sonin.mn
АН-ын лидерүүдийн нэг Ч.Сайханбилэгийн хэлдгээр цаг хугацааны хайчинд ордог уу эсвэл ерөөсөө энэ намынхан төрийн эрх барихаараа алсын хараа, улсын хөгжлийг умартдаг уу бүү мэд, Монгол Улсын сүүлийн хэдэн жилийн түүхийг харахад ийм л дүр зураг харагдаад байна. Товчхондоо, АН эрх барьсан он жилүүдэд эдийн засаг уруудан доройтоод зогсохгүй улс орон дефольт зарлахдаа тулдаг. Цаашлаад гадаад, дотоодын өр зээлд дарагдаж, мега төслүүд зогсохдоо хүрдэг жишиг тогтчихож. Эргээд энэ бүхнийг засч залруулах ажлыг МАН хийдэг болсныг та бид бэлхнээ харж байна.
 
Монгол Улс 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгуулийг зохион байгуулсан байдаг. Энэ хугацаанд АН-ынхан түүхэндээ хоёрхон удаа олонх болж байсан нь 1996-2000, 2012-2016 он байв. Тэдний засагласан он жилүүдэд нийгмийг доргиосон ямар асуудал үүсч байсан бэ. 1996-2000 онд улс төрийн нөхцөл байдал өмнө нь байгаагүй хурцадсан, улмаар тухайн үеийн Засгийн газрын сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн дуулиант хэрэг гарч байв.
 
Энэ тухайд олон төрлийн дүгнэлт, гаргалгаа хийж болох ч хэн хүний нүдэнд илхэн өрнөсөн зүйл нь АН-ынхан төрийн эрх барихаараа хэрхэн хагаралддагийг тод томруулан харуулсан юм. Нөгөөтэйгүүр тухайн үед төрийн өмчийг шамшигдуулсан их хувьчлалыг өрнүүлснээс гадна төрийн өмчийн банк дампуурсан зэргээр улсын хөгжлийг уруу татсан хэд хэдэн томоохон алхмыг АН-ынхан гардсан нь өдгөө ч түүхийн хуудаснаа үлдсэн. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2012-2016 онд АН-ынхан засгийн эрхийг дахин гартаа авсан нь өдгөө өрнөж буй олон болж бүтэхгүйн үндэс суурийг тавьжээ. 2012 онд МАН-ынхан төрийн эрхийг хүлээлгэн өгөхөд эдийн засаг түүхэнд байгаагүйгээр буюу 17.5 хувийн өсөлтийг үзүүлж байлаа. Харамсалтай нь, АН-ынхан дөрөвхөн жилийн хугацаанд орвонгоор нь эргүүлж, 2016 он гэхэд Монгол Улс эдийн засгийн чадамжгүй болж, олон улсад дефольт зарлахдаа тулсан байдаг. АН засагласан дөрвөн жилийн хугацаандаа “Чингис”, “Самурай” зэрэг томоохон дүнтэй бондыг олон улсын зах зээлээс босгосон ч улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд наалдахуйц зөв бодлого явуулаагүйн бодит жишээ нь эдийн засгийн өсөлт 0 заасан явдал.Өмнө нь байгаагүй өсөлтийг үзүүлж, дэлхийд гайхуулж байсан эдийн засаг уналтад орж, Монгол Улсын хөгжил хэдэн жилээр ухарсан юм. Товчхондоо, МАН хоёр алхам урагшуулж, АН энэ чинээгээр ухраадаг болчихож. 
 
 
Монгол Улс ирэх онд дээр дурдсан их хэмжээний бондын үндсэн өр, төлбөрийг төлнө. Гагцхүү энэ мөнгийг ямар бүтээн байгуулалтад, хэрхэн зарцуулсан бэ. Эсвэл иргэдийн халаас руу оруулсан уу. Тодорхой ганц ч хариулт үгүй. Хамгийн хачирхалтай нь АН-ынхан энэ бүхний бурууг хэзээ ч үнэнчээр хүлээн зөвшөөрч байсангүй. Асуудалд ажил хэрэгчээр хандаж ирсэнгүй. Тэд гагцхүү сурсан зангаараа аливааг улстөржүүлж, асуудлыг мушгин гуйвуулсаар өдийг хүрэв.
 
