sonin.mn

Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн Монгол дайчдын дурсгалд

Дурсахын учир: Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны есдүгээр сарын 3-нд өнөөгийн Израилийн Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын бага шиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсжээ.

Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.

Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагийн удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг "монголчуудын анхны ялалдал" хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ.

Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуү, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт  өгсөн. Харин Айн Жалудад монголын бaг цэрэг цохигдсоноор Арабын өртөнц бүхэлдээ, Мисир орон монголын довголгооноос аврагдаж, түүхийн хүрд oгт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм.

Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм. Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүгэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15-20 орчим мянган цэрэггэй байсан гэдэг.

Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан. Юутай ч Хит Бухийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.

Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу. Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ.

Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийгтооцожүзэххэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлага дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ.

Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Сапихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм.

Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас хоёроос гурав дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм. Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудяд мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.

Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугийн дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав. 1258 оны хоёрдугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ.

Армяны түүхч Киракос "Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу" хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ.

Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ. Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав.

Гэвч Хүлэг хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ.

Тэгэхдээ Тугынхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна. Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаскт тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө.

Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ. Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лапын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ.

Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв. Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ. Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увайгүй Баронуудын урвапга Хит Буха ноёнтон өнөөгийн Израилийн зүүн хэсэгг орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов.

Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын тушиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.

Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардамаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар суут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха...

Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахпаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм.

Б.Номинчимэд

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин