Эх орныхоо нэрийг дуудуулах хаан хуурчдыг бэлтгэх үйлсэд эгч дүүсээрээ хүчин зүтгэж яваа гэр бүлээс баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат багш төрсөн юм. Дэрсхэн шавь нартаа өөрийнхөө сурсан бүхнээ өвлүүлэн үлдээхээр шамддаг энэ эрхмийг Д.Тунгалаг гэдэг. Хаан хууртай хагас зуун жил шахам нөхөрлөж буй Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Д.Тунгалагтай ярилцсанаа хүргэе.
 
Юуны өмнө Монгол Улсын гавьяат багш болсонд баяр хүргэе. Төгөлдөр хуур тоглож сурахаар аав ээждээ хөтлүүлэн орж ирсэн хүүхдүүдийг хүлээн авч мэргэжлийн хөгжимчин болтол сургадаг та Монгол Улсын консерваторид багшлаад хэд дэх намраа үзэж байна вэ?
 
-Баярлалаа. Би төгөлдөр хуурч гэдэг мэргэжлийн эзэмшээд 55 жил болж байна. 500 жилийн түүхтэй сонгодог урлагийн хүн болохын тулд 20-оод жил суралцсан. Монгол Улсын консерваторид мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар 36 дахь жилдээ ажиллаж байна. 1964 онд Хөгжим бүжгийн сургуульд элсч, 1975 онд төгсөн Киевийн Хөгжмийн дээд сургуульд үргэлжлүүлэн суралцсан намтартай. Тухайн үед боловсон хүчнийг төр, засгаас бодлогоор бэлтгэдэг байсан. Төгөлдөр хуурчдыг ч гэсэн бодлогоор бэлтгэсэн юм. ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж бидэнд хичээл заадаг байлаа. Миний хувьд нэгдүгээр ангийн багш маань Ленинградын мэргэжилтэн байсан. Ер нь мэргэжилтнүүд 2-3 жилийн хугацаатай ирж манай улсад ажиллаад буцна. Ингэж ЗХУ-ын мэргэжилтнүүдээс номын дуу сонссон.
 
-Та Киевийн Хөгжмийн дээд сургуульд төгөлдөр хуурчийн мэргэжлээр суралцсан анхны монгол хүн. Дээр дурдсанчлан таныг бодлогоор бэлтгэсэн үү. Эсвэл урилгаар сурсан уу?
 
-Надад хичээл заасан Александр Павлович Муравский Киевийн Хөгжмийн дээд сургуулийн багш байсан. Тэр хүн намайг сургуулиа төгсөхөд урилга явуулсан юм. Тухайн үед А.И.Филатова манай улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаардаг байсан. Манай сургуультай ойрхон ажиллаж, их дэмждэг байсан даа. Киевийн Хөгжмийн дээд сургуулиас урилга авснаа Соёлын яаманд мэдэгдэхэд намайг дэмжихээр болсон. Ингэж л би хилийн дээс алхаж сурахаар болсон юм.
 
-Таны дүү төгөлдөр хуурч Д.Бурмаа мөн адил Киевийн Хөгжмийн дээд сургуульд суралцсан уу? 
 
-Тэгэлгүй яахав. Бид эцэг эхээсээ гурвуулаа. Хамгийн бага дүү Д.Бурмаа маань мөн л Киевийн Хөгжмийн дээд сургуульд суралцсан. Одоо Монгол Улсын консерваторид багшилж байна. Нэг айлын хоёр охин адилхан мэргэжил эзэмшиж, одоо ч гэсэн мөр зэрэгцэн зүтгэж явна.
 
-"Сайн төгөлдөр хуурч болгон багш болж чаддаггүй" гэдэг. Сургуулиа төгсч ирэхдээ л та багшилж болно гээд шийдчихсэн байв уу?
 
-Тухайн үед Соёлын яамнаас хаана ажиллахыг томилдог. Намайг сургуулиа төгсч ирэхэд үндэсний багш бэлтгэх улсын бодлого байсан. Тэр утгаараа намайг Хөгжим бүжгийн коллежид мэргэжлийн төгөлдөр хуурчийг бэлтгэх багшаар томилсон. Гэхдээ ирээд тайлан тоглолт хийж, соёлын өдөрлөгт оролцон дэлхийд алдартай бүтээл тоглосон. Улсын Филармонид сонгодог хөгжмийг сурталчлах лекц, концерт зохион байгуулахад ч мөн оролцсон доо. Тэр үед Ардын жужигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав даргатай гурван жил хамт ажилласан. Зөвхөн хөгжмийн сургуулиар хязгаарлахгүй сонгодог урлагийн боловсролыг ард түмэнд бодлогоор олгож, соён гэгээрүүлдэг байсан. Бидний хэрэгцээ хаана байна тэнд томилогдон очиж ажилладаг байлаа.
 