 
АН-ЫН БАЛГААР “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРСОН Ч НДШ-ИЙГ НЭМЭХГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭВ
 
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан засгийн эрх барьсны балаг өдгөө хэрхэн илэрч байна вэ. Энэ тухайд хоёрхон жишээ татъя. Өнгөрсөн зунаас эхлэн Монголчуудыг түгшээсэн үйл явдал. Манай улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын “Саарал жагсаалт”-д багтах тухай асуудал байв. Дараагийнх нь 2020 оны эхнээс ажилчин төдийгүй ажил олгогчдын зүгээс төлөх НДШ-ийг тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх тухай асуудал. Энэ бүхний далайлт иргэдийн амьдралд шууд нөлөөлөх учраас нийгэмд томоохон доргилт үүсгэж, ард түмнийг багагүй бухимдуулсан. Хэзээ, хэний хийсэн үйлийн үр гэдэг нь ойлгомжтой. Аанай л АН-ынхан 2015 онд засгийн эрх барьж байхдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж, их хэмжээний хууль бус мөнгийг эдийн засагт оруулсан нь олон улсын байгууллагын анхааралд Монгол Улсыг оруулсан байдаг.
 
Удаах асуудлын угшлыг АН-ынхан 2012 онд тавьсан. Тодруулбал, тэд 1996 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй олон хүнийг ажилласан болгож, тэтгэвэр тогтоосноор Нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан. Үүнээс өмнө мөн л тус намынхан НДШ 19 хувь байсныг шалтгаангүйгээр таван хувиар бууруулж, олон нийтээс оноо авах гэсэн явуургүй улс төр хийсэн нь өдгөөгийн нөхцөлд хүргэсэн байх юм. АН-ынхан улс удирдсан он жилүүдэд үр хойчдоо балагтай олон шийдвэр гаргаж байсан нь энэ. Энэ бол АН-ынхны Монголын улс төрд авчирсан муу жишиг.
 
Угтаа аль ч нам засгийн эрхэнд гарсан Монгол Улсын хөгжил зогсолтгүй урагшилж байх учиртай. Гэтэл нэг нь хоноцын сэтгэлээр хандаж, нөгөө нь эзний ёсоор засч залруулдаг байх учиргүй. Үр чинь үлдэх хорвоод зөв амьдар гэдэг шиг аль ч намын, хэнбугайн ч үр хүүхэд ирээдүйг бүтээлцэхийг санаж амьдармаар байгааг АН-ынханд тусгайлан сануулъя. АН-ынхан ийм байдалд хүргэсэн гээд Ардын намынхан гар хумхин суусангүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх байсныг болиулах шийдвэрийг өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргалаа. Ингэснээр иргэн та сард авч буй цалингийнхаа бараг 30 орчим хувийг НДШ-д төлөх байсныг ийнхүү болиулаад байна. Харин “Саарал жагсаалт”-ын тухайд нэгэнт багтсан учраас богино хугацаанд гарахаар албаныхан ажиллаж эхэлсэн. Иргэдийн гадаад валютын гүйлгээндхязгаартогтоох, орж гарах мөнгөнд хяналт тавих зэрэг эрсдэлт нөхцөл үүсэхгүй байхаар зохицуулсан. Энэ тухайд нөхцөл байдал хэрхэн өрнөсөн, ямар учир шалтгаан байсан талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.
 
С.ЧИНЗОРИГ: БИД АН-ЫНХНЫ ХИЙСЭН БАЛГИЙГ АРИЛГАХ ГЭЖ Л АЖИЛЛАЖ БАЙНА
 
-АН-ынхан 2007 онд дөрөв арвын татварын бодпого хэрэгжүүлнэ гэж хэлээд гэнэтхэн л НДШ-ийн хэмжээ 19 байсныг таван хувиар бууруулчихсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд НДШ-ийг үе шаттай нэмэгдүүлсэн нь үндсэндээ тухайн үед /2007 онд/ бууруулсныг нөхөх нэг хэлбэр.
 
“Портуна” Батбаяр нарын гишүүд гэнэт л ийм хууль санаачлаад батлуулчихсан. Энэ бол эдийн засгийн тооцоо, судалгаа үндэслэл гэхээсээ АН улс төр хийгээд татвар, шимтгэл бууруулах амлалт өгөөд дөрөв арвын бодлого гэгчийг хэрэгжүүлнэ гээд НДШ-ийг бууруулсан явдал. Үүний зэрэгцээ 2012 онд мөн л АН-ынхан ажил хийгээгүй хүмүүсийг ажилласанд тооцоод тэтгэвэр тогтоочихсон зэрэг нь өнөөдөр Нийгмийн даатгалын сан алдаглалтай ажиллах гол үндсэн шалтгаан болсон. Нөгөө талаас Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь УИХ-аас баталж буй эдийн засгийн үндэслэл, тооцоо муутай зарим хуулиас болсон.
 
Тухайлбал, 2012 онд мөн л АН-ынхан 1990-1995 онд ажилласан жилийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан гаргасан. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд огт ажил хийгээгүй хүмүүсийг ажилласнаар тооцоод тэтгэвэрт гаргачихсан. Мөн 1995-2000 оны хооронд НДШ төлөөгүй иргэдийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлснөөс тооцоод НДШ-ийг нь нөхөн төлүүлэх тухай хууль батлаад хэрэгжүүлчихсэн. Гэтэл 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9500 төгрөг байсан. Үүний арван хувиар тооцоод 950 төгрөгөөр бодсон байдаг. 2002 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 24 мянган төгрөг байсан. Үүний арван хувь буюу 2400-хөн төгрөг төлүүлчихээд одоогийн тэтгэвэр авч буй иргэдтэй адил хэмжээний тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлчихсэн. Энэ мэт алдаатай бодлого, шийдвэрээс болж сүүлийн дөрвөн жилд Нийгмийн даатгалын санд ирсэн зардал, ачаалал өнөөдөр 700 тэрбумаар нэмэгдчихээд байгаа юм. АН-ын үед улсын эдийн засаг уруудаж, дефольт зарлахдаа хүрсэн. Тухайн үеийн эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, төсөв санхүүгийн үрэлгэн зардал зэрэг нь өнөөдөр олон сөрөг үр дагаврыг үзүүлж байна. Тухайлбал, АН-ынхан засгийн эрх барьж байхдаа өндөр хүүтэй олон төрлийн зээлийг авсан. Түүнийх нь үндсэн төлбөрийг бид ирэх жилээс төлөх гэж байна. Энэ мэт тооцоо судалгаагүй бодлого явуулснаас эдийн засагт сөрөг үзүүлэлт үүсэх, Нийгмийн даатгалын сан алдагдалд орох зэрэг эрсдэл үүссэн. Товчхондоо, бид АН-ынхны хийсэн балгийг арилгах гэж л ажиллаж байна шүү дээ.
 
Т.АЮУРСАЙХАН: АН-ЫНХАН ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОДЫН ХУУЛИАР ӨӨРСДИЙН НЭР ХОЛБОГДСОН АСУУДЛЫГ ДАЛДЛАХ САНАА АГУУЛСАН НЬ “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРОХ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
 
-ФАТФ-ын зүгээс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлд Монгол Улс хамтран ажиллахгүй байна гэх үндэслэлээр асуудал үүсгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад асар их далд эдийн засаг байна гэж үзсэн. Далд мөнгийг ил болгох чиглэлд хангалтгүй ажиллаж байна, эргэлзээ дагуулсан мөнгөний эх үүсвэр байна, шүүхийн шатанд болон хуулийн байгууллагын түвшинд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор илрүүлж, таслан зогсоох, улмаар шүүхийн шатанд энэ төрлийн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж буй зэрэг нь туйлын хангалтгүй байна гэж үздэг. Ийм нөхцөл үүсгэсэн гол үндэслэл нь яах аргагүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болсон. Тодруулбал, 2015 онд ил тод байдлын тухай гэх гоё нэртэй боловч өршөөлийн хууль баталсан явдал. Энэ хуулиин дагуу эх үүсвэр нь эргэлзээтэй асар их мөнгийг өнөөдөр ч эдийн засагт оруулсаар байна. Үүнийг нь ОУВС болон олон улсын холбогдох байгууллагууд анхааралдаа авсан. Гэтэл эргэлзээ дагуулсан их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг Монгол Улс дотооддоо шалгаж тогтоох боломжгүй болчихсон нь асуудал дагуулж эхэлсэн.
 
Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс эрсдэлтэй гэж үзсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж тогтоох боломжгүй болгочихсон. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд ийм зохицуулалт оруулчихсан гэсэн үг. Тиймээс тодорхойгүй хөрөнгө мөнгийг зах зээлд эргэлдүүлж буй аливаа иргэн, аж ахуйн нэгж эх үүсвэрийг нь тайлагнах үүрэггүй болсон. Тийм учраас эх үүсвэр нь хууль ёсных эсэх, мөнгө угаах гэмт хэрэг мөн үү бишийг шалгаж тогтоох улмаар шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа нь “Саарал жагсаалт”-д орох хамгийн том үндэслэл болсон.  
 
2015 онд ийм хууль батлах ямар ч шаардлага байгаагүй. Энэ бол улстөрчдийн хийсэн гэм буруу, санхүү эдийн засгийн луйвар, албан тушаалын гэмт хэргээ өршөөн хэлтрүүлсэн л нэг хэлбэр.
 
 
Манай улс хамгийн анх энэ төрлийн өршөөлийн хууль гаргахдаа ардчиллын тэгш ой гэдэг үндэслэл гаргаж ирээд баталсан байдаг. Ингэснээр бүхий л ял зэмийг өршөөн хэлтрүүлэх хууль гаргаж гутамшигтай, гамшигтай үйлдэл хийсэн юм шүү дээ. Үүнээс хойш хоёр дахь удаагаа 2015 онд дахиж ийм хуулийг баталсны балаг өнөөдөр ч үргэлжилж байгаа нь энэ.
 
 
АН-ынхан өөрсдийнхөө нэр холбогдсон асуудлыг далдлах санаа агуулсан байж болно шүү дээ. Жишээлбэл, хуулийн байгууллагуудаас яллагдагчаар татаад хууль шүүхэд шилжүүлчихсэн олон асуудал ар араасаа хөвөрч байна. Тухайлбал, “Чингис”, “Самурай” бондоос гадна, АСЕМ-ын томоохон зөрчил, Хөгжлийн банкны асуудлыг нэрлэж болно. АН-ыг засгийн эрх барьж байхад 4-5 төсөвтэй явж байсан. Гэтэл Монгол Улс хуулиараа нэгдсэн нэг л төсөвтэй байх учиртай. Өөрөөр хэлбэл, үүний цаана аливаа хяналтгүйгээр төсвөө зарцуулж байсан. Түүнчлэн дээр дурдсанаас гадна тендер, концессын асуудалтай холбоотойгоор маш олон хүнийг яллагдагчаар татаад зарим нь шалгуулаад явж байна. Энэ бүхэнд өнөөх л Эдийн засгийн ил тодын хууль хаалт болоод байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, АН-ынхны баталсан энэ хууль томоохон, далайцтай олон хэрэг зөрчлийг дарж байна
 
 
Д.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин