sonin.mn
Агаарын цэргийн командлагч, бригадын генерал Очирын Энхбаярынд өнжихөөр утас цохилоо. Хариуд нь “За, сурвалжлагч гуай оны төгсгөл гээд ажил их байна. Зав алга” гэсээр товлосон өдрөөсөө таван хоногийн дараа сая нэг гэртээ урив. Командлагчийнх албан тушаалын 63 айлын орон сууцанд амьдардаг юм байна. Гэрт ороход эхнэр нь “Өөрийг тань ирнэ гэж хэлсэн. Манай хүн ингэс гээд ирнэ. Ажлаа тараад албан бичиг дээр жаахан суудаг юм. Удахгүй, удахгүй” хэмээн нутгийн идээ болох талх, цөцгий, жимс ногоогоор дайлж, үргэлжлүүлэн хоол цай болов. Гэрийн эзэгтэйг Ядамдоржийн Уранчимэг гэдэг бөгөөд эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан эмч бүсгүй аж. Тэд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат бөгөөд бүр нэг ангид хамт суралцаж байсан гэнэ. Генералын гэргий ханийнхаа тухай ярих бүртээ хоолой нь зангирч, нулимс мэлтэлзүүлэх нь олонтаа. Ялангуяа охиноо төрөхөд нь урт шинелиэ намируулсаар ирсэн тухай, айлын хажуу өрөө хөлслөөд амьдралаа хэрхэн эхлүүлсэн тухай, цэргийн дээд цол хүртэх үеийг дурсахдаа аргагүй л баяр жаргалын нулимс унагаж байв. 
Түүний санаанаас огт гардаггүй дурсамж нь гэвэл гэр бүл болоод гурав ч хоноогүй байхдаа хоёр тийш томилогдож, энэ нь хэвлэлийн хуудаснаа гарч байсан тухай байв. “Нөхөр маань Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 134 дүгээр ангид техникчээр, би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын эмнэлэгт эмчээр хоёр жил орчим ажилласан. Тэр үед суманд ажиллах эмч, багшийг аймгийн намын хороо шийддэг байсан болохоор өргөдөл өгөөд нэмэргүй үе л дээ. Манай хүн ч ангийнхаа захирагчид гэр бүлээ хажуудаа авъя гэхэд нь “Хүлээж бай” гэдэг байж. Тэгсэн “Улаан-Од” сонины сурвалжлагч Т.Ганди, Дя.Алтанхуяг нар Зэвсэгт хүчний 134 дүгээр ангид сурвалжилга хийхээр очиж, манай хүнээс ажил албаных нь талаар асууж. Тэгэхэд нь гүйцэтгэдэг үүргээ хэлчихээд “Эхнэр Хэнтий аймагт, би өөрөө Дархан-Уул аймагт байна. Эхнэрээ л дэргэдээ авахсан” гэдэг утгатай зүйл ярьсан юм шиг байгаа юм. Сонин хэвлэгдсэний дараа “Цэргийн гэр бүлийг ингэж хол байлгаж болохгүй” гээд намайг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчээр томилсноор хамтдаа амьдрах завшаан тохиосон доо. Сонины нийтлэлийн мөрөөр арга хэмжээ авсан хэрэг. Одоо ч тэр сонин бий, их сайхан нийтлэл бичсэн байдаг юм” хэмээн бидэнд үзүүлэхээр бичиг баримтаа хадгалдаг хайрцгаа ухахад тэр дотроос нь дугтуйлан хадгалсан захидлууд гарч ирлээ. Генералыг ОХУ-ын цэргийн сургуульд сонсогч, эмчийг Анагаах ухааны их сургуульд оюутан байхдаа харилцаж байсан захидлууд нь гэнэ. Захидалд голдуу цаг агаар, аав, ээж, хичээл сурлага, амралт чөлөөт цагийнхаа тухай бичсэн байх бөгөөд төгсгөлд нь даарч, өлсөж болохгүй шүү гэсэн халамжийн үгсээр өндөрлөсөн байв. Биднийг хөөрөлдөж суух үеэр О.Энхбаяр генерал ч ирэв. Тэрээр “Өнөөдөр харин эрт ирлээ. Өдөр бүр 20-21 цаг хүртэл сууж ажиллах шаардлага байдаг” гэлээ. 
Гэрийн эзэгтэйг халуун цай, хоолыг нь аягалж өгөхөд “Сурвалжлагч нарт гэдсээр нь гартал хоол унд өгсөн үү, ажлаасаа ирсэн хүүхдүүд шүү” хэмээн хошигнохын зэрэгцээ “Энэ сурвалжлагч нар ярилцлага авна гээд нэг зүтгэчихээрээ хэцүү улс юм аа” хэмээн толгой сэгсрэн цайгаа оочлох. Түүнтэй эхлээд нутаг усных нь талаар яриа дэлгэлээ. Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, эхнэр ч Биндэрийнх. Хэдэн үеэрээ ажиллаж, амьдарч байгаа сайхан нутаг. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, намрын цагт бүх төрлийн жимс ургадаг, сумын иргэд нь ажилсаг хөдөлмөрч гэж магтаад Р.Чойномын “Буриад” шүлгийг мэдэх үү гэж асууж байна. Зарим хүн буриадыг энэ шүлгээр төсөөлдөг юм шиг санагддаг. Олон хүний дунд сайн, муу янз бүрийн зүйл бий. Гэхдээ буриад, халх цаашлаад ийм тийм гээд ялгах нь өөрөө зохимжгүй. Бүгд монгол хүн гээд нутгархаг үзэлд дургүй нь илт. 
Би эхээс долуулаа. Дээрээ нэг эгчтэй, таван дүүтэй. Манай гэр бүлийн хүн ч гэсэн эхээс долуулаа, айлын том. Ингээд яриад байвал бид хоёрт адилхан зүйл олон. Миний аав С.Очир, ээж Д.Лхамцоо хоёр сумынхаа дунд сургуульд насаараа багшилсан хүмүүс гэхэд эхнэр нь хажуугаас “Очир багш, Лхамцоо багш” гэхээр нутгийнхан андахгүй. Нэр хүнд сайтай, олонтой гэж жигтэйхэн. Биндэрийнхэн цөм тэдний маань гараар дамжсан шавь нар нь юм даа хэмээн бахархангуй ярих. 
Генералын аав, ээж Дорнод аймгийн хөдөө аж ахуйн сургуульд хамт багшилж байсан гэнэ. Тэгсэн аймагт гэдэсний халдварт өвчин дэгдэж, аймгаараа л сандарч. Дөнгөж төрсөн 20 гаруй нярай халдвараар өвчилснөөс тэсч үлдсэн хоёроос гуравхан нярай байдгийн нэг нь О.Энхбаяр дарга аж. Энэхүү сүрхий мэдээг дуулсан өвөө, эмээ хоёр нь Биндэрээс санд мэнд ирээд ач хүүгээ өвөртлөөд буцжээ. Очоод нэлээд их эмчилгээ хийлгэсний дараа хүн төрхөндөө орсон доо хэмээн хошигнов. Аав, ээж хоёр маань ч миний араас ирээд сумынхаа сургуульд багшилсан түүхтэй. Ингээд би гэдэг нөхөр эрийн цээнд хүрч сургууль соёлд ч явсан. Хуучнаар ЗХУ-ын Одесс хотын цэргийн их сургуульд зургаан жил суралцаж, төгссөн хавартаа буюу 1985 онд эхнэрээ хөтлөөд гэртээ яваад очлоо. Манайхан ч гадарласан байсан. Нэг сумынх, бие биеэ сайн мэддэг улс учраас бэрээ баяртай нь аргагүй хүлээж авсан даа. Хөтлөөд орж ирсний дараахан аав маань сумын захиргаанд очоод гэрлэлтийн баталгаа аваад ирсэн. Тэр үед юун хурим найр хийх. Хоёр гуравхан хоногийн дараа тус тусын албандаа хуваарилагдах байсан учраас тийм цаг байгаагүй. Би Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 134 дүгээр ангид техникчээр, манай хүн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эмчээр томилогдсон. Үүнээс хойш үндсэндээ хоёр жил орчим тусдаа амьдарсан. Яах вэ, хааяа амралт, чөлөө олдвол ирж, очно гэхэд Урнаа эгч “Манай эмнэлгийнхэн танай нөхөр шинелиэ намируулаад шуудангийн машинаас буулаа. Сайхан сүртэй харагдах юм” гээд л ярьдаг байсан сан. Тэр үед манай хүнд солих ээлжийн чөлөөт хувцас ч төдийлөн байсангүй. Хаа явна шинельтэйгээ л явна. “Эмчийн нөхөр ирлээ” гээд сумаар