sonin.mn



МОСКВА. /NHK/. Украинаас Крым салан тусгаарлан ОХУ-д нэгдсэний нэг жилийн ойг тохиолдуулан болсон жагсаалын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “манай улс гадны хүчин зүйлээс үүдэлтэй аливаа бэрхшээлийг даван туулж чадна” гэж хэлжээ.

Путин Крымын засаг захиргаа болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийн хамт лхагва гарагт Москва хотод болсон жагсаалд оролцсон байна.

“Крым бол зөвхөн Оросын газар нутгийн нэг хэсэг биш. Крым бол стратегийн ач холбогдол бүхий газар нутаг” гэж Ерөнхийлөгч Путин онцлон хэлжээ.

Украины хямралтай холбоотойгоор АНУ болон барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсан билээ.

Путин цааш нь ярихдаа “ОХУ гаднаас үүдэлтэй бүхий л асуудал, бэрхшээлийг даван туулж чадна. Утга учиргүй хориг арга хэмжээг ажралгүй давна” гэж хэлжээ.

“Крым бол Оросын нэг хэсэг” гэсэн үг бүхий уриа лоозон Москвад болсон жагсаалын үеэр олонтоо харагдаж байна.

Крымд болон улс даяар болсон жагсаал цуглаанд нийт 700 мянган хүн оролцсон гэж ОХУ-ын ДХЯ мэдэгдлээ. Москвад болсон жагсаалд 110 мянган хүн оролцсон байна.

Крымыг нэгтгэсэнтэй холбоотойгоор үндсэрхэг үзлийг өдөөхийн тулд Путины засаг захиргаа хэвлэл мэдээллийг  ашиглаж байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон бий.

Г.Доржханд

 

Эх сурвалж :Монцамэ