sonin.mn

Дарханы зам гэхээр Л.Халтар, Л.Халтар гэхээр Дарханы зам санаанд орж толгой руу янхийдэг болсоор удаж байна.

Л.Халтар нэгэнтээ “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” гэсэн үг ч үнэний ортой бололтой, одоо хэр тэр Дарханы замынхаа жонхууг зуурсаар л...Монгол Улсын Засгийн газар 2018 оны 284-р тогтоолоор дөрвөн эгнээ бүхий замыг өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргаж, Дарханы замын ажлыг 2019 оны 6-р сард эхлүүлсэн байдаг. Тухайн үед сайд байсан Б.Энх-Амгалан 2020 онд ашиглалтад оруулна гэж их л том ам гарч байв.


Гэвч хуучин замыг нь хуу татаж хаяснаас өөрийг чадаагүй. Харин түүний орыг залгасан Л.Халтар сайд түмэн асуудал, мянган бэрхшээл тоочиж эцэстээ “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” хэмээн олон түмэнд тунирхаж байв.


Яг үнэндээ түүний ажлын муу зохион байгуулалт, уялдаа холбоогүй удаан хөшүүн байдлаас үүдсэн үйлийн үрийн горыг нь иргэд үүрч, энхэл донхол замаар хэдэн жил зорчин, там болсон замын харгайгаар 500 гаруй удаагийн осол гарч 30 гаруй хүн амь насаа алдсаныг бид мартаагүй. Аль 2021 онд "Дарханы 204.4 км, дөрвөн урсгалтай замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэж том ам гарч байсан эрхэм сайд тэрхүү амлалтдаа хүрч чадаагүйгээр барахгүй дараа жил нь хэвлэлд яриа өгөхдөө "Дарханы замын асуудлаар одоо олон зүйл амлаж чадахгүй. Цементний хомсдолд орсноос ажил удааширсан” гэх арга барагдсан тайлбарыг хийж байсан удаатай.


Аз болоход 2022 оны намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сэлгээ хийж, ажил хийдэггүй саадуудаа зайлуулж С.Бямбацогтыг томилсон. Өөрөөр хэлбэл Л.Халтарын үйлийн үр С.Бямбацогтод шилжсэн нь тэр. Цемент байхгүй, битум байхгүй гэх шалтгаанаар бараг ”таг” зогсчихоод байсан Дарханы замын ажлыг С.Бямбацогт хоёрхон сарын дотор хурдлуулж 2022 оны 11 дүгээр сард ямар ч байсан нэг урсгалын хөдөлгөөнийг нээж иргэд шороон замаар зорчихгүй болгосон.


Иргэд олон түмнээс ч Дарханы замыг удаашруулсан явдалд уучлал гуйсан. Үүнийхээ дараа Дарханы замыг бүрэн дуусгах ажлыг дэд сайдын тушаал дээр дэнжигнэж үлдсэн мөнөөх үйлийн үрт Л.Халтартаа даалгасан байдаг. Мөнөөх ч ичсэн нүүрэндээ Дарханы зам дээр өвөлжиж, хаваржиж, зуссаны үр дүнд ямар ч байсан өнгөрсөн жилийн намар 2 урсгал 4 эгнээгээр хөдөлгөөн бүрэн нээсэн.


Гэвч Дарханы замын ажил бүрэн дуусаагүй. Хүний нүдээр харахад хөдөлгөөн нээж замын ажил дууссан мэт боловч тэмдэг тэмдэглэгээний ажил сох дутуу хэвээр. Дээр нь энэ хаврын шар ус 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын чанарыг улсын комиссоос илүү ул суурьтай шалгаад авлаа. Шар усны үерийн улмаас Хар модот давааны араас Урьхан хүртэлх замын 80-аас 81 дэх км-т томоохон хэмжээний эвдрэл гарч, нэн аюултай нөхцөл байдал үүсч түгшүүрийн харанга дэлдэв. Мөн одоо Дарханы замд нэмэлтээр 5 см зузаан өнгө асфальт бетон хучилт хийх ёстой ч дахиад л Л .Халтар сайдын арга барагдаж хийгдэхгүй байсаар ирэх зуныг барах шинжтэй.


Дарханы зам уг нь 4 эгнээтэй гэгддэг ч бетонон тусгаарлалтаас болж өвөлдөө 2 эгнээ нь битүү цасан хунгарт дарагдаж өргөн болгосны өгөөж нь гардаггүй хачин зам.


Анхнаасаа ийм зурагтай хийлгэдэг, энэ зургийг нь хүлээж авдаг нөхдийг яагаад өдий хүртэл өөгшүүлэв гэдэг асуулт эндээс урган гарна. Мөн тэмдэг тэмдэглэгээ дутуу, ойлгомжгүй, өндөр хурдтай явж байхад аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй учир шөнийн цагт бол жолооч нар ёстой сохор азандаа найдан давхиж байна. Л.Халтар сайдын “халтуурдсан” энэ замын балгаар цаашид хэчнээн хүн “үйлийн үр”-тэйгээ зууралдаж, үхэл амьдралтай тэмцэлдэхийг хэлж мэдэхгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үе үе дэнжигнүүлдэг Дарханы зам түүнийг “хар толгойгоороо" хариуцаж байгаа гэх Л.Халтар сайдын балгаар ирэх сонгуульд эвгүйтүүлэх нэг сэдэв болох шинжтэй.

 

Э.МӨНХ