-Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг том бодлогын төвшинд, юуны түрүүнд стратегийн ордуудтай холбож үздэг явдал зөвхөн манай улсад төдийгүй дэлхий бусад орнуудад байнга хэрэглэгддэг лут арга зүй мөн. Ашигт малтмалын стратегийн ордууд нь тухайн орны үндэсний үйлдвэрлэлийг болон эдийн засгийг нь бие даасан замналаар, хараат биш гольдролоор хөгжүүлэх тийм хувь тавилантай билээ. Тийм ч учраас, эдгээр ордыг заавал төрийн хараа хяналтанд байлгадаг учиртай. Тэр тусмаа, Монгол улсад өнөө үед гадны эдийн засгийн дайралт, гадаад худалдааны болон үнийн интервенц, шулаач капиталын өнгөлзлөг зэргээс ашигт малтмалын стратегийн ордуудыг хамгаалах, хадгалан үлдэх лут ухаалаг бодлогын үндсэн дээр ариг гамтай алсыг харж ашиглах явдал зарчмын ач холбогдолтой болчихоод байна.
 
Стратегийн орд нь Монгол улсын үндэсний орлогыг, үндэсний бүтээгдэхүүнийг гурав дахин, тав дахин, арав дахин өсгөх тийм гайхамшигтай ордууд юм.
 
Манай үндэсний орлого зөвхөн ганц Эрдэнэтийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад 5 дахин өсгөх чадавхитай байсныг бидний тооцоо харуулсан. Стратегийн ордыг зөвхөн олзворлох, тэгээд гадагш нь зөөх чиглэлээр ашиглалтанд оруулах нь бага буурай орны хувьд маш их хохиролтой байдаг. Харин стратегийн ордыг үйлдвэрлэл эдийн засгийн иж бүрэн цогцолбор хэлбэрээр амилуулах нь, ялангуяа манай орны хувьд түүхэн их ач холбогдолтой болчихоод байгаа юм. Энэ бүгдийг бид ярихдаа бас нэг чухал асуудлыг хөндөх шаардлагатай. Стратегийн ордыг ашиглалтад оруулахад анхдагч хөрөнгө оруулалт, анхдагч үндэсний хуримтлал шийдвэрлэх рольтой байдаг. Анхдагч үндэсний хуримтлал стратегийн ордын нийт хөрөнгө оруулалтад гуравны хоёр хувийг эзэлж буй нөхцөлд тухайн төр уг ордын хувь заяаг гартаа барьж залуурдах асуудал нааштай шийдэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, анхдагч үндэсний хуримтлал гадаадын хөрөнгө оруулалтаас давамгайлна гэсэн утгатай юм. Харин стратегийн ордын хөрөнгө оруулалтад анхдагч үндэсний хуримтлал гуравны нэгээс доош хувьтай болчихвол гадаадын капитал уг ордын хувь заяаг гартаа оруулахыг зайлшгүй эрмэлзэж эхэлдэг. Өнөө үед ийм байдал манай стратегийн ордууд дээр үүсчихээд байгаа. Ер нь төр үнэхээр ард түмний засаглалд түшиж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг том бодлогын байр сууринаас шийдэх боломжтой болдгийг хэлэх нь зөв байх. Үндэсний үйлдвэрлэлийн үр ашгийн шалгуурыг, мөн эдийн засгийн бие даасан хөгжлийн шалгуурыг гадаадын хөрөнгө оруулагчдад яс маханд нь шингэтэл ухааруулан ойлгуулж тухайн стратегийн ордыг гадны хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулахдаа стратегийн ордын олборлолт, борлуулалт, ашгийн хуваарилалт, удирдлага, зохицуулалт, хяналт, бүх төлбөр тооцоо энэ бүгд страгегийн ордын жинхэнэ эзний мэдэлд байх ёстой гэдгийг гадны хөрөнгө оруулагчтай заавал тохирсон байх ёстой. Эдгээр асуудлын хүрээнд гадны хөрөнгө оруулалтыг стратегийн ордыг ашигласнаас олох ашгаар нөхөхдөө 2.5 дахин гэсэн итгэлцүүрийг хэрэглэх нь төрд ч, гадаадын капиталд ч, аль алинд нь ашигтай байх учиртай. Стратегийн ордод ашиглах хөрөнгө оруулалтын хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй, ямар ч алдаа мадаггүй тогтооно. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт тухайн стратегийн орд дээр 2 тэрбум доллар байна гэж үзвэл ордын ашигласнаар олох ашгаас 10-12 жилийн дотор уул хөрөнгө оруулалтыг бүрэн нөхөж, хөрөнгө оруулагчдад дээрээс нь нэмж 3 тэрбум долларыг уул ордын хишиг болгож өгөх учиртай. Гадны хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн нөхөж, ордын хишгийг хүлээлгэн өгсний дараа тухайн орд бүх хөрөнгө оруулалтын зардлаа нэгэнт нөхсөн учир нийт ард түмний өмч гэдэг ардчиллын зарчмаар үйл ажиллагаагаа явуулах учиртай юм. Асуудлыг ингэж шийдэхгүй учраас гадаадын капитал, стратегийн том ордыг заавал өөрийн өмчлөлдөө авч, бүх ашигт малтмалыг нь эзэгнэх, валютийн орлогоос зөвхөн татварыг нь төлж, буурай орны эдийн засгийг хөл дээр нь тавих том бодлогыг таягдан хаях тийм эсэргүү үйл ажиллагаанд гадаадын том капитал орооцолддог нь бүр жам болчихоод байгаа юм. 
 
Бид Африкийн орнуудын асар их үнэ цэнэтэй том том ордуудыг империалист орнуудын том том шулаач компаниуд яаж хоосруулж цөлмөснийг гадарладаг билээ. Бид гадаадын капиталыг улс төрийн бодит шалгуурын хүрээнд улс орны хөгжилд нааштайгаар хүчийг нь ашиглах явдлаас татгалзаагүй. Манай улсын хөгжилд гадаадын капиталын оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэхдээ юуны өмнө улс төрийн гурван чухал шалгуурыг ашигладгийг энэ дашрамд дурьдая. Дээрх шалгууруудыг би Эрдэнэтийн зэс молибдений орд дээр анх хэрэглэсэн. Эрдэнэтийн орд ашиглалтад ороход Монголын үндэсний орлого 5 дахин өсөх тийм тооцоо бидэнд байсан. Уул ордын ашгийн дийлэнх хэсэг нь анхан шатны боловсруулалтын үед биш харин эрдэс баяягийг нь иж бүрэн бояовсрууяах үед бүрэн хэмжээгээр тодорхойлогдоно гэдэг нь тогтоогдсон юм.
Стратегийн орд нь манай эдийн засгийг шууд хөл дээр нь сүндэрлүүлж босгох, улмаар үндэсний үйлдвэрлийг бие даасан замналаар урагшлуулах их боломжийг нээж байсныг бид мэдмэгц стратегийн орд ямар чухал ач холбогдолтой болдгийг 1970-аад оны үед ойлгосон билээ. Нийгэм эдийн засгийн төлөвлөгөөнд стратегийн ордыг тусгаж оруулахдаа уул төлөвлөгөөг стратегийн ордгүйгээр зохиох, ийм төлөвлөгөөг стратегийн ордтойгоор боловсруулах аргачлалыг хэрэглэсэн. Энэ нь стратегийн орд Монголын нийт эдийн засагт нөлөөлөх лут чиглэлүүдийг тогтооход зарчмын ач холболтой байсан юм. Гэтэл бодит амьдрал дээр Эрдэнэтийн орд ашиглалтад орсноор Монгол улсын үндэсний орлого 5 дахин ч өсөөгүй. Тэр ч бүү хэл 2 дахин ч өсөөгүй. Хамгийн харамсалтай нь Үндэсний орлого хорьхон хувиар өсөх тийм тооцоо гарсан юм. Манай үндэсний орлого 1970-аад оны дунд үед 4.2 тэрбум төгрөг байв. Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад орсноор ердөө л 900 сая төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 20 хувиар өслөө л гэсэн үг. Байдал нэгэнт ийм эвгүй эргэснээс стратегийн ордыг үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны диалектикийн сүлжээнд оруулахын тулд улс орны эдийн засгийн жинхэнэ дүр төрх буруу гольдрол руу гулссаныг илчлэхийн тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг ашиглах шаардлагатай тулгарсан. ЗХУ-ыг социалист гүрэн биш, харин далд колоничлогч гүрэн мөн гэсэн улс төрийн дүгнэлтэнд тулгуурлаж, далд колониалист мөлжлөгийн нормыг, улс орны баялгийн цөлмөлт хоосролын итгэлцүүрийг, бас хөрөнгө оруулалт, жижиглэнгийн гүйлгээ хоёрын харьцамж, цогц блансжилтын үзүүлэлтүүд үнийн зөрүүний нэгдсэн хүснэгт зэргийг боловсруулж, эдийн засгийн ерөнхий зураглалыг гаргасан билээ. Үүнтэй уялдуулж, капитал өгөөжийг, өөрөөр хэлбэл фонд өгөмжийг үр ашгийн нэгдсэн шалгуур үзүүлэлтээр авч, түүнийг эдийн засгийн өр төлбөртэй холбож үзсэн. Энэ бол далд колониализмыг илчлэх, түүний жинхэнэ нүүр царайг тодорхойлоход бидний хэрэглэсэн арга зүй мөн байв. Хожим үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын ерөнхий схемийг үнэлж цэгнэхдээ бид дээр дурьдсан шалгууруудыг ашиглаж, улмаар дээрх ерөнхий схемийг манай үйлдвэрлэх хүчний далд колоничлолын ерөнхий схем болж хувирсныг тогтоов. 2000 оноос хойш ялангуяа, Оюутолгойн ордыг ашиглах асуудал хурцаар тавигдсан үед бас гадаадын том компани, уг ордыг эзэгнэхдээ холбогдуулж, Оюутолгойн ордын техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэвлэлд нийтлэгдсэнийг дээр дурьдсан үнэлгээний шалгууруудаар цэгнэн дүгнэж, улмаар неоколониалист мөлжлөгийн норм маш өндөр төвшинд тогтоогдсоныг зон олондоо сонордуулсан билээ. Өнөө үед Оюутолгойн ордоор далимдуулж Фрийдланд Монгол улсад эдийн засгийнхаа ноёрхлыг тогтоох гэж улайрч байгааг дээрх нео-колониалист мөлжлөгийн нормтодоос тод гэрчлээд байгаа. Энэхүү мөлжлөгийн нормын цаана Оюутолгойн ордын асар их нөөцийг богино хугацаанд цөлмөж дуусгах агуу их хоосролын итгэлцүүр нуугдаж байгааг бид хэлэх ёстой. Тэгээд зогсохгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээг хамаагүй ихээр давслан нэмэгдүүлж байгаа нь манай улсын нийт жижиглэн худалдаалах бараа гүйлгээний хэмжээнээс Оюутолгойн ордын хөрөнгө оруулалт илүү болчихоод байгааг ‘‘фрийдландчууд” олж хараагүй явна. Улс төрийн том бодлогын шалгууруудаар стратегийн ордуудыг үнэлж цэгнэх явдал зарчмын лут ач холбогдолтой гэдгийг бид дээр дурьдсан амилаг баримтуудаар харуулахыг хичээсэн болно. Дээрх  асуудалтай холбоотойгоор бид Эрдэнэтийн ордын асуудлыг бас өөр нэг өнцгөөс тайлбарлая.
 
ЗХУ-ын их удирдагч Брежнев Эрдэнэтийн ордоос хүртэх валютийн орлогын 5 хувийг жил бүр монголчуудад үлдээж, уул орлогын 95 хувийг их гүрэн хүртэх бодлогыг амилуулахдаа өөр нэгэн том асуудлыг шийдэхэд Эрдэнэтийн ордын нэмүү бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлийг давхар тооцоолсон байжээ.
 
Энэ нь юу гэсэн чиглэл вэ гэвэл 1978 оны 12-р сарын 14-д Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад ороход 1979 оны 12-р сарын 25-д ЗХУ Афганистанд цэргээ оруулсан ажээ. Зөвлөлтийн дээд удирдлага Афганистаныг хоёрдах Монгол болгоно гэсэн улс төрийн лут томъёоллыг дэвшүүлсэн байв. Яагаад Зөвлөлтийн дээд удирдлага Монгол улсад Ардын хувьсгал ялснаас хойш 58 жилийн дараа Афганистаныг Монгол улс шиг болгоно гэж улс төрийн том зорилтыг дэвшүүлсэн юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Монгол улс бол үнэндээ Зөвлөлтийн дээд удирдлагынхны том том улс төрийн туршилтуудын бэлтгэл бааз, хавсарга улс болж байжээ гэдэг нь дээрх жишээгээр нотлогдож байна. Үүнээс гадна Афганистаны дайныг санхүүжүүлэхэд Эрдэнэтийн ордын их хэмжээний нэмүү бүтээгдэхүүн чухал ач холбогдолтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Зөвлөлтийн дээд удирдлага Монгол улсыг өөрийнхөө эзэгнэлд хялбархан оруулсан шигээ Афганистаныг бас богино хугацаанд өөрийнхөө нөлөөллийн хүрээнд оруулж чадна гэж тооцоолсон ажээ. Афганистаны ерөнхийлөгч Аминийг хоёр хүүхдийнх нь хамт Оросын тусгай отирад устгаж, ерөнхийлөгчийн ордныг эзэлснээр Афгинастаны дайн эхэлсэн. Энэ дайн бараг арван жил үргэлжилж, эцсийн эцэст ЗХУ том ялагдал хүлээх лут шалтгаан нь болж өгөв. Америкийн нэгдсэн улс ЗХУ-ын эсрэг эдийн засгийн нууцлаг дайн өдөөж, Зөвлөлтийн валютийн орлогыг цөлмөж дуусгах үйлдлээ гурван жил дараалж явуулсан. Нефьт 20 долларын үнэтэй байхад түүнийг 6 доллар болгож, ЗХУ-ыг 8 долларын алдагдалд оруулж чаджээ. Ингэснээр Афганистаны дайныг санхүүжүүлдэг нэг чухал эх үүсвэр алга болов. Горбачёв үүнийг харгалзаж, өөрчлөн байгуулалтын бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл Яковлев гэдэг нөхөр архидалттай тэмцэх ажлыг өрнүүлж, архинаас төсөвт ордог орлогыг эрс багасгаж, байдлыг улам хүндрүүлсэн. Бид энэ бүгдийг ярьдгийн учир юу вэ гэвэл том гүрэн буурай орны стратегийн ордыг том бодлогоор цөлмөж, эцэс сүүлд нь дайн дэгдээж, Афганистаныг Монгол шиг болгоно гэж дөвчгөнөж байгаад яаж балардгийг түүхэн туршлага бэлээхэн бидэнд харуулж байна.
Монголчууд бид стратегийн ордуудыг эдийн засгийн бие даасан байдлыг хангах асуудалтай холбож үздэг нь буруу биш. Үүнтэй уялдаатайгаар монголчууд бид зөвхөн эдийн засгийн тусгаар тоггнолыг яриад зогсохгүй бас улс төрийн тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнолыг байнга хөнддөг билээ. 
 
Тусгаар тогтнолыг зөвхөн Монгол улсын төвшинд төдийгүй бүүр Их Монгол улсын хэмжээнд ярьдаг байсныг бид мэдэх учиртай. Их Тэмүжин Чингис хааны үед тусгаар тогтнолыг Их Монгол улсын төвшинд ярьж тодорхойлж байсныг бид зон олондоо сонсгоё гэж бодож байна. Үүнтэй шууд уялдаатайгаар Их Монгол улсын амь гэсэн нэгэн чухал ухагдахууныг Их Тэмүжин Чингис хаан зориуд онцолж ярьдаг байв.
 
Бид Монгол улсын амь гэсэн ойлголтыг ер нь хэрэглэдэггүй. Гэтэл Их Монгол улсын амь хэмээх том ойлголтыг 13-р зуунд ярьж байсан нь үнэхээр анхаарал татаж байгаа зүйл мөн. Долоон биеэр оршдог тусгаар тогтнол бол Их Монгол улсын амь мөн гэж Их Тэмүжин Чингис хаан томъёолсон билээ. Тусгаар тогтнол долоон биеэр дамжиж амилна гэдэг тун сонирхолтой томъёолол болж байна. Их Тэмүжин Чингис хаан Их Монгол улсын амийг бас Монгол түмэн гэсэн ухагдахуунтай уялдуулж тайлбарласан байдаг. Бид эдгээр ойлголтуудыг товчхон боловч тодруулахыг эрмэлзэж байна. Тусгаар тогтнолыг долоон биеэр төлөөлүүлж ярих нь нийт монголчуудын сэтгэхүй, гэгээрэхүй, ямар төвшинд очсоныг бид ухааран мэдэх учиртай. Тусгаар тогтнолыг амилдаг долоон бие гэдэг нь ул бие, засаг бие, сэхээрэл бие, орон зайн бие, ухаан бие, оюун бие, соёл бие зэргийг хэлж байгаа юм. Ул бие нь агуу амьдрахуйн жаяг гэсэн утгатай. Засаг бие нь их засгийг, сэхээрэл бие нь дээд сэхээрлийг илтгэдэг бол орон зайн бие нь хамтын хариуцлагыг ухаан бие нь улсаа өмөөрөн босоо оршихуйн есөн ухааныг хэлж байгаа юм. Оюун бие нь улс болохуйн найман бүтээвэрт оюуныг төлөөлж байна. Соёл бие нь оюуны хаан, улс гэрийн тооно гэсэн утгыг агуулж явдаг. Энэ долоон бие нь харилцан шүтэлцээтэй бөгөөд есөн ухаан, найман оюун нь агуу амьдахуйг баталгаажуулж, их засаг нь дээд сэхээрэл, дээд соёлоор гэгээрч улмаар хамтын хариуцлагаар агуу амьдрахуйг залуурддаг гэсэн төгс утга санааг тусгаар тогтнол гэдэг ойлголтонд шингэсэн ажээ. Тусгаар тогтнол Монгол түмэн гэдэг ойлголттой шүтэлцэхдээ Монгол түмнийг тархинаас үүсэлтэй, төрөөс орчилтой, засгаас бадралтай ард түмэн мөн гэсэн нэн чухал томъёолол тусгаар тогтнол гэсэн ойлголтын цаана хадгалагдаж явдаг. Монгол түмэн хэмээх ойлголтыг Их Тэмүжин Чингис хаан зон ард, айл ард, эл ард гэсэн гурван ойлголтоор тодруулж, зон ард улсын үндэс, айл ард нь ундрахын иш, эл ард нь бадрахын цомирлог гэж тодорхойлсон байдаг. Тусгаар тогтнолтой холбоотойгоор 2 чухал томъёолол бас гарч ирсэн. Нэг нь, алтан дээд үнэнээр гэгээрэхүй. Нөгөө нэг томъёолол нь өнгөрснөөс ирээдүйг өнөөдөр бадраах жаяг юм. Энэ хоёр томъёолол Их Засгийг ардач шинжтэй гэдгийг тод томруун илэрхийлдэг юм. Бидний саяын дурьдсан тусгаар тогтнол Монгол түмэн Их Засгийн ардач шинж зэрэг нь бидний өвөг дээдсийн улс төрийн сэтгэхүй өндөр шатанд хүрснийг харуулж байна. Бид өвөг дээдсийнхээ улс төрийн гүн ухааныг, улс төрийн сэтгэхүйг сэргээж, орчин үетэйгээ цаашдаа Их Монгол улсын асуудалтай холбох шаардлага улам их гарч байна. Их Тэмүчин Чингис хаан долоон биеэр оршдог тусгаар тогтнолыг Их Монгол улсын амь мөн гэж томъёолсон нь өнөөгийн монголчууд бидэнд их зүйлийг сэтгэж, бодож, гэгээрч явахыг сануулсаар байна.
 
Доктор П.Нэргүй