sonin.mn
Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын тухай өгүүлдэг “Single ladies’’ киноны гол дүрийн нэг жүжигчин А. ТУЯАТАЙ ярилцлаа.
 
-Та “Single ladies” кинонд ганц бие ээжийн дүрийг бүтээдэг. Энэ кинонд анх тоглохдоо 20 гаруй настай байжээ. Тухайн үед дүрээ бүтээхийн тулд судалгаа хийж байв уу?
 
-Би “Single ladies” киноны анхны ангид 24 настай байхдаа тоглосон. Эргэн тойронд маань ганц бие ээж цөөнгүй байсан. Ний нуугүй хэлэхэд, бидний үеийнхэн дунд ганц бие ээж олон. Магадгүй тийм болоод ч тэр үү ганц бие ээжийн дүрийг бүтээх надад хол санагдаагүй. Тэдний олонх нь “Миний охин, эсвэл хүүд төрсөн эцэг шиг нь хандах хүн байх болов уу. Намайг хайрладаг шигээ хүүхдэд минь хандах болов уу” гэсэн айдастай байдаг нь мэдрэгдсэн. Энэ бүхнээс дүрээ ургуулан бодож, бүтээсэн.
 
 
-Киноны анхны анги үзэгчдийн хүртээл болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өөрийн төсөөлж байсан шигээ дүрээ бүрэн дүүрэн илэрхийлж чадсан уу?
 
-Чадаагүй. Одоо ч гэсэн дүрээ бүрэн илэрхийлэхийн тулд хичээж байна. Хүн их шуналтай юм. Ялангуяа сурч, мэдэж байгаа зүйлдээ их шунадаг. Тиймээс илүү сайн болохын төлөө хичээсээр байгаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд сайн сайхан зүйлээс суралцахдаа дундуур байсан юм шиг. Ойрын хэдэн жилээс аливаа зүйлийг харах, дүгнэх байдал өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байна. Хүний сайн сайхан талыг илүү олж харж, өөрт байгаа дутагдлаа мэдэж засах ёстойгоо мэдэрч байна. Дээр нь муу муухай зүйлээс аль болох хол байхыг хичээж байгаа.
 
 
-Та эсрэг дүр бүтээхийг хүсэж байгаа талаараа өмнө нь хэлсэн. Хэрвээ тийм дүрд тоглуулах санал тавибал хүлээж авах уу?
 
-Намайг эсрэг дүрд тогломоор байна гэж хэлсний дараа тийм санал тавьсан. Гэхдээ тоглох эсэхээ бүрэн шийдээгүй байна.
 
-Сүүлийн жилүүдэд тайз, дэлгэцийн бүтээл олноор гарч байна. Гэхдээ та тэр болгон бүтээлд тоглодоггүй. Магадгүй энэ нь таны хувь хүний үзэл бодолтой холбоотой юу?
 
-Жүжигчин хүн олон бүтээлд тоглох нь чухал биш. Бидний тоглосон бүтээлийг хүлээн авч үзэх зах зээл нь ямар билээ. Тэгээд ч кинонд байнга тоглохоор үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхээ больчихдог. Хамгийн гол нь өөрт тохирсон, часхийсэн бүтээлд тоглох нь зөв шүү гэж ахмад уран бүтээлчид захидаг байсан. Тиймээс өөрт таалагдсан дүрээ бүтээхийг хүсдэг юм.
 
 
-Таны биеэ авч яваа байдал, биеийн галбир олны анхаарлыг татдаг. Эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн анхаардаг вэ?
 
-Хүн гоё, сайхан байхын тулд өөртөө арчаатай байх хэрэгтэй. Өөрөөс чинь өөр хэн ч чиний төлөө санаа тавихгүй. Энэ бол чухам үнэнийг цөөн үгээр хэлж байгаа хэрэг юм шүү. Тиймээс хүн өөртөө маш их анхаарал хандуулж, хайрлах хэрэгтэй. Эмэгтэйчүүд аз жаргалаа өөрсдөө бүтээх хэрэгтэй л гэж хэлье дээ.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин