sonin.mn
ОХУ-ын гавьяат жүжигчин, Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академийн багш Сергей Судзиловскийтай ярилцлаа.
 
Тэрбээр П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналтан бөгөөд 2004 оны Греммийн наадамд нэр дэвшиж байсан алдартай морин хийлч юм.
 
-Сергей Викторович, Монгол Улсад ямар зорилгоор зочилж байна вэ. Манай оронд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Би Монгол Улсад анх удаа ирж байна. Өмнө нь сургуулийнхаа монгол оюутнууд, мэргэжил нэгт нөхдөөсөө танай орны талаар сонсч байсан. Хөгжмийн мэргэжилтэй ч Чингис хааны баатарлаг түүхийг унших дуртай. Тиймээс Монгол Улсын Консерваторид тоглолт хийж, нээлттэй хичээл орсныхоо дараа Чингис хааны морьт хөшөөг үзэхээр төлөвлөсөн. Би шавь нартайгаа Улаанбаатарт ирсэн. Монголын уран бүтээлчид биднийг халуун дотноор хүлээн авсан нь хоёр орны найрамдалт харилцаа хичнээн бат бөх болохыг илтгэж байна. А.Хачатурян, Д.Шостакович зэрэг Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд Монголд алдартай гэж сонссон. Тиймээс эдгээр хөгжмийн зохиолчийн сонатуудаас тоглохоос гадна барууныхны морин хийлд зориулсан бүтээлийн талаар нээлттэй хичээл орно. Дашрамд дурдахад, уран бүтээлийн анд, Буриадын хөгжмийн зохиолч Баир Дондоковын морин хийлд зориулсан “Монгол партита” гэх сайхан бүтээлийг Монголын тайзнаа анх удаа тоглоно. Би хэдхэн хоногийн өмнө Буриадад аялан тоглолтоо хийсэн. Улаанбаатарт тоглолтоо хийх мөрөөдлийг минь Баир Дондоков биелүүлж, Монголын уран бүтээлчидтэй холбож өгсөн.
 
-Та урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?
 
-130 гаруй бүтээл бий.
 
-Монголын хөгжимчид, Консерваторийн сурагчдын ур чадварын талаар та юу хэлэх вэ?
 
-Монгол Улсын Консерваторийн сурагчид тун чадварлаг.
 
Ялангуяа морин хуурын ангийн сурагчдын сонсгол, мэдрэмж гайхалтай юм билээ. Хэдийгээр үндэсний хөгжим ч гэлээ морин хуураар Европын сонгодог бүтээлийг тоглож болдог нь миний анхаарлыг гойд татлаа.
 
Энэ жил Монгол-Зөвлөлтийн хамтарсан арми Японы армийг Халхын голд ялсны 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойг тохиолдуулан Монголын морин хуурчдыг ОХУ-д урьж тоглуулах бодолтой байгаа юм.
 
-Та дэлхийн олон орноор аялан тоглосон уу?
 
-Би АНУ, Герман, Англи, БНСУ, Франц, Финланд, Швед, Австри, Испанид аялан тоглолт хийсэн. Москвагийн соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн олон улсын уралдааныг зохион байгуулсан. Монгол Улс миний нээлттэй хичээл орж буй Азийн хоёр дахь орон болж байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин