Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог хөг­жилтэй болон адармаатай явдлын талаар өгүүлдэг “Single ladies” кино анх үзэгчдийн хүртээл болсноос хойш дөрөв дэх ангиа олон нийтэд толилуулахад бэлэн болжээ. “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийнхэн киноныхоо шинэ ангийн талаар өчигдөр өөрийн байрандаа өдөрлөг зохион байгуулж мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагаас “Single ladies-4” киноны талаар тодрууллаа.
 
-Хэдэн сарын өмнө үзэгчдийн хүртээл болох байсан “Single ladies-4” кино цар тахлын улмаас нээлтээ хойшлуулсан. Харин саяхан гарсан шийдвэр уран бүтээлчдийн хувьд баяртай мэдээ боллоо. Та бүхэн ч энэ шийдвэрийн дараа киноныхоо нээлтийг хийхээр болсныг үзэгчид сонсоод эхнээсээ “Ари хүнтэй суусан уу” гэж сонирхон асууж байна. “Single ladies-4” кинонд түүний ажил, амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
 
-Ари илүү ухаантай болсон. Түүний нэлээд зүйл өөрчлөгдсөнийг хүмүүс киноноос харах болов уу.
 
-Киноны шинэ ангийг танилцуулах өдөрлөгт жүжигчин О.Дөлгөөн ирээгүй байна. Тэгэхээр түүний оронд шинэ жүжигчин, шинэ дүр оруулсан гэж ойлгож болох уу?
 
-Өмнөх ангид Дөлгөөн маань Өвөрхангай аймгийн Найман нуурт нэг залуутай “суугаад” үлдчихсэн шүү дээ. Тиймээс энэ удаа ирээгүй.
 
-“Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин бичсэн. Киног зохиолын анхны хувилбараар бүтээсэн үү?
 
-Киноны эх зохиолыг Р.Эмүжин бичсэн. Дараа нь найруулагч Л.Бат-Амгалан зохиол дээр ажиллаж кино зохиол болгосон. Р.Эмүжингийн хувьд дүрийн нэр, Арийн сэтгэл зүйг сайн гаргасан. Мөн бидэнд олон сэдэл өгсөн.
 
-Гол дүрийн дайтай туслах, чимэг болсон дүр “Single ladies” кинонд олон байсан. Энэ удаад ч ийм дүрийг шингээсэн байх гэж бодож байна?
 
-Манай кинонд гол юм шиг туслах дүр бий. Кино багийнхан жүжигчдээ эрэл хайгуул хийж олсон. Ер нь бүгдээрээ ярилцаж байгаад тоглуулах жүжигчнээ сонгодог юм. Шинээр орж ирж байгаа гол дүрийн эмэгтэйгээ зөв сонгож чадсан гэж бодож байгаа. Бид нэг баг болж ажиллаж чадсан.
 
-Киноны өмнө нь гарсан ангиуд таны хүссэн үр дүнд хүрч чадсан уу. “Single ladies-4” киноноос ямар үр дүн хүсэн хүлээж байна вэ?
 
-Өмнөх гурван ангийн тухайд манай кино баг хүссэн үр дүндээ хүрч чадсан. Мөн чадварлаг, сайхан залуусыг гаргаж ирсэн гэж бодож байна. Киногоо хүмүүсийн заавал үздэг кино болголоо. Түүнчлэн бүсгүйчүүдэд урам зориг, хүч өгсөн кино болж чадсан. “Single ladies” кино Ари, Сараа гээд найзынхаа тухай ярьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйцээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болсон гэж бодож байна.
 
 
 
Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд танигдана, нэрлүүлнэ гэдэг том амжилт. Тиймээс ч “Single ladies-4” киноныхоо бүх зүйлийг стандартын дагуу хийхийг хичээсэн. Мөн кинонд гардаг бүх эд зүйлийг шинээр хийлгэлээ. “Single ladies-4”-т киноны ерөнхий зураач нар нэг баг болж ажилласнаараа онцлогтой. 
 
 
 
-Сүүлийн үед кино продакшнууд олширсон. Үүнийг та өрсөлдөөн гэж хардаг уу. Хамтдаа хөгжих боломж гэсэн байдлаар хүлээн авдаг уу?
 
-Зөв бодож, чанартай бүтээл хийж чадаж байгаагийнх нь үйл ажиллагаа цаашид ч өргөжин тэлнэ. Манай улсын хувьд хүн ам цөөн учраас үзэгчийн тоо тэр хэмжээгээр бага. Өөрөөр хэлбэл, зах зээл жижиг. Эсрэгээрээ уран бүтээлчид нь олон байна. Энэ нь биднийг, уран бүтээлчдийг улам хөгжүүлж, шинэ зүйлд сургаж байдаг. Тэгэхээр кино бүтээдэг газар олон байх тусам уран бүтээл, түүнийг бүтээгчдэд дэвшил гарна гэсэн үг. Би хувьдаа хариуцлага, ёс зүйтэй уран бүтээлчид нэмэгдээсэй гэж боддог.
 
-Уран бүтээл чанаржих тусам гаднын зах зээлд өрсөлдөх боломж нэмэгддэг. Та бүхэн шинэ киногоо гаднын зах зээлд гаргах, кино фестивальд оролцуулах бодол бий юү?
 
-Бид Монголынхоо үзэгчдэд дэлхийн хэмжээний чанартай сайн бүтээл үзүүлье гэж зорьсон. Түүнээс биш гаднын зах зээлд гаргана гэсэн бодол байхгүй.
 
-Хамгийн сүүлд танаас хувийн чанартай асуулт асууя. Таны гоо сайхан, гадаад үзэмжийн өөрчлөлт сүүлийн үед охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байна. Өөрийнхөө бие галбир, эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа тухайгаа сонирхуулж болох уу?
 
-Хамаг анхаарлаа ажилдаа хандуулж, өөрийнхөө хөдөл­гөөн багассаныг ч мэдээгүй явжээ. Бид үүнийг өөрсдөө өөрчилж чадахгүй юм билээ. Тиймээс би өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас “Эрүүлмаа” төвийнхөнтэй хамтарч ажилласан. Өөрийн­хөө идэж, ууж байгаа хоол хүнс, хөдөлгөөнд анхаарахаас эхлүүлээд сэтгэл зүйч хүртэл авч ажиллуулсан. Өнөөдрийг хүртэл бид хамтдаа ажиллаад явж байна. Миний өөрчлөлт надад ч таалагдаж байгаа шүү.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин