориулсан жинхэнэ тэмцэгч баатарлаг эх оронч төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүмүүсийнхээ түүхэн үйлсийг залуу хойч үедээ зөвөөр таниулан ойлгуулах "Монгол эх орончдын нэгдсэн музей” үзмэртэй танин мэдэхүйн сан байгуулах талаар төр засгийн бодлого шийдвэр байхгүй байгаа нь харамсмаар байдаг. Монгол Улсын түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалыг устгана, буулгана, байлгана гэх хэт туйлширсан хэрүүлийн үр тарихын оронд Монгол Улсын ардын болон ардчилсан хувьсгалын үеийн  улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн дээрх хүмүүсийн түүхийн  музейг байгуулж үзмэр санг баяжуулан хойч үедээ үлдээх ажил санаачлахын оронд, одоогийн манай төр засаг Д.Сүхбаатар сан хөмрөгийн цуглуулагч түүхч иргэн О.Баатар гуайгаас илүү бодож шинийг сэтгэж чадахгүй гэж үү гэх асуултаар хөшөө хүүрнэл санал тэмдэглэлээ төгсгөв. "Эх орончдын түүхийн музей" байгуулахад шинэ санаачилга гаргаж төсөл хөтөлбөр боловсруулан хөрөнгө хүч зарж ард түмний бүтээлч идэвхид тулгуурлан нийслэл хотдоо хөшөөний эздийн тухай хойч үед сургамж сургаал болох түүхэн өв үлдээх бүтээлч ажил хийх цаг болсныг учирлав.
 
Ц.ЯДАМСҮРЭН /Сэтгүүлч нийтлэлч/