sonin.mn
Төрийн албаны зөвлөлөөс дараах шийдвэрийг гаргажээ. 
 
Хууль бус томилгоог хүчингүй болголоо
 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэнийг сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Төрийн албаны зөвлөл хяналт шалгалт явууллаа.
 
Төрийн жинхэнэ албанд, төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь  намын гишүүнчлэлээс түдгэлзээгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөл үзэв.
 
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу чөлөөлж, тухайн албан тушаалын сул орон тоог хуулийн дагуу нөхөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл хүргүүлснээр тухайн иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн хэрэгжилтийг хангасан байна.
 
Сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээллээ
 
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд энэ сарын 18-ны өдөр мэдээллээ. Сонгон шалгаруулалтыг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэхдээ, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах юм.  Ирэх тавдугаар сарын 13-ны өдөр зарлалд өгөгдсөн агуулгын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
 
Жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байртай холбоотой зөрчлийг арилгана
Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгална гэж заасан байдаг.
 
Гэвч жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацаа нь дууссаны дараа эдгээр албан хаагчид урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргадаг ч, эгүүлэн томилохгүй байгаа зөрчил илэрч байгаа тул Төрийн албаны зөвлөлөөс энэхүү зөрчлийг арилгах тал дээр анхааран ажиллахаа мэдэгдлээ.