sonin.mn
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа  хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их хуралд 500 төлөөлөгч оролцож холбооны дүрэмдээ нэмэлт,өөрчлөлт оруулж ирэх дөрвөн жилд НАМЗХ-г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. НАМЗХ-ны VI Их хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар  УИХ-ын гишүүн Н.Учрал  тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо. 
 
Одоогоос дөрвөн жилийн өмнө НАМЗХ V-р  Их хурлаа хийх гэж МАН-ын нөлөө бүхий залуучууд хоёр хуваагдан тэмцэлдэж явсан.  Хэн бодлого тодорхойлж, хэн бусдыг манлайлах гэхээсээ илүүтэйгээр хэн нь амбиц ихтэй, бас олон тойрон хүрээлэгч, их бэл бэнчинтэйгээ үзэх гэж үзэлцсэн энэхүү өрсөлдөөнд “Хунтайж нарын бүлэг” хэмээн нэрлэгдсэн Н.Номтойбаяр,О.Содбилэг тэргүүтэй нөхдүүд ялалт байгуулж, “МАН-ын залуучууд баян, ядуугаараа хуваагдлаа” гэдэг мэдээлэл нийгэмд том цохилт болон очиж байсан түүхтэй. 
 
Г.Тэмүүлэнгийн хувьд НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хугацаа нь дууссан. Гэвч тэрээр дүрмээ зөрчиж Их хурлаа хуралдуулахгүй байсан учир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дүрмийн дагуу хурлаа хийхийг чиглэл болгосоны дагуу НАМЗХ-ны VI Их хурал хуралдаж чадлаа. 
Шинэ Ерөнхийлөгчөө сонгосон НАМЗХ-ны Бага хурал өнөөдөр хуралдаж цаашид хийх ажлын зорилго зорилтоо тодорхойлох юм байна. НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Учрал ажлаа  авсан даруйдаа хэлсэн үгэндээ :  “Энэ нийгэмд байгаа залуучууд болгоныг боловсролтой болгоход анхаарч ажиллая, боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байдаг, боловсролтой нийгэмд ядуурал бага байдаг, боловсролтой нийгэмд татварын орлого өндөрсдөг, боловсролтой нийгэмд технологийн хөгжил хурдасдаг, боловсролтой нийгмийг бүтээгчид нь залуучууд өөрсдөө байдаг. Тийм ч учраас Монгол орны 4 зүг найман зохист байгаа НАМЗХ бол оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх энэ ажилд ханцуй шамлан орох ёстой. Бид эвлэлдэн нэгдэж залуучууд одоо зөвхөн ирээдүйгээ нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр залуучуудын байгууллага шиг ажилладаг болох буюу нам доторх залуучуудыг дэмждэг урам зоригийг нь бадраадаг, эрмэлзлийг нь төрүүлдэг ийм галтай цогтой байгууллага байхын төлөө зүтгэнэ” гэсэн юм. 
Ямартай ч өмнөх удирдлага нь ажлаа авахаас эхэлсэн дуулиан шуугиан, ашиг сонирхолын зөрчлүүд, ганц хүний улс төрийн ашиг сонирхолын төлөө ажилладаг хэмээн нийгэмд харагдаж байсан НАМЗХ бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Намын залуус төдийгүй нийгэмд залуучуудын дуу хоолой болж тэдний төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ажиллах эрч хүчээр оргилсон шинэ баг наадмын дараа шууд ажилдаа орохоор зэхэж эхлэв.  
 
П.Ядам