sonin.mn
ХААИС-ийн 60 жилд
 
Хувь заяаны төөргөөр би ер нь хар багаасаа л хөрс шороотой хутгалдаж өссөн хүн. Баруунтурууны САА гэж тэр үедээ баруун таван аймгийг тариа ногоогоор хангадаг 44000 га эргэлтийн талбайтай нүсэр том аж ахуй байв шүү. Эх орныхоо хөрс шороог сайжруулах их мөрөөдөлдөө автсан балчир хүү Москвагийн Их сургуульд таван жил сурахдаа зорилго чиглэлээсээ жаахан хазайж, тэнд намайг эрдмийн далайд умбуулж байсан багш нараа хараад сурсан мэдсэнээ бусдад түгээж явах минь илүү үр өгөөжтэй болохыг ухааран төгсөж ирэнгүүт ийшээ ирэх мөрөөдөл маань бүтээгүй юм. Гэхдээ дарга нарын шахалтаар ХААЯ-нд таван жил ажиллачихаад ХААДС-даа шилжин очсон юмдаг.
Миний хувьд тэр үед Ихо багшаас өгдөг байсан хамгийн хүнд даалгавар бол оюутнуудад унших лекцийнхээ утга санааг бүрэн илэрхийлсэн конспект бичих ажил байлаа. Ярих зүйлийнхээ санааг гараар жирийтэл биччихээд бичгийн машин хэрэглэж сураагүй мань лаборант Цэрэндуламаараа машиндуулах ёстой. Ингээд эхлээд Энхтайван багшаар дараа нь декан Ичинхорлоо багшаар хянуулна. Хэтэрхий товч байна гээд л бангадуулна. “Нэг сайн конспекттой болоод авчихвал хэдэн жил шайригдчихаж болдог юм, наадахаа жаахан дэлгэрүүл” гэж Тайван маань зөвлөдөг байсансан. Манайх гэр Баянхошуунд, хоёр хүүхэд нялх, эхнэр Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд ажилтай, өглөө нөгөө хоёроо ажилд явах замдаа ясли цэцэрлэгт нь хүргэж өгөөд автобусанд чихэлдэн сууна, хоёр гурав дамжиж байж Зайсанд ирнэ, заримдаа ажлаас тав арван минут хоцроно, ёстой л нусаа хацартай наана гэдэг болдог байж билээ.
За тэгээд хичээлээс гадуур лекц дугуйлан, соёл хүмүүжлийн ажил дээр нь сургуулийн намын үүр хорооноос дуудаж, элдэв ажилд дайчлах нь бүр дэндүү. Долоо хоногийн ажлын хуваарийг товчхонд нь дурьдвал Мягмар гаригт миний өөрийн хөөцөлдөж байж орсон МУИС-ын англи хэлний оройн курс, Лхагва гаригт мөн МУИС дээр явагддаг байсан шинэ багш нарын мэргэжил дээшлүүлэх сэтгэл судлагч Бор багшийн курс, Баасан гаригт ажлын дараа нам улс төрийн дугуйлан, Бямба гариг бүрт оюутан багш нарт зориулсан сонсгол мэдээлэл гээд цувж өгнө өө.
Хамгийн зугаатай ажил нь шинэ жилийн өмнөхөн багш оюутнуудын дунд явагддаг урлаг спортын тэмцээн байдаг байсансан. Манай агро-ийнхан аль аль алинд нь нилээн дээгүүр байр эзэлнэ. Гар бөмбөгөөр Энхтайван ахлагчтай баг, Банди ахлагчтай Зоо-гийнхантай ач тач үзнэ, шатраар Долгор ахлагчтай манай баг Мал эмнэлгийнхэнтэй уралцана. Үндэсний бөхөөр бол Баянаа, Сосорбарам, Амгаа гээд улсын цолтой бөхчүүдийг оролцуулахгүй гэсэн журамтай учир аймгийн арслан Цэмбэл гуай мань мэтийн улсын цолгүйчүүдтэй хүч үзнэ. Багш нарын дунд явагддаг байсан урлаг уран сайхны тэмцээн бол бараг тэр чигээрээ л хошин шог байсан даа. 
Аваадорж багш аймгийн арслан Цэмбэлд ачуулж шалан дээр ар нуруугаараа савж унахдаа орь дуу тавьж, Бондоон багш Халзан багш хоёр шатрын тэмцээн дээр барьцалдаж авч,  Бямбажав багш ардын дууг солгой хоолойгоор гонгинуулахад нь оюутнууд савж унатлаа хөхрөлдөж дахиулж байсан зэрэг “онцгой” үйл явдлууд санаанаас яаж гарах билээ.  Төл хүлээн авах, малын хамуу хачиг туулганы ажилд Мал эмнэлгийнхэн дайчлагддаг бол тариа ногоо хадлан бэлчээрийн ажилд манай факультетийн оюутан багш нар зун намаргүй явцгаадагсан.
 
Улс орны амьдралыг НАХЯ хатуу хянадаг цаг үе байж. 1983 оны 9 сард Оросууд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцыг буудаж унагасан тухай Америкийн дуу хоолой станцаас сонссоноо оюутнуудад ярьчихсан чинь тэр доороо сургуулийн намын хороонд хэн нэг нь хошуу өргөчихөж. Баталгаагүй дэмий юм ярьсныхаа төлөө намын даргаас хатуу сануулга авч байж билээ.
 
Анги дааж ажиллах гэдэг нэг талдаа  хариуцлага боловч нөгөө талдаа ихээхэн нэр төрийн хэрэг байсансан. Миний дааж төгсгөсөн ангийн шавь нараас маань эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, газар тариалангийнхаа мэргэжлийн чиглэлээр олон залуус ажиллаж байгааг сонсоход таатай байдаг юм.   Эднээс нэртэй төртэй улс төрч ч юм уу баян чинээлэг бизнесмен гараагүй  ч сайн аав ээж болж, олон үр хүүхэд төрүүлэн өсгөсөн сэтгэлээрээ баян, өрх гэрээ өнгөтэй өөдтэй авч яваа нь олонхи гэдэгт би эргэлздэггүй юм. Даасан ангийнхан маань намайг бас ангийн багш Я.Энхтайван, Л.Батмөнх нарыг ЗХУ руу үдэн мордуулж, доктор болгож, өөрсдийнхөө эгнээнээс Мөнхжаргал, Даваа, гээд олон доктор төрүүлжээ. 
 
Манайх гэдэг айлын нэгэн үеийн амьдрал ХААИС-тай хүйсийн холбоотой билээ. Миний хүү охин хоёр намайг Москвад сурч байх хугацаанд оюутны байранд өсөн торниж, Туулын голд умбаж, Зайсан толгой өөд мацдаг байснаа мартаагүй байгаа.1992 оны өвөл Москвагийн Их сургуульд докторын зэргээ хамгаалчихаад ирсэний дараахан Санжид захирал дуудаж, Агрономын факультетийн деканы албан тушаалд томилсноос хойш үүрэг хариуцлага маань хоёр дахин нэмэгдлээ. Туслах аж ахуйтай болж, хэдэн төгрөгний хуримтлал бий болгох зорилгоор тэр үеийн Зүүнхараагийн САА буюу Мандал сумын ойролцоо Бороогийн голын хөвөөнд хэдэн оюутан аваачин төмс ногоо тариуллаа. Ургац овоо гарч, хурааж борлуулах ажлыг нь Ганбаатар багшдаа даатгаад орхичихсон чинь үр дүнд нэг ч төгрөгийн ашиггүй орлого зарлага хоёр нь тэнцсэн тайлан гаргаж өгч бөөн хэрүүл уруул болж байсансан. 
Деканаар ажиллаж байхад элдвийн хов жив тасрана гэж үгүй. Нэг удаа хэсэг оюутнууд нийлчихээд ангидаа архи ууж байна гэсэн мэдээлэл ирлээ. Очоод хаалгыг нь татсан дотроосоо түгжээтэй, онгойлгож өгдөггүй ээ. Ангийн багш Энхтайваныг дуудууллаа. Мань хүн нэг сандлын хөл барьж аваад л яваад өглөө. Удалгүй манай өрөөнд нүүр нь нилээн улайчихсан амандаа үглэсээр орж ирээд цонхоор хараад зогсчихдог юм байна. 
-Юу болов?
Муусайн шаарнууд чинь архи уугаагүй ч стипендээ аваад баахан пивадож мөрийтэй муушигдсан байна. Хаалгыг нь гаднаас нь түгжчихээд ирлээ, удахгүй давсаг нь чинэж л таараа. Цонхоор шээж магадгүй гээд сахиж байна гэлээ. Оройхон тийшээ анги руугаа явснаа бөөн инээд болчихсон орж ирж билээ. Хаалганы түгжээг нь мултлангуут тэд гүйлдэж гарч ирэнгээ жорлонгийн хаалган дээр очоод зэрэг зүтгээд гацчихсан юм байх.  Энхтайван маань ёстой ширмэн тогоо хагартал тасхийтэл инээдэг хүн байж билээ, Ганбааг маань сургуулийн урт коридороор дуу амандаа аялан хоёр тийшээ савлан алхаж явааг араас нь харах юм бол яг нөгөө пингвин шувуу санаанд ордог, Дүгэрмаа маань дургүйгээ хүрсэн хэнд ч хамаагүй тааруулаад ёгт дөрвөн мөрт зохиогоод дуртай үедээ шүлэглээд хуурдчихдаг байж билээ. Бор багшийн маань авьяас гэнэт цоорч яруу найрагч болсноор барахгүй агуу Есенинийг хүртэл орчуулдаг болсон, гар дээр сунайлтаараа сургуульдаа аваргалаж байсан амьдаа лаборант бүсгүй маань нийслэлийн мэргэжлийн хяналтыг толгойлох болсон гээд үргэлжлүүлбэл эцэс төгсгөлгүй юм болно. Хамтран зүтгэгч ахмад багш нараас нилээд нь Бурханы оронд заларсан байна. Тэдэндээ зул өргөх минь.
1996 оны хавар профессор Төмөржав багш захирал болонгоо гэнэтхэн манай факультетийг Дархан руу нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, Бор багш тэргүүлэн багш оюутны эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж би эсэргүүцэн ажлаасаа халагдах өргөдөл өгч байж билээ. Төмөржав гуай ч тэр дорхиноо бууж өгч шийдвэрээ цуцалсан боловч, би шарандаа ажилдаа буцаж ороогүй юм. Ингэж миний энэ сургуульд ажиллах карьер дуусаж байлаа. 
Дараа нь проректор агсан Н.Алтансүх андтайгаа зөвшилцөн тус сургуулийн дэргэд ФАО-гийн мэдээллийн төв байгуулан ажиллуулж байсан боловч, Содномцэрэн захирлын шийдвэрээр тус төв татан буугдсан юм. Уг нь төвийг 1994 онд анх санаачлан байгуулсны хувьд  тэндээс санхүүжин 2 жил дараалан Улаанбаатар, Дархан хотуудад сургалт зохион байгуулсан нь Агроэкологийн сургуулийн маань гадаад харилцааны эхний суурь болж өгсөн билээ. 
 
Тэр намраа ШУТИС-ийн захирал Бадарчийн санал болгосноор МУИС, АУДС, УБИС, ХААИС, СУИС-иудыг нэгтгэн “Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум” хэмээх ТББ-ын анхны гүйцэтгэх захирлаар давхар ажиллах боллоо. Уг байгууллагын ажил ч идэвхтэй өрнөж, гадаадын их сургуулиудтай холбоо тогтоон ажиллаж эхэлсэн. Миний ажлыг АНУ-ын ЭСЯ дэмжин тэдний зардлаар АНУ-ын дээд боловсролын тогтолцоог судлах суралцах ажлаар 1996 оны өвөл Америк оронд анх хөл тавьж байв. Тус оронд байх 2 сарын хугацаандаа Мичиган, Калифорни, Харвард, Индиана, Пурдугийн их сургуулиуд, Ютагийн коллежи, Охайогийн их сургуулийн ажил байдалтай танилцсан юм. Ингэж бэдэрч явахдаа амжуулан  Пурдугийн их сургуулийг ХААИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш ХААИС-иас маань хэд хэдэн оюутан түүний дотор шавь Ш.Алтанбадралт тэнд суралцан докторын зэрэг хамгаалсан билээ. Би ирэнгүүт хамгийн түрүүн сургуулийн сургалтын төлөвлөгөөг АНУ-ын их дээд сургуулиудын хэв загвараар өөрчилж эхэлсэн нь мөн ч олон хүний дургүйг хүргэж байж билээ. Ялангуяа оюутнуудад өөрсдөд нь сурах хичээлээ сонгох эрхийг өгөх хэсгийг тун олон багш нар эёэргүүцэж байж билээ. 
Одоо бодоход миний амьдралын алтан үеийн нэгээхэн хэсэг энэ сургууль хамт олонтой холбоотой, тэр тусмаа агрономич тариаланчдын маань хөдөлмөрийн шим алтан тариа шаагисан намрын тэр өдрүүд, оюутны хүч хөлс дусалсан ургац хураалтын нүргээнт цаг мөч зарим үед нүдэнд харагдах шиг болдог юм. Анх сургууль төгсчихөөд энд ирж ажиллах мөрөөдөлдөө автан ХААЯамнаас Хаадгар даргаар арын хаалгадуулж байж “мултран” газартариалангийн тэнхимд багшаар хуваарилагдан ирэхдээ ямар их баярлаж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Тэр үед намайг өөрийн хүү шигээ хайрлан тосч авч багшлах их ажлын гарааг эхлүүлж байсан Ичинхорлоо, Товуу Балдандорж, Энхтайван  багш нараа яахан мартах билээ.
Оюутнуудтай ажиллахад хэзээ ч хөгширдөггүй сэтгэл санаа үргэлж залуугаараа байдаг  гэж Товуу багш маань байнга ярьдаг байж билээ. Нээрээ л би өөрийнхөө оюутнуудтай үе тэнгийн мэт харьцдаг, деканаар ажиллаж байхдаа зарим үед болохгүйд нь арга хэмжээ авах гарцаагүй мөчид яс хавталздаг байсансан. 
Энд л би эрдмийн жолоо өвөртлөх аянаа үргэлжлүүлж, олны хүүхдүүдийг сургаж, мөр зэрэгцэн суралцаж нөхөрсөг сайхан хамт олонд удирдуулж удирдалцаж явлаа. Одоо хүртэл энд тэнд явахад багшаа хэмээн дуудуулах сайхан алдрыг би эндээс хүртсэндээ өөрөөрөө биш сургуулиараа бахархаж явдаг юм шүү. 
 
 
 Ш.Пүрэвсүрэн