sonin.mn
Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмааг ВВС сайт онцолжээ. Уг сайтад гарсан нийтлэлд бүсгүйчүүд юуг ч хийж чадна гэдгийг харуулж буй Н.Байгальмаа тэмээгээрээ 12 мянган километр аялж Монголоос Лондонд хүрэхээр зорьж байгааг дурдсан байна. ВВС сайтын сэтгүүлч түүнтэй цөөн хором ярилцсан бөгөөд яагаад аялах болсон, ямар саад бэрхшээл учирч буй талаар ярилцлага өрнүүлсэн аж. Н.Байгальмаа аль хэдийнэ Хятад, Казахстан улсад тэмээгээр хүрчээ. Мөн -50 хэмийн хүйтэнд говьд аялж байсан тухай ч ярилцлагадаа дурдсан байна.
 
Н.Байгальмаа “Алхам тутамд саад бэрхшээлтэй тулгарч байгаа. Гэвч бид үүнийг даван туулж чадна. Би залуу бүсгүйчүүдэд урам зориг өгөхийг хүсч байна. Эрчүүд намайг “Чи чадахгүй, чи бол эмэгтэй хүн. Гэртээ хань ижлээ халамжлах ёстой гэж байсан.
 
Гэхдээ энэ бүхэн миний хүсэл мөрөөдөлд нөлөөлж чадаагүй. Биеийн хүчээр нэгийг сэтгэлийн хүчээр нэг зуу, нэг мянгыг ч давж чадна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. “Steppes to the west" хэмээх түүний аяллын эцсийн зогсоол Лондон хот юм. Н.Байгальмаа тэмээнүүдээ өөрөө сургадаг аж. Тэмээтэйгээ сэтгэл зүрхнээсээ холбогдож чадвал тэд юу ч хийж чадах ухаантай амьтан гэдгийг мөн онцолжээ. Тэмээний зан байдлаас болоод аялал нь зарим тохиолдолд саатдаг тухай ч өгүүлсэн байна. Учир нь, тэмээ нь заримдаа хөдлөхгүй, явах дургүй болчихдог гэнэ. Н.Байгальмаа 12 жилийн туршид Монголын аялал жуулчлалын салбарт ажиллажээ.
 
 
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин