sonin.mn
МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзсан юм. Түүнтэй хамт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр очиж ард иргэдэд хандад үг хэллээ. Энэ үеэр Төв аймгийн иргэд сонгогчид Н.Энхбаярыг оросын өрийг 98 хувь тэглэж, эх орон даяар мянганы зам татсан хэмээн уухайлан хүлээж авсан юм.
 
 
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ  “Та бүхний бодол, сонголт мэргэн байхын тулд бид санаа бодлоо хуваалцахаар хүндэтгэж ирлээ. Улс орны эдийн засаг нийгмийн амьдрал хүнд байна. Та бидний төлөх ёстой гэж цаасан дээр бичигдэж тамга нь дарагдаж гарын үсэг зурсан  өр нэг хүнд 20 сая төгрөг оногдож байна. Бяцхан хүүхдүүд,ахмадууд, залуус бүгд 20 сая төгрөг төлөх болчихжээ. Та бидний дэмжлэгээр төр засгийн эрхэнд гарсан хүмүүс гаднаас авсан зээл тусламжаар олигтой хийж бүтээсэн зүйлгүй ихэнхийг нь оффшор дансанд нуучихжээ. Хулгайлсан мөнгөө гадаадад байгаа нууц банкны дансанд өөрийнхөө болон өөр аль нэг хүний нэр дээр нууж тэр мөнгөөрөө тансаглахыг оффшор данс гэж хэлж байгаа юм. Энэ бол та бидний нэрийг барьж авсан олон тэрбум ам.доллараас хулгайлсан мөнгө шүү. Та бидний төлсөн татвараас тэр мөнгийг хулгайлж байгаад гадаадад өрөө төлөх юм байна. Харин Монголд орж ирсэн мөнгийг өөрсдөө авч байна. Оффшорт мөнгө байсан цагт Монголын байдал дээрдэхгүй. МАН, АН-ынхан тэр мөнгийг авчрахгүй. Улам цааш нь далд хийнэ. Тиймээс МАН, АН-ынхан мөнгөө оффшор улам баттай нуухын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм. Энэ ялгааг л та бүхэн ойлгож сонголтоо зөв хийх хэрэгтэй. Харин МАХН-аас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын хамгийн эхэнд амлаж байгаа зүйл бол оффшорт байгаа мөнгийг Монголдоо авчирч өрийг ард түмнээр төлүүлэхгүйгээр дарна.
 
Та бүхэн урд урдны сонгуулиудад идэвхтэй оролцож, МАН, АН-ын өгсөн амлалтуудад итгэж саналаа харамгүй өгсөн. Хэн нэгнийг муулах биш иргэдийн саналыг авахдаа юу гэж амласныг санацгаая. Цалин нэмнэ, тэтгэвэр нэмнэ гэж амлаж байсныг бүгд санаж байгаа байх. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн хүн байна уу гэж асуухад Өвөрхангай аймагт нэг хүн гараа өгсөн. Бусад аймгуудад нэг ч хүн  байгаагүй. Тэтгэвэрийн насыг нэмж, нэмэгдсэн татварыг та бид төлж эхэлж байна.
 
Ард түмнээсээ авдаг, дарамталдаг мөртлөө амьдралыг засах амлалтаа биелүүлдэггүй ийм л жишиг сүүлийн найман жил тогтчихлоо. МАНАН үүсчихээр нэгнээ хянадаг зүйлгүй болсон. Хуйвалдсан учраас Оюутолгойн гэрээ ашиггүй хийгдэж, сонгууль луйварддаг болсон. МАН, АН хуйвалдаж байгаа учраас амлалтаа хэрэгжүүлэхгүй, өр авлага зээл их хэмжээгээр үүсч байна. Нэгнээ хянаж, шалгахгүй болчихлоо. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Эх орончид, шударга ёсыг хүсдэг хүмүүс алга болоогүй. Ард түмний дуудлагаар МАН, АН-ыг хянах боломж байна. Тэр бол МАХН. Манай нам намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр санал нэгдсэн ч МАН, АН-ынхан намайг дэмждэг ард түмнээс айгаад намайг дэвшүүлсэнгүй. Янз бүрийн хууль бус шалтгаанаар намайг дэвшүүлээгүй. 600 цагдаа намайг баривчилж Төв аймгийн шоронд авчирч байсан. Шөнөжингөө ноцолдсоор байгаад миний хоёр гарын шөрмөсийг тасалсан. Хоолойг боож ухаан алдалдуулсан. Би монголын ард түмний намайг гэсэн тэр их сэтгэлийг мэдэрсэн учраас хатуу бүхнийг тэсч үлдсэн. Энэ шударга бусын эсрэг тэмцэж Төв аймгийн шоронд өлсгөлөн зарласан. Ард түмний ачаар, дэмжлэгээр хамгийн том албан тушаалыг хашиж үзсэн учраас өөр зүйл хэрэггүй, айх зүйлгүй, ард түмэндээ өртэй учраас үхэн үхтлээ тэмцэнэ хэмээн өлсгөлөн зарлаж тэмцсэн. Тэр үед дээрээс өгсөн тушаал журам гээд өдөрт гурван удаа хоол оруулж ирж үнэртүүлдэг байсан. Намайг үхүүлчихгүйн тулд. Олон ээжүүд миний төлөө сүү өргөж залбирч байсан учраас би тэсч үлдсэн.
 
Гэхдээ тэмцэл дуусаагүй. Дөнгөж эхэлж байна. Бүгдээрээ тэмцэлдээ анхны ялалтаа байгуулъя. МАН, АН-ыг хянах Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж Монгол төрийн Ерөнхийлөгчөөр сонгоё гэж та бүхэндээ уриалж байна.
 
 
 
2012 онд намайг боловсролгүй гээд сонгуульд оролцуулаагүй. Би их өрийг тэглэхээр Путин ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж байхад миний боловсролыг голоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд намайг хүмүүжилгүй гээд оруулаагүй. Байгалийн баялгийн ард түмэнд өгч оффшорын мөнгийг буцааж авчиръя гэсэн учраас намайг хүмүүжилгүй гэсэн. Гэхдээ би эх оронч. С.Ганбаатарыг маань боловсролгүй, хүмүүжилгүй гэж доромжилж магадгүй. Гэхдээ С.Ганбаатар эх оронч. Монголд эх оронч хүн ус агаар мэт үгүйлэгдэж, ард түмэн хүсч байна. Гэвч эх орончдыг нухчин дарахыг оролдож байна. Монголчууд зоригтон баатруудын нутаг шүү. Та бүхэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар зоригтой сонголт хийгээрэй. Бидэнд оффшор нуусан мөнгө, луйвардаад авсан өмч байхгүй учраас ард түмний өмнө нүүр бардам зогсч байна. Өрсөлдөгчид нь хэдэн тэрбум төгрөгөөр булан бүр зургаа тавьсан байна. С.Ганбаатарт мөнгө байхгүй учраас цөөхөн байгаа. Гэхдээ ард түмний сэтгэлд С.Ганбаатарын зураг, дүр нь байгаа. С.Ганбаатарын зураг гудамжинд зураг нь ч байхгүй ч ард түмний сэтгэлд байгаа шүү монголчуудаа. С.Ганбаатар ялбал монголчууд та бүхэн ялах болно. Баруун аймгуудаар явахад хүмүүс хэлээрэй гэж байна. Юу вэ гэвэл, энэ удаад 20 мянган төгрөгөнд, эд бараанд худалдагдахгүй, худал амлалтад итгэхгүй шүү. МАН, АН-аас өөр сонголт хийе. С.Ганбаатарыг дэмжиж ард түмэн анхны ялалтаа байгуулъя гэж бусад аймгуудад ард түмэнд, Монгол даяар нь хэлж өгөөрэй гэж захьсан” гэлээ.    
 
МАХН-ын сонгуулийн штаб