-Төгөлдөр хуурчийн хувьд УДБЭТ, Филармонийн тайзнаа бие даасан тоглолтоо хийхэд үзэгчид хэрхэн хүлээн авдаг байсан бэ? 
 
-Жилдээ бараг хоёр удаа бие даасан тоглолт хийдэг байсан. Телевизийн Хөгжмийн редакцийн дарга байсан Алтанхуягтай хамтран төгөлдөр хуурын 20 минутын концерт тоглож байлаа. Сургуулиа төгсч ирчихээд наадмын ойн концертод П.И.Чайковскийн концертыг тоглосон. Энэ концерт төгөлдөр хуурчдын хувьд хүнд зохиолд тооцогддог.
 
-Монголын урлагийн түүхэнд үнэтэй байр суурийг эзэлдэг танай хамт олноос үе үеийн мундаг уран бүтээлчид төрөн гарч мэдлэгээ өвлүүлсээр өдийг хүргэжээ. Энэ хамт олонтой хагас зууны түүхийг бичилцэж буй танд олон сайхан дурсамж байгаа болов уу?
 
-Гадаад, дотоодын соёлын өдрүүдийг зохион байгуулдаг байсан. Тухайн үед Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн болон П.Цэвэлсүрэн гээд ёстой "акул"-уудтай ажиллаж байлаа. Ямар өндөр шаардлага тавьдаг, мундаг хүмүүс байсан гээч. Бид тэр хүмүүсээс маш их зүйл сурснаараа бахархдаг. 1988 онд 40 жил хийгээгүй байсан тоглолтыг Хятадад айлчлан тоглосон. Тэр үед Д.Банди, М.Найдалмаа, Г.Түмэндэмбэрэл гуай, бүжигчдээс Ю.Оюун, Ж.Намнанбаяр нар салбар салбараас шалгараад явж байлаа. Одоо бодоход урлагийн өндөрлөгүүдтэй явж байжээ. Ийм хүмүүстэй хамтран ажиллаж байснаа бодохоор үнэхээр үлгэр шиг бодогддог.
 
-Таныг урлагийн хүн болоход ээж тань их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Өөрөө урлагийн хүн байсан болохоор охидоо ч энэ салбарт ажиллуулах чин хүсэлтэй байсан болов уу?
 
-Миний ээж урлагийн хүн байсан. Залуудаа Бөмбөгөр ногоон театрт сураад Дорноговь аймгийн театрын мэргэжлийн анхны найруулагчаар ажилласан. Тэндээ найман жил ажиллан хотод орж ирээд Аюулаас хамгаалах яаманд орж маршал Ю.Цэдэнбал даргын дэргэд ес, Ж.Самбуу гуайн дэргэд 11 жил ажилласан. Миний аав 15 жилийн өмнө бурхан болсон. Ээж минь 96 насандаа өнгөрсөн жил бурхны оронд одсон. Би аав ээжийгээ өдөр бүр санаж, боддог. Бидний эрүүл саруул, зөв амьдарч байгаа нь аав ээжтэй минь салшгүй холбоотой. Хэдийгээр бид өвөө, эмээ болсон ч унаган хүмүүжил хэзээ ч алдагддаггүй. Тэр хүмүүс бидний замыг зөв заасан учраас өнөөдөр зөв амьдарч байгаа юм. Тиймээс үр хүүхдээ ч аав, ээжийнхээ адил хүмүүжүүлж явна.
 
-Баярт болон гунигт үйл явдал тохиолдоход хүнд хамгийн түрүүнд ээж л бодогддог?
 
-Би Монгол Улсын гавьяат багш болохдоо бурхны оронд байгаа аав ээж, үе үеийн багшдаа мөргөмөөр санагдаж байлаа. Мөн шавь нартаа ч гэсэн талархаж байна. Учир нь, багшийн эрдэм шавьд гэдэг. Өнөөдөр миний шавь нар сурсан шиг сурсан учраас энэ шагналыг надад өгсөн гэж ойлгож байна. Миний багш Киевт ажиллаж байгаа. Удахгүй багштайгаа уулзах бодол байна. Багш маань намайг гавьяат цол хүртсэнийг сонсоод маш их баярлах байх.
 
-"Монгол хүүхэд аливаа зүйлийг хурдан сурдаг" гэж гадаадынхан хэлдэг. Урлагийн салбарт ч гэсэн монгол хүүхдийн авьяас чадварыг гайхсан, магтсан нь зэрэгцдэг. Энэ талаарх таны бодлыг сонсмоор санагдлаа?
 
-Монгол хүүхдийн ген ондоо гэдгийг манай салбар бүрээс харж болохоор байна. Оюун ухааны академийн сурагч, шатар, даам тоглож байгаа хүүхдүүд хэрхэн цойлон гарч ирж байгааг харахад үнэхээр бахархмаар санагддаг. Ганцхан монгол хүүхдүүд гендээ барддаг юм уу их залхуу. Энэ байдал манай салбарт ч харагдана. Нэг жишээ татъя. Төгөлдөр хуураар хичээллэж байгаа хятад хүүхдүүд унтаж амрах, хооллохоос бусад цагт зөвхөн хөгжмөө л давтдаг. Гэтэл манай хүүхдүүд дөхүүлж байгаад л давтдаг дутагдалтай. Урлаг, спортод системтэй ажиллагаа маш чухал. Харамсалтай нь, манайд тэр нь алга. Үүнийгээ засч залруулбал монгол хүүхдүүд өнөөдрийн амжилтаас хэд дахин илүүг гаргах нөөц өгөгдөлтэй. Бид авьяастайдаа бардаад хөдөлмөрлөхөө хойш тавиад байна. Амжилтад хүрэхэд хоёр хувь нь авьяас, үлдсэн нь хөдөлмөр гэдэгтэй би санал нийлдэг. Монгол хүүхэд төрөлхийн авьяастай. Түүнийг нь хөдөлмөрлөж хөгжүүлэх л хэрэгтэй.
 
-Даяаршсан нийгэмд хүссэн мэдлэг, мэдээплээ авах боломжгой болсон нь та бүхэнд ч давуу тал болж байгаа байх?
 
-Тийм шүү. Хүүхэд заавал багшаас мэдээлэл авалгүй, интернэтээс хүссэн тоглолтоо үзэж, хэн яаж тоглож байгааг харах боломжтой болсон. Хамгийн гол нь хүүхэд өөрөө зорилготой байх хэрэгтэй.
 
-Магадгүй Монголын төгөлдөр хуурчид дэлхийд гарч чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой юү. Дээр нь төр, засаг бодлогоор дэмжиж, Монголын төгөлдөр хуурчдыг олон улсад таниулах хэрэгтэй гэж боддог?
 
-Бодлого, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Нэг хэсэг сонгодог урлагийн хөгжил саарсан ч одоо сэргэж байна. Манайд дэлхийн гарах чадвартай төгөлдөр хуурч олон бий. Тэдний нэг нь СУИС-ийн профессор Ц.Энхтөр юм. Энэ хүн олон тэмцээн уралдаанд оролцсон хүн байхгүй. Гэтэл түүнийг биднээс өөр таних нь цөөн. Өөрөө ч дэндүү даруухан юм даа. Учир нь, сонгодог хөгжим хүнийг даруу болгож хүмүүжүүлдэг.
 
-Та удахгүй шавь нартайгаа Итали явна. Ямар тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах гэж байна вэ?
 
-Би гурван шавьтайгаа Италийн Сицилид болох тэмцээнд оролцохоор явна. Хичээл тарснаас хойш өдөр бүр шахуу бэлтгэл хийж байна. Бид яван явтлаа замын зардал, буудаллах газраа ярьсаар л байна. Тэмцээний такс 150 евро. Буудлыг зохион байгуулагчид заачихсан байдаг учир хямд газар сонгох боломжгүй гээд тоочвол хүндрэл байна. Үүнийг би танд зовлон болгож яриагүй юм шүү. Энэ бүхнийг бид даваад явдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхээр нэг талдаа монголчууд их уужим сэтгэлтэй юм даа.
 
-Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад хөгжимчин болсон хүмүүст ажлын байр олддоггүй бэрхшээл манай улсад бий. Үүнээс болоод зарим нь мэргэжлээ солих ч шаардлага гардаг?
 
-Үүнийг эцэг, эхчүүд мэддэг болжээ. Өмнө нь урлагийн боловсрол олгох гэж хүүхдээ манайд сургадаг байсан эцэг, эх одоо сургалтын төвд ханддаг болжээ. Энэ нь ажлын байр, цалин урамшуулалтай холбоотой. Сургалтын төвд мэргэжлийн бус хүн ч хичээл зааж байна. Тэглээ гээд тэр газрыг хаах эрх бидэнд байхгүй. Миний хэлэх гээд байгаа нь хүн өөрийгөө хөгжүүлж чадвал давхар ажиллаад мэргэжлээ орхихгүй байх боломжтой. Ганцхан мэргэжлийн ур чадвараа ахиулах, сайжруулах хэрэгтэй. Дээр нь таны хэлсэнчлэн сайн хөгжимчин бүр багш болдоггүй. Багш болоход хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь сэтгэл юм.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин