sonin.mn

Би цалингүй үеийн оюутан. Эцэг эхээсээ ирсэн мөнгөөр амьдралаа болгоод л байдаг жирийн нэг оюутан байв. Залуу хүнд гэрээс хол байсан учраас наргиж, цэнгэх асуудал гардаг л байлаа. Гэхдээ миний зорилго дээд боловсрол эзэмших байсан. Тиймээс ч оюутны дөрвөн жилийг наргиж, цэнгэхээс илүүтэйгээр сурч боловсроход зарцуулсан.

Намайг оюутан байхад, түүнээс өмнө ч залуус шоу цэнгээнд дурладаг л байсан. Өнөөдрийн оюутнууд ч мөн адил. Харин ганц ялгаа нь тэд төрөөс авдаг цалингаа сурч боловсроход бус харин шөнийн цэнгээний газар, дэн буудлуудыг санхүүжүүлэхэд зарцуулаад байна уу гэж харагдаад байгаа юм.

Оюутны 70 мянга буусан өдөр баарнуудын ширээ дүүрч, дэлгүүрийн лангуун дээрх архи, пивонууд дундардаг гэдгийг олон ч шөнийн сурвалжлага, албаны мэдэгдлүүдээс харсан. Хэрвээ үнэхээр оюутнуудыг архидуулах санхүүжилтийг нь татвар төлөгчид бүрдүүлж байгаа бол энэ тэтгэлэгийг өгөхөө больмоор юм.

Эдийн засгаа хохироон байж зуу зуун тэрбум төгрөг оюутнуудад тараав. Гэтэл бэлэн мөнгө тараалаа гээд боловсролын чанар, оюутан залуусын ухамсар ч сайжирсангүй. Ямар сайндаа нийтлэлч Баабар өнөөгийн залуусын оюун ухаан зургаан настай хүүхдээс дээрдэхгүй нь гэж халаглан бичиж байх вэ дээ.

Гэхдээ бүх оюутан ийм зүйлд мөнгөө үрдэггүй байх. Сурах, амьдрах гээд л өөрт хэрэгтэй зүйлдээ зориулдаг оюутнууд цөөнгүй байдаг биз. Бүр зөвхөн оюутны 70 мянгаар ар гэрээ авч явдаг оюутан ч байгаа. Харин 70 мянга хэрэгтэй оюутныг хэрэггүй зүйлд мөнгө зарцуулдаг оюутнаас яаж ялгах вэ. Энд ганц л гаргалгаа байна.

Юу вэ гэвэл онц сурч, хичээж байгаа, үүргээ гүйцэтгэж байгаа оюутанд л тэтгэлэг олгоё. Харин өдөр хоногийг аргацааж, сурах үүргээ умартсан, архины үйлдвэрийг санхүүжүүлэгчдийг татварын мөнгөөр тэжээхээ болих хэрэгтэй.

Бас нэг санаа нь 70-ыг авч далдганачихаад сургуульдаа автобусаар бус жийпээр залардаг оюутнуудыг машиныг журамлая. Тэд хичээлд суусан юмгүй машинаараа өрсөлдөж байна. Харин ч тэр зогсоолыг нь төлбөртэй болгож эвдэрсэн замаа засахад нэмэрлэе.

О.Жаргал

Эх сурвалж: