sonin.mn
 
 
 
 
 “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор  Монгол Улсын сайд асан, академич Т.Намжим гуайг урьж, Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслүүдийн талаар ярилцлаа.
 
 - Та Тавантолгойн ордыг ашиглах талаар цөөнгүй удаа  санал зөвлөмж хүргүүлж  байсан. Тэгэхээр энэ ордыг ашиглах бодол хэзээнээс төрж байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
 
- Би Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн бөгөөд Улсын Төлөвлөгөө, Эдийн Засгийн Хорооны Тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа 1988 онд Япон улсын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар яриа хэлцэл хийсэн. Тэр үед Тавантолгойг ашиглах талаар Японы холбогдох талтай санал солилцсон. Тухайн үед Япон улс, Якутын Нюрнгрэний ордын коксжих нүүрсийг импортлож байсан юм. Мөн Эдийн засгийн төв байгууллагын удирдлагад ажиллаж байхдаа   Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хуучнаар ЗХУ-ын Ленинградын Гипрошахт хэмээх уул уурхайн зураг төслийн институтээр хийлгэж байлаа. Гэхдээ тэр үеийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан тул өнөөгийн нөхцөлд ТЭЗҮ-ийг шинээр хийх шаардлагатай. Миний хувьд Тавантолгойн ордыг ашиглахсан гэсэн бодол 30 шахам жилийн өмнөөс төрж зарим эхлэлийн оролдлого хийж байтал 1990 оны хавар бидний үеийн буюу Д.Содном гуайн тэргүүлж байсан Засгийн газар огцорсон.
 
- Тэгвэл энэ удаагийн Тавантолгойн гэрээний талаар та ямар  бодолтой байна?
 
- Тавантолгойн ордыг ашиглах нь манай улсын эдийн засагт ахиухан үр өгөөжтэй байж болох юм гэдгийг юуны өмнө  тэмдэглэе.
 
Одоо энэ ордыг ашиглах талаар Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн охин компани болох “”Энержи Ресурс Корпораци” болон Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа” компанийн бүрэлдэхүүнтэй консорциумтай  манай Засгийн газар Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын талаарх концессийн гэрээний төслүүд бэлтгэгдсэн байгаатай танилцсан. Гурван гэрээний төсөл нь  Тавантолгойн ордыг, тээвэрлэх төмөр замтай нь хамт бүхэлд нь (100 хувь)дээрх хоёр компанийн мэдэлд өгөх агуулгаар хийгджээ. Энэ  зарчмын  ноцтой асуудал. Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл, Тавантолгойн ордыг бүхэлд нь гадаадын компаниудын мэдэлд өгөх асуудал байж боломгүй.
 
Тавантолгойн ордыг гадаадын компанийн мэдэлд өгөх чиг баримтлалаар хийгдсэн гэрээнүүд нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль зэрэг олон хуультай үл нийцэх зүйл заалттай байгаа нь  зохисгүй.
 
Мөн гэрээнүүд нь хоёр талын эрх үүргийн зохицуулалтын хувьд, үндсэндээ гадаадын төлөөллийн компанийн монополь гэхээр давамгай эрх дарх, ашиг сонирхолыг баталгаажуулсан агуулгатай  байна.
 
Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн үндсэн талбай болох Цанхийн хэсэгт нүүрсийг өмчлөх эрхийг эдлэж, олборлох, боловсруулах, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох, нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, борлуулалтын үнийг тогтоох зэрэг асуудлыг гадаадын харьяалалтай “Энержи ресурс” компани бие даан шийдвэрлэх эрхтэй байх зүйл байгаагаас үзэхэд  Монголын талд мэдэлцэх, оролцох үйл хэрэг тун хомс байх бололтой.Эдгээрээс   үзвэл, Тавантолгойн ордыг ашиглах тухай бэлтгэгдсэн гурван гэрээний төслийг хүлээн зөвшөөрч батламжлах үйлдэл яаран хийж боломгүй.
 
 - Тэгвэл Тавантолгойн ордын талаар ямар зарчим баримтлах нь зохистой гэж та  үзэж байна?
 
-Тавантолгойн орд Монгол Улсын үндэсний хэмжээний томоохон төсөл болох учиртай. Миний хувьд уг ордыг ашиглах талаар хэд хэдэн  зарчмыг баримлах нь зүйтэй гэсэн  бодолтой байдаг. Тухайлбал:
 
Нэгд, ихээхэн хэмжээний анхны хөрөнгө оруулалт шаардлагатай. Экспортын чиглэлтэй энэ ордыг хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглах, тэгэхдээ манай улсын холбогдох хууль зарчмын дагуу Монголын талын өмч эзэмшлийн хувь хэмжээ 51 хувь байх нь зохистой. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд мөнөөх Люксембургийн хамааралтай “Энержи ресурс” компани 51 хувийг, Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа” компани 49 хувийг эзэмшихээр тусгагдсан нь  хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй байх болов уу.
 
Хоёрт,  нүүрсийг манай орны нутгаар тээвэрлэх Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг Монголын төмөр замын байгууллагад хэвээр байлгах, тээвэрлэлтийн ажиллагааг манай улсын төмөр замын байгууллага эрхлэн явуулж байх зарчмыг баримтлах нь зүйн хэрэг юм. Гуравт,Тавантолгойн ордыг анхнаасаа хэсэглэн хуваахгүйгээр, шаардагдах дэд бүтцийн байгууламжийн хамтаар цогцоор нь шийдвэрлэх, тийм чиг баримтлалаар ТЭЗҮ боловсруулах нь зохистой байсан. Дөрөвт, коксжих нүүрсийг борлуулах зах зээлийг бодолцон үйлдвэрлэлийн хүчин чадлыг тогтоох, хамтрагч талуудыг сонгох зарчмаар хандах нь зүйтэй. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд олборлох нүүрсний 75 хувийг БНХАУ-д, 25 хувийг худалдааны компаниар дамжуулан гуравдахь зах зээлд зарна гэсэн байна. Уг нь манай ойролцоох бүс нутагт металлургийн коксжих нүүрсний  хэрэгцээ ихтэй улс орон гэвэл Япон, Өмнөд Солонгос байгаа юм. Тэгэхээр Япон, БНСУ-д нүүрс нийлүүлэх зам тээврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа, энэ асуудал одоогоор  тодорхойгүй байна. Тавантолгойн ордыг ашиглах консорциумын бүрэлдэхүүнд Японы Сумитомо корпораци байгаа мэт боловч тус корпораци нь ямар үүрэг нөлөөтэй байх нь Хамтын ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгагдсан тоймтой зүйл харагдахгүй байна.
 
- Тавантолгойн ордыг 51 хувийг Монголын тал эзэмших нь зүйтэй гэж та хэллээ. Тийм тохиолдолд дотоод, гадаадын оролцогчдын өмч эзэмшлийн хувь хэмжээнд ногдох хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь  зохистой вэ ?
 
- Манай тал Тавантолгойн ордыг ашиглахад эзэмших хувь хэмжээний хэрээр шаардагдах хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг өөрөө бие дааж бүрдүүлэх хэрэгтэй.Тийм зарчим бол энэ удаа яригдаж буй Тавантолгой ордод төдийгүй, ер нь манай улсын бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд ч хамааралтай байх ёстой.  Энэ удаагийн гэрээний төслөөс үзвэл, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг гадаадын компанид даатгаад орхих төлөвтэй.Манай тал хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд бие даасан тодорхой хувь хэмжээний оролцоогүй байх юм бол Монголын Засгийн газар, Тавантолгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохицуулалт, хяналтын үүрэг нөлөөгүй болж, гадаадын хоёр компанийн эрхшээлд орж магадгүй юм.
 
Оюу толгойн төсөлд манай Засгийн газар 34 хувийн өмч эзэмшлийн оролцоотой боловч тийм хувь хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг өөрөө  бүрдүүлээгүй учраас гадаад талын компани манай төлөөнөө асар өндөр хүүтэй зээлээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн таагүй нөхцөл байдлаас сургамж авч одоо тийм байдлыг Тавантолгойн төсөл дээр давтахгүй байвал зохилтойсон.
 
- Тэгэхээр таны хэлдэгээр томоохон төслийн санхүүжилтийн эх үүсвэриййг хэрхэн бие дааж бүрдүүлдэг болох юм бэ ?
 
Хамгийн гол нь төр,засгийн дээд байгууллагын эрх мэдэлтэн эрхэм түшээд маань улс орныхоо хөгжил дэвшилд ахиухан хувь нэмэр оруулахуйц хэмжээний эдийн засгийн үр өгөөжтэй байх нь тооцоо үндэслэлээр нотлогдсон, түүнд итгэл үнэмшилтэй болсон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн санхүүжилтэд гадаадын банк санхүүгийн байгууллагатай гэрээ хэлцэл хийх, зээл авах, батлагаа гаргах үйл хэргийг явуулдаг мэдлэг чадавхитай боломоор байна. Тийм дутмаг байдлаасаа буюу бие дааж санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх, өнөөгийн гаж үг хэллэгээр бол "хөрөнгө босгох” чадамжгүй байснаас сүүлийн хориод жилд нэг ч томоохон төсөл хэрэгжүүлээгүй өнгөрүүлсэн.
 
Оюу толгой, Тавантолгой мэтийн батлагаа болгох, барьцаалах юмтай томоохон ордыг ашиглахад бие дааж гэрээ хэлцэл хийх, батлагаа гаргах, зээл авах, үр ашигтай зарцуулах ердийн боловч төвөг саад тохиолдож болох үйл хэрэгт суралцаж дадлага туршлагатай болох, хойргошихгүй байх, амар хялбарыг бодож гадаадын компаниар хийлгээд, дараа нь өөрсдөө бэрхшээлтэй тулгарах явдалд орохгүй байх нь чухал юм. 
 
Тийм учраас энэ удаад Тавантолгойн ордыг ашиглахад Засгийн газар тодорхой хувь хэмжээний өмч эзэмшлийн оролцоотой байх бол түүндээ тохирсон хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг бие дааж бүрдүүлэх зорилт тавьж ажиллах, түүний тулд зээлийн батлагаа, барьцаа болох ордыг өмчилж буй эрх зүй, ашиг сонирхолын баримт бичгийг бүрэн хэмжээгээр гадаадын компанид шилжүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд заасан зүйлүүдийг эргэн харж,  засч залруулах нь зүйтэй болов уу.
 
- Манайхан Оюу толгой төслийн гэрээ байгуулахдаа өөрт ногдох татварын орлогоос урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө авсан, мөн Чалко компанийн өрийн тухай асуудал ч байгаа, одоо Тавантолгойн гэрээнд тийм асуудал байна уу ?
 
- Таны тавьж байгаа асуулт бас анхаарууштай л асуудал. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд мөн ордын ирээдүйн орлогоос урьдчилгаа болгож, 200 сая ам.долларыг жилийн 4-5 хувийн хүүтэй зээлийн хэлбэрээр өгч авах зүйл тусгагдсан юм билээ.
 
Ер нь цаашдаа тийм байдлыг гаргахгүй байх нь зүйтэй болов уу. Тийнхүү ирээдүйн орлогын урьдчилгаа нэрийн дор ердийн арилжааны хүүтэй зээлийг хэлэлцэгч тал өгөхдөө манайд чухал хандив өгч байгаа мэт уур амьсгал бий болох, манай тал ч гуйлгын байр сууриас ямар нэгэн хэмжээний дарамттай байх нөхцөл байдал үүдэж гэрээ хэлэлцээний явцад ч таагүй нөлөөтэй байж болох юм.
 
Ч. Үл -Олдох
 
Эх сурвалж: "Polit.mn"