sonin.mn

Улсын баатар Э.Бат-Үүлийг хотын мээрээр тод­роход Улаанбаатарын учир мэддэг хүмүүсийн тал нь баярлаж, нөгөө хэсэг нь гас­лан шагширч байсан юм. Мэдээжийн хэрэг хоёр алгаа хооронд нь хорстол ташин, уухайлж угтсан нөхөд гэвэл түүний намынхан. “Аварга” ч биднийг асуудалгүй ажилд авна гэсэн АН-ын парти­занууд гэсэн үг. Дарга бо­лоод Үүл авсаан авсан, тэд­нийгээ. Авалгүй ч яах вэ.

Угийн жаахан мугуйд зан нь ёс жудагтай эрийн шинжтэй харагдуулдаг тул малын эмчийн мэргэжилтэй намын нөх­рөө хүний эмчийн ажилд тоох ч үгүй тавина гэдгийг түүний нөхөд юу гэж андах вэ.

Гасалж шогширсон нө­гөө талынхан гэвэл хотод ажиллаж байсан, бас ажил­лаж байгаа нэг ёсондоо мэр­­гэжлийнхэн юм. Тэд бо­­­лохоор амьдралдаа аж ахуйн ажил хийж, алга нь цэв­­рүүтэж үзээгүй, зөвхөн улс­­төрийн хэрүүлээр 20 га­руй жил хоол хийсэн нөхөр гэв гэнэт тодорсонд тун их харамсаж байв. Аргагүй ээ, Улаанбаатар хотыг урд нь аж ахуйн талын хүмүүс удирдаж ирсэн түүхтэй учраас тэр.

Хотоо мэддэг, хотыг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал хог, жорлонгоос эхэлдэг, өглөө эрт босч, орой хамгийн сүүлд унтахын зэрэгцээ, нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг, хоол хүнс гээд тү­мэн ажил, мянган зовлонд дараастай явдагийг мэддэг, тийм хэмжээний ачааллыг их бага хэмжээгээр авч бас дааж ирсэн хүмүүс өдий зэргийн юмыг мэдэхтэйгээ байлгүй яа гэж.

Тиймээс тун туршлагатай хүн л ирэх байх гэж хуучин шигээ бо­дож сууж л дээ. Гэтэл яав. Өлсгөлөн тэмцэл, хэрүүл уруул, жагсаал цуглаан, үймээн самуун гээд буруугаа харсан улстөрийн амьдралд үсээ цайтал ухамсарт амьд­ралаа зориулсан Э.Бат-Үүл маань хотын дарга болох нь тэр.

Тэгээд л хөөрхий мань баатар ёстой л баруун зүүнгүй савж гарсан даа. Орой бол­гон нийслэлийнхэндээ үлгэр ярьдаг болов. Улаан­баатарын утааг ул мөргүй устгана гэв. Замын бөг­лөрөлийг ор мөргүй арил­гана гэв.

Одооноос эхлээд ус, тог тасрахын гачланд улаан­­баатарчууд унахгүй гэ­лээ. Гэр хорооллыг барил­гажуулна хэмээв. Тэгэхдээ хамгийн гайхамшигтай нь айлуудын хашааны газрыг хэл­сэн үнээр чинь авна гэлээ.

Та нар өөрийн гэсэн газартай хамгийн баян хүмүүс шүү хэмээн энэ үгээ улам бататгав. Хүнсний аюулгүй байдлыг маш сайн хангана гэв. Үнэгүй шахам мах ногоо та нар зооглох болно гэж амлалаа. Зөвшөөрөлгүй барилгуудыг бүгдийг нь нураахаар болов. Зорчигч тээврийн ком­паниудын үйлчилгээ өндөр хэмжээнд хүрнэ гэх зэргээр савж өгсөн юм.

Гэхдээ чин үнэнийг хэлэхэд түүний энэ үлгэрт итгэсэн хүн чухам хэр олон байсныг тааж хэлэх тарган лам биш болохоор үнэндээ мэдэхгүй байна. Харин нөхцөл байдлыг орон зай, цаг хугацаа, талаас нь дүгнэдэг хүмүүсийн хувьд хөх инээдээд барьж ядан байв. Улстөрчид угаасаа худалч гэдгийг маш сайн мэддэг хэсгийнхэн ч түүний энэ амлалтад итгэхгүй байлаа.

Ялангуяа Э.Бат-Үүлийн хувьд асуудлыг өөрт таатайгаар дэвэргэж, дундаас нь ашигтай гардаг нэг муу “40 мянгатын” зангаа хэзээ ч тавихгүй гэд­гийг мэддэг болсон хү­мүүс юу гэж дүүнд итгэх вэ дээ. Ер нь улстөрчид бусдыг хэрхэн турхирч босгоод улмаар нөгөөдүүлийнхээ улаан нүүр, амь нас, ууц нуруу, гэр бүлийн эмгэнэл дээр дөрөөлөн өөрсдөө төр засгийн дээд шатанд очдог жишээг манайхан өнгөрсөн хугацаанд харахаараа нэг боллоо шүү дээ.

Хамгийн сонгодог шилдэг жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1. Тракторчдыг авчирч талбай дээр жагсаан хүссэндээ хүрсэн Э.Бат-Үүл бол тэд­ний л нэг өрөөсөн гуя. Нөгөөдүүлийг нь ба­рив­чилж, ийш тийш нь чирсэн нөгөө намынхан ч гэж таарсан таар шуудай.

Э.Бат-үүл тэр үед хэнд хамгийн их баярласан бол гээч. Хотын цагдаагийханд байх. Тэд л тракторчдыг бужигнуулж, түүний төлөв­лөгөөг хэрэгжихэд мундаг туслалцаа үзүүлсэн.

Ний нуугүй хэлэхэд 1990-ээд он гэдэг цаг үе, нийгмийнхээ байдлын хувьд 1937 оныхоос огт өөр бай­сан юм. Европод өрнөсөн салан тусгаарлах үйл явц, өөрчлөн байгуулалт, зах зээлийн нийгэмд Польш зэрэг орон хөл тавьсан гээд монголчуудын хувьд дуулж сонссон, харж үзсэн зүйл их байлаа. Манайд ч ийм зүйл болох нь дамжиггүй юм байна гэсэн гаргалгааг олон хүн аль эрт хийчихсэн байсан үе л дээ.

Мөн Польшийн Гданьскийн жирийн нэг гаг­нуурчин эндээс од шүүрч, төр толгойлж болдогийг бас манай овсгоотонгууд олж харалгүй яахав. Нөгөө­тэйгүүр угийн тайван монголчууд үймж жагссан нэг­­­нийхээ өөдөөс цэрэг цаг­даа хөдөлгөхгүй нь хэнд ч тодорхой байсан юм.

Гэхдээ нийгэм нь ямар байлаа, цэрэг хөдөлгөвөл яасан юм бэ гэсэн ганц нэг бодолтой хүн байсныг үгүйсгэхгүй. За ямар чиг л байсан Э.Бат-Үүл эндээс баатар цол авахын хэмжээний үймээн самуун болоогүй юмдаг. Тиймээс ямар гавьяа байгуулсныг нь хүн бүхэн л өөр өөрөөр тайлбарлах биз.

Харин ихэнх хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд Ц.Элбэгдорж найздаа жийгдэхдээ асга­руулсан нулимсны нь нөхөн төлөөс гэж үздэг. Тиймээс уг нь ухаантай хүн бол энэ цолоо эргүүлээд өгчих байсан юм.

Ю.Цэдэнбалын дүрийг бүтээсний төлөө төрийн шагнал олгоход түүнийг нь буцаагаад тушаасан жүжигчин Ц.Төмөрбаатар шиг. Гэвч мань хүн яасан гэхээр, “Манай намынхан, Ардчилсан холбооныхны байгуулсан гавьяаг үнэллээ гэж бодоод авчихлаа” гээд маасайтал инээж суув. Үнэхээр тийм юм бол одоо тэр баатрынхаа тэмдгийг Монголын ардчилсан хол­бооны туган дээр Э.Бат-үүл дарга өөрөө зүүгээд өгчих нь ардчилал, шударга ёсонд нийцнэ л дээ.

Одоо тэгвэл эрхэм хотын даргын “Толь” Гэндэн, “Толгой” Шаравынх шиг үлгэр хэрхэн төгссөнийг сонирхоё. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах үлгэр нь хоромхон зуур амар сайхандаа жаргаж, зарим нь баригдаад дуусч байна.

Дуусаагүй нэгнээс нь хүн амьтан унаж үхээд л. Гэр хорооллын барилгажилт гэдэг үлгэр зун дөхөөд ирэхээр Улаанбаатарын утаа арилдаг шиг замхрав. Харин ч айлуудыг газраас нь хүчээр хөөх журам гаргахаар ярилцсан сураг ч дуулдав. Алдарт утаа нэмэгдсэнгүй, хорогдсонгүй, яг хэвээрээ. Ер нь утаа гаргадаггүй гал хөс гэж юу байх вэ дээ, нохой долоо. Одоо мөн л нөгөө утаагүй зуух гэгчээ тараа­гаастай.

Хятад, Туркээс авчирч шахаастай. Энд зориу­лагддаг тэр их мөнгө хэний захиалгаар хаашаа ордог юм бүү мэд. Гэхдээ гялайж гялтайх ганц нэг юм бий бий, хөөрхий. “Гудамж” төслийн хүрээнд хэд хэдэн зам, уулзвар сайхан болсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Маргалаа гэхэд үүнийг чинь Э.Бат-Үүл бус муулуулаад байдаг Засгийн газар, “Чингис” бондын мөнгөний ач гавьяа гэх хүн бас гарахыг үгүйсгэхгүй. Замын түгжрэл саарсаан, саарсан. Гэхдээ иргэдийнхээ эрх чөлөөг боосон журмын хүрээнд л бага зэрэг саарсан байх.

Нийтийн тээврийн асуудлыг шийдэх гээд долоо хоног хотыг бужигнуулаад, даший шог. Тэрбум тэр­бумаар нь автобусны компаниудад мөнгө өгч иргэдээ бухимдуулах нь мөнгө цохих Э.Бат-Үүлийн багийн цоо шинэ арга гэх хүмүүс ч байна билээ, базарваани. Төрийн эргэлт гарч байгаа юм шиг л болсон шүү дээ.

Огтхон ч тайлбарлалгүйгээр ганцхан өглөө л бужигнуулаад, бид ч бужигнаад, автобусны компанийн жирийн ажил­тан, зорчигчдын хоо­ронд хөөрхөн дажин болсон юмдаг. Бас төмөр замаар хоёр вагон чирсэн галт тэрэг явуулаад нөгөөх нь 28 сая төгрөг зараад хоёр сая төгрөгийн орлого олсон тухай ч чимээ анирдаж байх жишээтэй. Онигоо онигоо.

Энд эрхэм хотын даргын төрөлхийн хувьсгалч өвчин хөдөлсөн гэж огтхон ч бодохгүй байна. Харин эрхэм улстөрчийн төсвийн мөнгөнөөс хэрхэн хусах жаахан бүдүүлэгдээ арга байсан юм биш биз гэх хардлага төрдөг.

Яагаад гэхээр урд орой нь мар­гаашаас эхлээд манай автобусууд ийм тийм сай­хан болно, үйлчлэгч нар нь бараг энэ дэлхийд байхгүй эелдэг болно гэх зэргээр уран донгодож байсан за­хир­­лууд тэр цаг үеэс хойш таг чиг алга болсон юм.

Мөн тасалбар энэ тэрээ өдөр өдрийн өнгөтэйгөөр нэлээд эртнээс бэлтгэчихсэн байсан болохоор энэ бүх­нийг маш сайн зохион бай­гуулалттай луйвар байсан байж магадгүй хэмээн хардах эрхээ Э.Бат-Үүлийн ачаар олж авсан ард олны төлөөл ярих болсон байна билээ. АТГ нь шалгаасай билээ.

Одоо ч тэр муугүй мөн­гийг чухамхүү өөрийн­хөө популист ажиллагаанд зориулахаар Засгийн газ­раа, бас нэг яамаа баруун солгойгүй гөвж байна. Уг нь хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгөн дүн бүхий нийслэл хотод хэрэгжих төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлж ирсэн, мөн санхүүжүүлж байгаа, ирэх онуудад санхүүжүүлэх тө­лөв­лөгөөтэй юм билээ.

Нийтдээ Улаанбаатарын ир­гэдэд хэрэгтэй 23 маш том төсөл байгааг та энэ банкны сайт руу ороход л харчих боломжтой. Эдгээр нь дот­роо задрахаар бас л гар хөлийн байтугай хурууны тооноос давахаар юм хараг­дана билээ. Эдгээрийн ихэнх нь “Чингис” бондын мөнгө.

Мөн Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Саму­рай бонд, Кммерц банк санхүү­жүүлэх төсөл ганц нэг харагдсан байх. Ерөнхийдөө эдийн зааг дэлхий нийтээрээ хямарч байгаа үед ийм мөнгө хотод олдож, энэ төслүүд хэрэгжиж байгаа нь нийслэлчүүдийн хувьд ёстой л чамлахаар чанга атгахаар зүйл. Гэтэл мөнгө бага өглөө дахиад нэм гээд л яг гудамжны хулигаан шиг хаа сайгүй хашгираад байгаа харагдах юм.

Аж ахуй удирдаж үзээ­гүй улстөрчид популист алхам хийх мөнгө мөнхөд дутаг­дах нь дамжиггүй юм. Алга нь цэврүүтэж үзээгүй хотын даргын нэгэн төрх нь энэ.

Эх сурвалж: