sonin.mn
НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойш ажил ажил гэж явсаар төрсөн нутаг Завхан Ургамал сум, Талын гурван улаан, Хүнгүй голдоо очилгүй, ахан дүүстэйгээ золголгүй, ардын засгийн наадмаа үзэлгүй нэг л мэдэхэд арван жилийг ардаа орхиж. Сүүлийн үед нутгаа ч их зүүдлэх болж, ах дүүс маань ч нас өндөр болж өнгөрөх нь өнгөрч, дордох нь дордож.., амралтын хэд хоногоор аавын голомтоо нэг эргээд ирье, Аргалын харын бууцаа нэг имрээд ирье хэмээн зориг шулуудан Гаагаас гаран онгоцоос онгоц дамжин Донойд буугаад аймгийн төв ч оролгүй шууд л нутгийн зүг жолоо залан замдаа Алагийн дөрөлжийн овоондоо чулуу нэмэн давхисаар Мандалын Хар үзүүр даваад орж ирэхэд Талын гурван улаан маань тарж нэг хурж нэг, тэг дундуур нь жирэлзэх Хүнгүй маань галгиж нэг цалгиж нэг тосоход өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, хоолой зангирч байв. Талын гурван улаан өнгөрөөд баруун урдхан талд Хөх-Аманд төрсөн бууцан дээрээ очиход тавин гурван жилийн өмнөх намайг энэ дэлхийд тосч аван бүлээцүүлж, ээжийг минь тэнхрүүлж байсан аавын гэрийн галын тулгын гурван чулуу жаахан элсэнд дарагдсанаас бус, өөрөөр яг хэвээрээ ширтэж байна.
Маргааш нь аавын гэрийн зуслан хаваржаа намаржаагаар дайран далайн төвшнөөс дээш 2000 м орших аавын гэрийн өвөлжөө болох Хөтөл ус, Аргалын харынхаа оройд гарахад саяхан л хонь хариулж явсан бяцхан миний ул мөр овоо чулуу уул хад яг хэвээрээ.., тэртээ алсад Хан хөхий, Алтай нуруу, Хан Тайшир дүнхийж, Засагт хан төдийгүй Монголын сайхан орон маань алган дээр юм шиг дурайсаар.., ийм сайхан орныхоо хүү нь болж төрөөд, эцгийн гэрийн бууцнаас даян дэлхийг мөрлөж туурга тусгаар улсынхаа туг далбааг мандуулж, дэлхийн дээврээс Нобел шүүрэлцэж ирсэн  монгол эр нутгийн уулсын орой дээрээс Эх орон, Тусгаар тогтнолын үнэ цэнэ утга учир, иргэн хүнийхээ эрх чөлөөг мэдрэхийн дээдээр мэдэрч байлаа. Ямартаа,
Аршаан булгын усанд чинь
Алдхан бие минь өсөн жаргалаа
Алдхан бие минь жаргасны учраас
Амь насаа таньдаа зориулъя
хэмээн дөчөөд жилийн өмнө сургуулийн дотуур байрны оройн тоон дээр дуулж сурсан Эх орон танаа дууг амандаа аяархан аяархан аялахын зэрэгцээ, цаг нь болвол Таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая гэдгээ монгол эрийн хувьд ч, цэрэг эрийн хувьд ч сэтгэл зүрхэндээ андгайлж зогсов.
Харамсалтай нь дэлхийг тохинуулж явах энэхүү арав гаран жилийн хугацаанд Монгол оронд маань шударга ёс улам алдагдаж, эцэг өвгөдөөс заяасан энэ сайхан газар нутаг сэглэгдэж, байгалийн баялаг гадаад дотоодын хэдхэн луйварчдад цөлмөгдөж, авилга хээл хахуулж гаарснаар ард түмний өр шир нэмэгдэж,  амьжиргааны түвшин улам доройтжээ. Хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч гэж олон улсын хүний эрхийн түгээмэл эрх зүйд тунхагласныг  хаа сайгүй хадаж, чанд мөрдөж байгаатай адил Монголын хэвлийд байгаа  алт эрдэнэс баялаг монголын ард түмний өмч гээд Үндсэн хуулинд цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг  нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй итгэмтгий зангаасаа болоод бид Оюутолгойгоос өгсүүлээд Ок гээд л олон улсын гэрээн дээр гэнэн зангаараа гарын үсэг зураад л байх юм. Бас хөрөнгө босголцох мөнгөгүй гээд нэрэлхээд байсан мөртлөө Швейцарын  банк оффшор дансанд сая саяаар нь аваачиж хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү манайхан.
Мөхөс миний  бие монгол хар ухаанаар бодоход  уг гэрээний утга агуулга нь Монгол хүн бол ямарч химийн хольцгүй төрсөн буйран дээрээ эхээс унасан шигээ унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй  гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчин байж миний элэг бөөр зүрх бөлдөгийг минь суг татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтэнээ сугалуусаныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна  гэж харьцуулж ойлгоод байгаа,  зөв үү.
Гучин жил хамаг байдгаа суг татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл  тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямарч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.  
Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод  байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс  хоёрхон толгой  нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо  мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд  л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг  аль дээр аваад идээд дууссан гэхийм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.
Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэхийм, энэ нь  эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ өмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад,  49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л  адил шахуу юм сонсогдох юм. 
Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч  баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гадныхан гадныхан л гэх юм. Гадныхан яахав зайлвал зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх бизээ. Тэгээд Харвард, Массачусетс, Лондонгүй суралцаж дэлхийн  хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн монгол инженер  менежер техникийн ажилтанууд тэнгэрийн од шиг олширч,  гадныханыг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагий маа гэдгийг  ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.
Хүн төрөлхтөн дөрвөн мянгаад жилийн өмнөөс омголон тарган цатгалан зэрлэг хуланг номхруулж гэрийн тэжээвэр амьтан болгон уналга ачаандаа хэрэглэснээр өөртөө үнэнчээр зүтгүүлдэг илжиг гэдэг сайхан зарцтай болсон түүхтэй. Харин ард түмнийг илжиг мэт дарлан мөлжиж нуруун дээр нь заларсан боолын нийгмээс эхтэй догшин ширүүн омголон тарган цатгалан дарангуйлагч хаант засаглалыг  хоёр зуу гаруй жилийн өмнөөс Францаас  эхлэн авч хаян номхруулаад ардын засаглалаа өөрийн хүссэнээрээ эмхлэн цэгцлээд төрөө илжиг болгон дээр нь сандайлсан Сингапур Солонгос Герман Голланд Швед Щвейцарын ард түмэн шиг төрөө байнгын хатуу хараа хяналт ташуурын амтанд байлган түүний бүтэц нэгж албан хаагчдыг өөртөө зарц үйлчлэгч мэт  үнэнчээр зүтгүүлдэг тогтолцоог жинхэнэ ардчилал гээд байгаа юм.
Хар ухаанаар, эзэрхэг цагт төр нь ард түмний дээр байсан бол одоо ард түмэн нь төрийн дээр гарч төр нь эзэн болсон ард түмэндээ илжиг мэт үнэнчээр  зүтгэвээс  хөлс хүч үр дүн нь нийгмийн сайн сайхан болж бидний дээрээс асгараад иргэн бүр элбэг хангалуун ядууралгүй амьдрахыг ард түмний засаглал  гээд байгаа юм.
Илжиг голдуу муслим оронд түгээмэл бөгөөд эзэн нь түүнийг Кайр Багдад Кабулын захаас шилж сонгон худалдан авч,  илжигний эзэн түүнийг өдөр тутмын өвс тэжээл хашаа саравч нэмнээ зэргээр хангаад хариуд нь илжиг зөвхөн эзэндээ үнэнчээр зүтгэх ганцхан үүрэг хүлээн эзнийхээ хамаг ачаа барааг үүрээд бас нуруун дээрээ суулгаад  алс хол  зорьсон газрын цэг, уулын орой руу эзнээ олз омог хөгжил дэвшилд хүргэхээр зүтгэх нь төрийн үүрэг функцитэй эв ижилхэн.
Ихэнх илжиг нь Ангела Меркель шиг арван хэдэн жилээр ч үүргээ сайн биелүүлж эзэндээ үргэлж үнэнчээр, чадлаараа зүтгэн хүрэх газарт хүргэн зорьсон хэргийг нь бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин зарим нэг илжиг замдаа өгсөн өвс усыг ховдоглож ууж идээд шунаж дахин дахин нэхнэ, хэт их идэж ууснаас биеэ даахгүй хашин хойрго ялархаж хэвтэнэ, өөр тийшээ зөрүүд зан гарган шилрэнэ,  иймэрхүү хачин хачин  ааш зан гаргаад байгаа илжигийг эзэн /төрийг ард түмэн/ үе үе ташуурдаж шахаж шаардаж дугтарч зөв замд нь оруулна. Бүүр болдоггүй зөрүүд залхуу хэдэр ёдор хашин хойрго эзэндээ үнэнч бус илжгийг Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг зарчмаар заазлах буюу огцруулаад илүү эрч хүчтэй залуу зандан үнэнчээр зүтгэх нэгнийг хоёр дахин илүү үнээр ч хамаагүй хотын захаас аваад  зорьсон газар руугаа зүтгэнэ.
Илжигний эзэн зорьсон ажлаа амжуулаад гэртээ ирэхэд түүний гэрийн зарц үйлчлэгч нар нь энэрэнгүй үйлсийн зүтгэлтэн Энх Тайвны Нобелийн шагналтан Тереза эх шиг, эсвэл арав гаран жил ард түмнийхээ төлөө зүтгэсэн Английн Ерөнхий сайд Тэтчер хатагтай шиг эзэний гэрийг эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байлгаж гэр бүлийн гишүүд /ард түмэн/-ийг мөр бүтэн гэдэс цатгалан  халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ үнэнч шударгаар сайн биелүүлнэ.
Гэрийн эзэний авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч /төрийн албан хаагч/ өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнч зүтгэвээс өөрөө ч байнгын хоол унд хувцас байр сууц унаа унаш утасны мөнгө гээд бүхий л зүйлээр хөдөлмөрийн гэрээ ёсоор гэрийн эзэн тасралтгүй хангах учраас зарц үйлчлэгч санаа зовох юмгүй тарвалзана.
Харин үйлчлэгч нь эзэний талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур  эсвэл манай нөхдүүд шиг оффшорт нуувал эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй  тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад  хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээд гэрийн үйлчлэгчийн ажилд шинээр томилно.
Гэрийн эзэн /ард түмэн/  гэрт мөрдөгдөх Үндсэн хуулиас авхуулаад өрхийн төсөв санхүү хяналт шалгалтын механизмын салбар хууль дүрэм журмыг тогтоож баталгаажуулаад, үйлчлэгч тэднийг хэрхэн дагаж мөрдөх эзэнд үйлчлэх талаар бүх заавар зөвлөмж гарган,  хоёр этгээдийн хоорондын харилцааг зохицуулах гэрээ хийн гарын үсэг зурснаар  гэрийн зарц үйлчлэгч тэднийг ягштал биелүүлнэ.  Үр дүнд өрхийн эзэн үр хүүхдүүд зарц үйлчлэгч өөрөө ч гэсэн гэдэс цатгалан дутагдаж гачигдах юмгүй хангалуун амьдарч гэрийн эзэн үйлчлэгч хоёрын итгэлцлэл улам зузаарна. Болж бүтэхгүй хууль дүрэм журам асуудлыг үйлчлэгчтэйгээ хамт ярьж зөвлөж санаа бодлыг нь сонсож байж эцсийн шийдвэрийг эзэн гаргана бас өөрчлөнө шинэчлэнэ.
Дээр дурдсан дэлхийн хөгжингүй улс орнууд ч бидний муу хэлээд байдаг  Рио Тинто ч ийм л гэрийн эзэн үйлчлэгч /илжиг/ хоёрын энэхүү зарчмаар ажилладаг. Дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс шилж сонгогдсон  ерөнхийлөгч, менежер, ажилтан албан хаагчид сая сая иргэд, баялагын хувьцаа эзэмшигчид, байгууллага компанийхаа төлөө өөр өөрийн хариуцсан ажилдаа үнэнч шударгаар зүтгэхэд ашиг орлого амжилт бүтээл нь арвижсаар  үр дүнд нь тухайн субъектын эд эс болсон хүн бүр дээр хангалуун амьдрал асгараад ороод ирдэг.
Хөдөлмөрийн үр дүн гэрээгээ өдөр сар жилээр тогтмол дүгнэж биелүүлээгүй тохиолдолд мань мэт нь гудманд л хаягдана. НҮБ  болон олон улсын байгууллагууд ч ийм зарчмаар явдаг, тухайлбал зэвсгийн шинжээчид бид хүний газар хөлсний цэрэг илжиг мэт зүтгэн  хэдэн тонн хөлс урсгасан ч үр дүнд нь хүн төрөлхтөн үй олноор хөнөөх аюулт химийн зэвсгээс ангижран аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэн, шанд нь шагнал гээд баг хамт олноороо сая ногооны дагалтай Нобел шүүрэлцэж байх жишээний.
НҮБ-ээс зарласан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 оныг дэлхийн бүх улс ядуурлаас гарах сүүлчийн жил болгосон бөгөөд  Монгол Улс ч уг хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөөд нэгдэн ороод байгаа. Арваадхан жилийн хугацаанд яаж бид ядуурлаас зуун хувь гарч дэлхийгээс ганцаараа хоцорчихгүйгээр боловсрол эрүүл мэнд гээд бусад олон салбарын хөгжил дэвшилд хүрэх вэ гэдэг нь гагцхүү Монгол гэх гэрийн эзэн-ард түмэн  бидний оюун ухааны асуудал.
Бид аль хэдийн ардчилалд орсон гэдэг ч эрт дээр үеэс төрөө дээдэлдэг түмний сайхан сэтгэхүй, олны цайлган сэтгэлээр тоглоод сурчихсан улс төрчдын бүлт бүлт амлалтанд нь  за ёогүй итгэж, жилийн  өмнөөс л үнэгүй тараадаг бидон сав суулга шуудай нүүрс гурил будааных нь хариуд  хүний юмыг зүгээр авч чаддаггүй монгол зангаараа нэрийг нь дугуйлсаар байгаад ард түмэн төр хоёрын хэн нь хэндээ захирагдаад байгаа, хэн нь дээр дор байгаа нь мэдэгдэхгүй найзан дундаа явсаар 27 жилийг ардаа орхижээ.
Одоо ард түмэн Үндсэн хуулиа үндсээр нь өөрчилж парламентийн засаглалаас ард түмний засаглал руу зоригтойхон шилжин цагаан мориндоо байна уу сайвар илжгэндээ ч байна уу төрийнхөө дээр харайж мордоод, юуны төлөө хуруу хумсаа хуйхлан байж саяхнаас бүр хоёр дахин илүүг кармаанаасаа гарган тэжээж байгаа билээ, хатуухан шиг хараа хяналт хариуцлага дэг журмаар хоёр дахин илүү ташуурдан дөрөв дахин  их шударга ёсыг нийгэмд тогтоосноор дэлхийтэйгээ хөл нийлүүлэн 2030 онд гэхэд хөгжил дэвшилд хүрч ядуурлаас гарах хугацаа боломж бас байнаа.
Өнөөдөр засгийн эрх ард түмний гарт байна уу, эмхэлж болсон  төрөө иргэд хариуцлага тооцож огцруулж чадаж  байна уу, баялгийн хувиарлалт шударга байна уу, боловсрол эрүүл мэнд нийгмийн асуудлаар та сэтгэл хангалуун байна уу, ашигт малтмалыг ард түмэн эзэмшиж байна уу,  эсвэл гадаад дотоодын олигархиуд эзэмшиж байна уу,  иргэд шүүх прокурор цагдаад итгэлтэй  байна уу, хүний эрх шударга ёс хангагдаж байна уу, бизнесийн орчин шударга байна уу, бие даасан эдийн засагтай байна уу, нийгмийн эмзэг бүлгийнхэн  төрийн хайр халамжийг  хүртэж чадаж байна уу, мал машин байр сууц таны мэдэлд  байна уу, эсвэл банкны барьцаанд байна уу,  энэ бүхнийг өнөөгийн Үндсэн хууль  зохицуулж чадаж байна уу үгүй юу гэх зэрэг асуултыг та өөрөө өөртөө тавиад үзээрэй, Үгүй бол Үндсэн хуулиндаа дараахь  зарчмийн өөрчлөлтүүдийг оруулах цаг нь болжээ.
Монголын ард түмэн бол төр засаг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр нь ард түмний байнгын хяналтанд  байна. Ард түмний эрх мэдэл төрийн дээр байж төр зөвхөн сайн үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэж  нийгэмд шударга ёсыг сахиулан ард түмнийг малтай өмчтэй эрхтэй нь  өөрийн найдвартай хамгаалалтандаа байлгаж хангалуун амьдралаар хангах үндсэн зорилготой.  
 
Эмхлэгдэн байгуулагдсан төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхийг баталгаажуулах ёстой.  1992 оны Үндсэн хуульд орхигдсон ардын хянан шалгах тогтолцоо, хүний эрхийг хамгаалах тогтолцоог хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас тусад нь  дөрөв-тавдахь засаглал болгон  авч үзэн Үндсэн хуульд тусгай бүлэг заалт болгон оруулах шаардлагатай.
Газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмалыг нь ард түмний дундын өмч болгож нөөцөөс нь хамаараад стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилж, баялгын сангаа нэн тэргүүнд иргэдийн боловсрол эрүүл мэнд орон сууц нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах нь зөв.
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго бол туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд оршин тогтнохын үндэс бол хөгжил, хөгжлийн үндэс бол боловсрол юм. Ирак Афгантай адилхан олон жил дайн дажинд нэрвэгдсэн ч   Саддам Хуссейн тухайн үедээ ард иргэддээ өндөр боловсрол эзэмшүүлсний ачаар өнөөдөр Афганаас арав дахин хурдан босч хөгжиж байна.
Хятад биднээс 500 дахин, Орос 50 дахин хүн амтай тул бид тэднийг биеийн бяраар бус еврей нар шиг оюуны бяраар дийлэх зарчимд тулгуурлан төр засгаас монгол хүн бүрт дээд боловсролыг Герман Франц шиг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. 2017 оны манай төсөв 6,1 их наяд. Нийт сурч байгаа оюутны тоо 150000. Нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2,5 сая төгрөг. Нэг жилд дунжаар 375 тэрбум төгрөг. Энэ нь ердөө төсвийн 6,1 хувьтай л тэнцэж байна. Монголын бакалаврыг дэлхийн бүх оронд хүлээн зөвшөөрч магистрантуртаа саадгүй элсүүлж байгаа боломжийг ашиглан  гадаад мастерийн төлбөрийг баялгын сангаасаа  гаргуулан монгол хүн бүр дэлхийн боловсрол гүйцэд эзэмших бололцоотой.
Монгол хүнээ төрийн хамгаалалтанд байлгах эрхэм чиглэл нь боловсрол төдийгүй иргэдийн эрүүл мэнд орон сууц нийгмийн баталгаа эрх, эрх чөлөө нь байна. Хөдөөнөөс хотод шилжих иргэдийн эрхийг олон улсын хуулиар болон Үндсэн хуулиар хэнд ч хаах боох эрх байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй л бол долоо хоногийн нэг өдөр машин жолоодох эрхийг хаах боох эрх хэнд ч байхгүй. Ямар замаар яаж саадгүй зөрчилгүй явуулах гэдэг нь л төрийн үүрэг. Энэ асуудал зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн нийслэл төр захиргааны түшмэдүүдтэй холбоотой болохоос дүрмээрээ явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй. Замын ачааллыг хэдэн жилээр ч тооцоод бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам, доогуур нь ч метро тавих зэргээр асуудлаа яаж шийдэх нь цэвэр төрийн үүрэг.
Шинээр гэр бүл болж байгаа залуу гэр бүл үнэгүй орон сууцаа гэр бүлийн баталгаатайгаа хамт гардан авах эрх, амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэн төрөөс сар бүр баталгаатай тэтгэмж авах эрх, хүн бүр хүнд мэс заслын төлбөрийг төрөөс зуун хувь гаргуулах, хүүхэд жирэмсэн эмэгтэй ахмад настан эдгэршгүй хүнд өвчтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэтгэцийн хүнд эмгэгтэй  иргэд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа төрөөс гаргуулах эрх тус бүрийг  Үндсэн хуульд баталгаажуулж өгөх шаардлагатай. 
Дээд шатны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, тушаалыг доод шатны албан тушаалтан нь биелүүлэхгүй байх үүргийг, сонгуулийн насны нэг мянгаас доошгүй  иргэний  албан ёсны саналыг төр засгийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан  заавал авч хэлэлцэн шийдвэрлэж байх үүргийг, хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэний хохирлыг төр засаг нөхөн төлж байх зэрэг үүргийг зайлшгүй хуульчлах хэрэгтэй.
Ардын хянан шалгах, Хүний эрхийг хамгаалах тогтолцоог Үндсэн хуулиар бий болгож  гишүүдээр нь нам бус иргэдийг их хурал ерөнхийлөгч шиг ард түмнээс шууд сонгох бөгөөд тэд юуны түрүүнд ард түмний нэрийн өмнөөс төрийг хянах хүний эрхийг хамгаалах үндсэн үүргийг хүлээнэ. 
 
Олимпийн аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстэний эв нэгдэл дээр доргүй дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг ч дахиад эзлэх нь энүүхэнд байлаа.  Эвтэй байхдаа хүчтэй монголчууд бид өнөөдөр харин харилцан буулт хийж эвлэрэх уучлах ухаарах замаар үндэснийхээ эв нэгдлийг хангахгүй бол  баруун зүүн хойд урд их гүрнүүдийн тасдаад хуваагаад тас цавчаад залгиад байдаг Ромын империйн дүрмийн тоглолтонд нь үрэгдчих вий дээ.
Ардчилалынхан 1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч эвлэлдэн нэгдсэн тэр цагаас хойш монголын улс төрд тасралтгүй үзүүр түрүүнд явж байгаа нь эв нэгдэл ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм. Энэ бол яахав дотооддоо, харин гадаадынханд цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь бид хоёр дахь удаагаа ухааръя, эвлэлдэн нэгдэе гэсэн ойлголт байхгүй одоо л ойлголцохгүй бол дахиад хэзээ ч байж мэднэ. Энд эцэг өвгөдөөс өвлүүлсэн эрх чөлөө газар шороо тусгаар тогтнолын асуудлыг ярьж байгаа бөгөөд ахмад үеийнхээ асар их үнэ цэнэ цус хөлсөөр олсон аз жаргалаа бид талцаж байгаад зүгээр нэг тавиад туучмааргүй байна.
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд үндэсний эв нэгдэл бол түүний тулгуур багана, монгол үндэстэний хөгжил цэцэглэлтийн гүүр,  элэг нэгтнүүдээ эх орон лугаа татах соронз, их монгол гүрнээ байгуулах үндэс, Чингэс хаан шигээ тэнгэрээс заяах лидераа гаргаж ирэх угтвар, Сүхбаатар жанжин шигээ хэлсэнчлэн цэнгэлийн манлайд хүрэх зам нь юм.
Хорь гучин намууд үзэл бодол үүх түүхээр угшил угсаагаараа нэгдээд хоёрхон хүчтэй нам болж хоорондоо бие биенээ хянасан шигээ байж байгаад  бүр цаашлаад зөв нь буруугаа идээд газар дээр ганцхан монгол төр түмэн баймаар чиг.  Гэхдээ дангаар ноёрхож даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн  өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантнаа өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж түүний ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн кармаанаасаа гаргаж байдгийн хувьд гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.  Эс тэгвээс ард түмэн нэг л өдөр оймсийг нь гозолзуулж, нэгний өдрөөс ч  дор юм болгохоо хэнээр ч заалгахгүй мэднэ.
Саддам Хуссейн, Каддафи, Хосни Мубарак шиг лидерүүдийнх нь хувь заяа нь ямар эмгэнэлтэйгээр төгсөж, эх орон нь өнөөдөр ямар янзтай байгааг биеэрээ мэдэрсэн миний бие болон зурагтаар харсан та бидэнд өнөөдөр айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж улс гэрээ босгох чадалтай Чойбалсан, Цэдэнбал шиг үндэсний лидер, үндэсний эв нэгдэл ус агаар мэт үгүйлэгдэж байна. Эвлэлдэн нэгдэхийн ач тусыг эрүүл монгол хүн бүр ухаарахын цагт  эв нэгдлийн бамбарыг асаах хувьтай, мангас шиг МАНАН-царуудаас  тэс ондоо сэтгэхүйтэй, тэрхүү ирээдүйн лидер маань тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрөхөөр хаа нэгтээ дуншиж байгаасай, хаан Чингэсийн Монгол дахин босохоор уухайлж байгаасай.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт