sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ДЦС-IV”-т энэ сарын 15-нд гарсан гэмтлийн талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв.
 
Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг ЭХЯ-нд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон. “ДЦС-IV”-д аваар гарахад Монгол тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэдгийг энэ сарын 15-нд болсон аваараас харж болно. Өөрөөр хэлбэл, энэ станцид аваар гарахад бусад станц дагаад тэг зогсолт хийж байгаа юм. Тус станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцах ёстой, оны эхэнд станцид осол гарахад ЭХЯ-наас ерөнхий инженерт нь хариуцлага тооцох албан бичгийг ТӨБЗГ-т хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй.  Түүнчлэн  нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх хэрэгтэй. Нарны эрчим хүч хэрэглэж байх үед бүрхэг өдөр тохиовол цахилгаан үйлдвэрлэл унаж, осол гарах магадлалтай. Тиймээс нарны эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд өгсөн лицензүүдийг цэгцлэх хэрэгтэй. Цаашдаа усан цахилгаан станц байгуулах төслүүдийг урагшлуулах, “ДЦС III”-ыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг цахилгаан үйлдвэрлэдэг болгох хэрэгтэй байна” гэлээ.
 
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
 
-Аваараас үүдэлтэй ямар хохирол учирсан бэ?
 
-Хоёр генераторт гэмтэл гарсан. Шалтгааныг нь нарийн нягтлах хэрэгтэй. Одоогийн байдлаар 3 генератор ажиллаж байгаа. Орой гэхэд 4 дэхийг нь ажиллуулахаар төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр "ДЦС IV"-д  4 генератор шинэчлэх ажил хийж байсан ч аваар гарсантай холбогдуулан өвлийн хэт ачаалал дуусах хүртэл хойшлуулахаас өөр аргагүй боллоо.
 
-Багануур дүүрэгт одоог хүртэл эрчим хүч өгөөгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар?
 
-Аваараас үүдэлтэй хийсэн хязгаарлалт дууссан. Багануур дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй урсгалт засвартай холбоотой цахилгаан хязгаарласан байх.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг