НЬЮ-ЙОРК. /VICE/. “Хү” хамтлаг 2018 онд “YouTube” цахим хуудсанд олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Монгол хэл, соёл аюулд орж байна хэмээн зарим хүн эмээж буй энэ цаг үед тэдний нэр нөлөө улам бүр нэмэгдсээр байна.
2018 онд Монголын хүсэл эрмэлзэл дүүрэн дөрвөн хөгжимчин эх орныхоо гайхалтай байгалийг гайхуулсан дүрслэл бүхий клипүүдээрээ олон сая хүний анхаарлын төвд орсон юм. Тэд хүнд металлыг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд, хөөмийгөөр баяжуулсан “Хүннү рок” хэмээх хөгжмийн шинэ урсгалыг танилцуулсан билээ.
 
 
“Бидний өвөг дээдэс дайчид, эзлэн түрэмгийлэгчид гэдгээрээ танигдсан байж болох хэдий ч хөгжим бол Монголын соёлтой салшгүй холбоотой юм” гэж фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийн гоцлол дуучин Галаа хэлжээ. Тэрбээр “VICE” сэтгүүлд өөрсдийнхөө илэрхийлэл болсон хэв маяг, Монголын бахархал, төлөөлөл болон 2021 онд гаргахаар төлөвлөж буй шинэ цомгийнхоо талаар ярилцлага өгснийг та бүхэнд хүргэж байна.
“Бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн, олон арван мянган жилийн түүхтэй морин хуур, цуур гэх мэт уламжлалт хөгжмийн зэмсгүүдээрээ тоглодог боловч өөрсдийн уран бүтээл, дуунууддаа хөөмийг нэмж хослуулсан. Дэлхий даяарх шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж буй энэхүү урлагаараа бид бахархдаг” гэж Галаа ярьжээ.
 
 
 
 
Бид мэддэг бүх зүйлээ эх болсон монгол хэлээрээ сурсан. Бид энэ цаг үедээ ер бусын "Хүннү рок"  урсгалаар уран бүтээлээ туурвиж буй цор ганц хамтлаг боловч өөрсдийгөө сүүлийнх нь гэж бодохгүй байна. 
 
 
 
“Хү” хамтлагийнхан одоо шинэ цомгоо гаргахаар анх үүсгэн байгуулагдсан Монголын нийслэл Улаанбаатар хотдоо ажиллаж байгаа бөгөөд тэдний алдар нэр, ололт амжилт нь эх орноо гэсэн хайр хүндлэл, хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой байдаг ажээ.
Монголын соёлын томоохон хэсэг болсон хэл, хөгжмөөр олон үндэстэн, овгууд ярьж, дуулдаг. 
Хятадын эрх баригч Коммунист нам энэ оны есдүгээр сард Өвөр Монголын сургуулиудад хоёр хэлний шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг олон оршин суугч эх хэлийг нь мандарин хэлээр солих нь хэмээн үзэж буй энэ үед Галаа ийнхүү хэлжээ.
 
Есдүгээр сард Өвөр Монголд сургуулийн сурагчид, эцэг эхчүүд уг хөтөлбөрийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлсэн нь Хятадын Засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлсэн ховор явдал болсон юм. Мөн олон хүн эх хэлээ хамгаалахын тулд Монгол дуу дуулсан байна.
Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, “хоёр хэлний бодлого” нь хүүхдүүдийн боловсролд аюул учруулж, орон нутгийн сургалтыг сулруулж, монгол хэл, соёлын онцлогуудыг аажмаар үгүй болгох эрсдэл учруулах ажээ. Түүнчлэн наймдугаар сарын 23-нд монгол хэлээр ярьдаг хүмүүсийн хэрэглэдэг нийгмийн сүлжээний платформ болох “Bainu” хаагдсан байна.
 
 
Хэдийгээр “Хү” уг асуудлын талаар шууд үзэл бодлоо илэрхийлээгүй боловч тэдний дуу хөгжим, нэр нөлөө хүмүүсийн дунд өнөө үед улам цуурайтсаар байгаа юм.
“Бид дэлхийн бүх хэлийг сайхан гэж боддог. Хэл бүрийн цаана хосгүй түүх соёлоос гадна тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амин сүнс бий. Монгол хэл бол тэдгээрийн нэг. Бид энэхүү хэлээр ярьж байгаагаараа бахархдаг” гэж Галаа ярьжээ.
 
 
 
Монгол хэл бол бидний эх хэл. Бид эх хэлээрээ өдөр тутам харилцдаг бөгөөд өөрсдийн соёлоор маш их бахархдаг учраас монгол хэлээрээ дуулахаар болсон. Бид бүгд Монголд төрж, олон мянган жилийн турш оршсоор ирсэн хэлээрээ ярьж өссөн.
 
 
 
Мөн тэрбээр, “Бүх хэл сайхан. Хүн бүхэн гарал угсаагаараа бахархаж, түүнийгээ дэлхий дахинд түгээх ёстой. Манай Монгол Улсад бүх сургуульд монгол хэлээр хичээл заадаг. Бусад оронд ч мөн эх хэлээрээ хичээл ордог. Бид бүх улс орон, хэл соёлыг хүндэтгэдэг” гэж хэлсэн байна.
“Хү”-г тайзан дээр байх үед хамтлагийн эрч хүч маш хурдан түгдэг. Хар савхи, түрийтэй гутал, урт үсээр гоёсон гишүүд монгол хэлээр дуулан хөөмийлдөг бөгөөд дууныхаа үгэнд Монголын эртний дайны уриа, шүлгийг оруулдаг юм.
“Хөөмий нь Монголын овог аймгуудын үеэс гаралтай дуулах техник юм. Бидний аав, өвөө, багш нар хөөмийлдөг байсан бөгөөд бид уг техникийг эзэмшихийг хичээхийн сацуу уран бүтээлдээ тэднийгээ хүндэтгэж, бахархахыг хүссэн” гэж Галаа хэлжээ.
 
 
“Хөөмийлж сурахын тулд бид бага байхаасаа эхлүүлэн олон жилийн турш хичээллэсэн. Одоо бидэнд төрөлхийн юм шиг санагддаг болсон тул өөрсдийн дуунууддаа шингээж байгаа юм. Энэ нь биднийг хэн гэдгийг, юу мэддэг вэ гэдгийг, хаанаас гаралтай вэ гэдгийг, юугаар бахархах ёстой вэ гэдгийг илэрхийлдэг” гэж тэрбээр ярьсан байна.
Тэд хөөмийлснөөрөө алс холын Европоос гадна Малайз, Япон зэрэг Азийн бусад орны сонсогчдыг гайхшруулсан бөгөөд зарим нь олны дунд хамтлагийнхантай хамт хөөмийлж эхэлжээ.
“Хү” хамтлагийн шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл 2019 онд үр шимээ өгч, Монголын соёлыг дэлхий дахинд түгээснийхээ төлөө тэд Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонгоор шагнуулсан юм.
“Энэхүү шагналыг хүртсэн мөч бидний хувьд итгэмээргүй санагдаж байсан. Монголынхоо ард түмний хайр хүндэтгэл, дэмжлэгийг хүлээсэндээ маш их бахархсан” хэмээн Галаа ярьжээ.
 
 
“Хү” хамтлагийнхан цар тахлын улмаас Австралид гурван сарын турш гацсан боловч одоо эх орондоо ирээд байгаа бөгөөд цахим тоглолтоо ч хийжээ. Одоогийн байдлаар тэд хоёр дахь цомгоо сонсогчдын хүртээл болгохоор бичүүлж байна.
“Шүтэн бишрэгчдэдээ өөрсдийнхөө илэрхийлэл болсон “Хүннү рок” урсгалын илүү олон дууг хүргэнэ. Бид шинэ уран бүтээлүүдээ гаргах гэж байгаадаа маш их баяртай байна” гэж Галаа хэлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг