sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Нийслэлийн МХЕГ-аас бүх шатны сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, багш нарын хүрэлцээ хангамж, сургуулийн орчин зэрэгт энэ сарын 15-27-ны өдөр явуулсан хяналт шалгалтаар 18 сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагааг түдгэлзүүлэв.
Шалгалтад нийт 185 сургууль, цэцэрлэгийн хамарсан бөгөөд сургуулийн орчин, багш нарын хүрэлцээ хангалтгүй зэрэг 715 зөрчил илрэв. Үүнээс 200 гаруй зөрчлийг газар дээр нь арилгажээ.
 
НМХЕГ-ын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэн /ЭМБСХ/-ийн  улсын ахлах байцаагч С.Лхагвадулам, “Бүх шатны сургалтын байгууллагуудад хийсэн шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн 75 хувь нь хамарсанаас улсаас зарласан тендер оройтож, засварын ажлын гүйцэтгэл хангагдаагүй ирэх 10 дугаар сард, зарим нь ирэх онд ашиглалтад орох 18 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх боломжгүй байна. Тэдгээр сургууль цэцэрлэгийн сурагчдыг тухайн бүс нутагт ойрхон сургуулиудад тараан сургахыг НБГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн”.
Дээрх шалтгаанаар Багануур дүүргийн 138, Сүхбаатар дүүргийн 54, Хан-Уул дүүргийн 121, 41, Баянгол дүүргийн 164, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 47, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургуулийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-нд эхлэх боломжгүй болов.
НМХЕГ-ийн ЭМБСХТ-ийн дарга Д.Цэнд-Аюуш,“Сургууль цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ хангамж дутуу учраас мэргэжлийн бус, багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй багш нар ажиллаж байсан зөрчил нэлээд хувийг эзлэв. Мөн биеийн тамирын талбайгүй, сургуулийн гадна талбайн орчин хашлагагүй, камержуулалт дутуу зэрэг зөрчил олонх сургуулиудад гарсан. 465 сургууль, цэцэрлэгт  ирэх сарын 1-н гэхэд зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн” гэв.
Нийслэлийн МХЕГ-аас 9 дүгээр сарын 1-15-ны өдөр сурагчдын үдийн цай, дүрэмт хувцасны стандарт зэрэгт шалгалт хийх аж. 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг