sonin.mn
Хуулийн засаглал мөхөхөд дарангуйлал эхэлдэг (when law ends, tyranny begins). 
 
ХУЛГАЙЧ, хууль зөрчиж хулгайчийг барьсан ЗАСАГЛАГЧ хоёулаа гэмтэн. 
Гэхдээ хор уршгийн хувьд зарчмын ялгаатай.  Хулгайч нийтээр амьдрах хуулийг зөрчсөн бол Засаглагчийн хувьд нийтээс олгосон эрх хэмжээг хэтрүүлсэнд оршино.  Хулгай хийсэн иргэнд зохих ялыг ногдуулах, хулгайн зүйлийг хураах эсвэл хулгайчийг нийтээс тусгаарлах байдлаар хор уршгийг нь хязгаарлаж болно.  Хуулиар зэвсэглэсэн Засаглагчидад энэ төрлийн хариуцлага хүлээлгэхэд тун хүндрэлтэй.  Учир нь хариуцлага тооцох мөчид бүгд ХУЛГАЙЧ болох аюултай.  ИРГЭН болон ЗАСАГЛАГЧ хоёул хуулийн дор орших ёстой.  Үүнийг Хуулийн Засаглал гэнэ.  Гэхдээ ЗАСАГЛАГЧИЙН хувьд ИРГЭНТЭЙ харьцуулахад илүү үүрэг хүлээх ёстой.  Үйлдэл бүр нь хуульчлагдсан байх, хуульд нийцсэн байх, хуулиа чанд мөрддөг байх дээд үүргийг ЗАСАГЛАГЧ хүлээх ёстой.   
Энэ бол хуулийн засаглалын мөн чанар. 
 
Байгаль дээр хэвтэж байгаа “ЧУЛУУ” хүний эзэмшилд очиход ӨМЧ болдог.
Харин хэн түрүүлж “ЧУЛУУГ” өөрийн эзэмшилд авснаар өмчлөгч болдог ахуйгаас нийгмийн гишүүн болсноор өмчлөх эрх хуулиар хамгаалагддаг.  Өмчлөх эрх бол хүний жам ёсны эрх, гагцхүү нийтээр амьдрах гэрээнд нэгдсэнээр хууль ёсны болсон төдий.  Энэ нь байгаль дээрээс олсон ЧУЛУУГАА гээсэн ч, хаясан ч, хэрэглэхгүй байсан ч хууль ёсны өмч байна гэсэн үг.  Бүртгэл бол өмчлөгчийн эрхийг хууль ёсны болгож буй баталгаа.  Тиймээс гэрчилгээ гэх баримтаар дамжуулан өмчлөгчийн эрхийг баталгаажуулдаг.  Энэ мэт өмч бол хувийн өмч юм.   
 
Гэтэл зарим баялаг мөн чанараараа өмчлөгддөггүй.  Жишээ нь агаар.  Нийтээрээ амьдрахад зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй, түүнчлэн нийтээрээ ашигладаг, үр шимийг нь хүртдэг баялаг бол мөн төрлийн баялаг юм.
  Жишээ нь гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, магадгүй бэлчээр. Үүнийг нийтийн баялаг гэнэ. 
Эртнээс газар, түүний хэвлийн баялаг нийтийн баялаг байв. 
Харин өнөөдөр газрын хэвлийн баялгийг зарим улсад иргэнд өмчлүүлж байгаа бол зарим улсад өмчлүүлдэггүй.  Монгол Улсын хувьд газрын хэвлийн баялгийг иргэнд өмчлүүлдэггүй.  Харин тодорхой хугацаатайгаар ашиглуулдаг. Ашиглуулахаар олгосон баримтыг нь тусгай зөвшөөрөл гэнэ.  Тиймээс Монгол Улсад байгалийн баялаг бол ард түмний мэдэлд байх бөгөөд одоо ч ард түмний мэдэлд байгаа. 
Хувийн болон нийтийн өмч мөн чанараараа ялгаатай.  Хувийн өмчийн тухайд ТӨР бол өмчийг хууль ёсны болгож, хамгаалах үүрэг хүлээж байгаа институт болохоос өмч хуваарилагч биш юм.  Тиймээс ч хувийн өмч рүү халдахыг хуулиар ТӨРД хориглодог.  Нийтийн өмчийн тухайд  бол өөр.  ТӨР гэдэг институт нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн нийтийн өмчийг эзэмших, ашиглахад хяналт тавьдаг.  Өмчлөгч буюу НИЙТ ИРГЭД, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг ТӨРД хуулиар шилжүүлсэн.   
Хэрэв ТӨР хуулиар олгогдсон эрхээ урвуулсан, хэтрүүлсэн бол ТӨРД хариуцлага ногдуулах ёстой.  Өөрөөр хэлбэл хууль бус шийдвэр гаргасан, хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн эдэлсэн төр, түүний албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.  
 
Үүний дараагаар нийтийн ашиг сонирхолд төрийн шийдвэр нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж, тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн ашиглуулах эсэхийг цэгнэх нь төрийн БҮРЭН ЭРХ мөн.  Гэхдээ энэхүү эрхээ мөн л хуулийн дор эдлэх ба “байгалийн баялгаас бий болох үр шимийг нийтээр, тэгш хүртэх” Үндсэн Хуулийн үзэл санаанд нийцүүлэх, хууль тогтоомжийн бусад актаар энэхүү үзэл санааг баталгаажуулахаас эхлэх ёстой.   Энэ бол хуулийн засаглал, Иргэн ба Засаглагч хуулийн дор оршиж буйн илрэл юм.  Үндсэндээ ХУЛГАЙЧ-ийг ХУУЛЬ зөрчиж барьсан тэр мөчөөс ДАРАНГУЙЛАЛ эхэлдэг гэж Жон Локк хэлжээ.   
 
Д.Баяр