л нэг яриа гардаг байж билээ хэмээн инээлдэв. Гэрийн эзнээс “Улаан-Од” сонинд гарсан нийтлэлийн талаар асуухад хэдэн цэрэгтэйгээ хичээл хийгээд сууж байтал сурвалжлагч нар орж ирээд сахилга, сурлага, ар гэр гээд өчнөөн л юм асуусан. Тэгэхэд гэр бүлийн хүн маань Хэнтий аймагт эмчээр ажилладаг, хоёр талаасаа өргөдөл гаргаад ч болдоггүй ээ гэсэн утгатай зүйл ярьсан шиг байгаа юм. Тэгсэн нийтлэл гарсны дараахан төд удалгүй манай хүнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хуваарилж, бидний хамтын амьдрал жинхэнээсээ эхэлсэн түүхтэй. За, тэгээд цаг ч хэцүү байж, залуу ч байж. Хоёр талаасаа хоёр чемоданаа тэврээд айлын хажуу өрөө хөлсөлж амьдарлаа, сайхан охинтой ч боллоо. Хэнээс ч авсан юм бүү мэд, Оросын хуучин хөргөгчтэй. Хоёулаа ажил гээд гэрийн бараа харахгүй дээ. Манайх ганц охинтой. Э.Наранзул гэж сайхан охин бий. МУИС-ийг газрын менежмент мэргэжлээр төгсөөд одоо гэр бүл, үр хүүхдийнхээ хамт Швед улсад ажиллаж, амьдарч байгаа гэлээ. Энэ үеэр гэрийн эзэгтэй миний охин гэснээс тэр үеийн санаанаас гардаггүй дурсамж байдаг юм. Бид айлын хажуу өрөө хөлсөлдөг учраас чийгтэй газар байснаас хөдөө агаарт охиноо төрүүлье гээд би Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан сангийн аж ахуй руу гэр рүүгээ явсан. Очоод хоёр сар орчим болоод л төрлөө. Тэр үед манай суманд олон ээж төрж таардаг юм байна. Төрсний дараах бага зэрэг хүндрэлээс болж бие маань өвдөж байсан ч охиноо солигдчих вий гэж эмээгээд сувилагчид “Охиноо харъя” гэж хэлээд авчруулахад ёстой нээрээ солигдохын аргагүй содон байж билээ. Тэр чигтээ аав. Нарийнхан хөмсөгтэй, хамар нь шонтойчихоод л. Харин манай хүний охиноо харах гээд амьсгаа өндөр, өнөөх л шинелиэ намируулаад орж ирж байсныг би огтхон ч мартдаггүй юм. Хөлс нь цувчихсан, байдгаараа инээчихсэн хүн ирсэн дээ гэхэд О.Энхбаяр дарга тэр үед машин тэрэг гэж байсангүй. Шуудангийн унаагаар л явна. Дархан-Уул аймгаас Хэнтий орох хүртэл галт тэрэг, шуудангийн машин гээд хэд хэдэн унаа сэлгэж, нэг хонож очдог үе л дээ. Тэгээд замдаа мунгинаж явсаар байгаад төрснийх нь маргааш очиж байснаа дурсав. Бид яриандаа Зэвсэгт хүчний хүнд үеүдийг ч дурсав. Нийгэм, цаг үе хүнд, цөөнгүй офицер, ахлагч нар ажлаа хаяад явчихсан амаргүй үед цалингүй, нойр хоолгүй хэдэн нөхдийнхөө хамт зүтгэж явсан. Зөвлөлтийн цэрэг орхиод гарсны дараах үеийг зөв зохион байгуулалттай давснаараа өнөөдрийн энэ гэрэл гэгээтэй Зэвсэгт хүчний хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг ч тодотгосон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ залуу офицер явсан үеэс өнөөдрийг хүртэлх хугацааг эргээд харахад жаргал, зовлонгийн олон нугачааг ханьтайгаа хамт үүрч. Гашуун нясуун юм хүртэж, өөрийн гэсэн орон гэргүй айлын хажуу өрөө эсвэл албаны байранд хань, үр хүүхдээ амьдруулж ирсэн үе бий. Тэр дундаас ханийн маань өвдөж зовсон үе халширмаар хүнд байсан. 1998 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад манай хүн маш их өвдсөн, цус их алдсан. Цусыг нь нөхөх гээд хоёр талын ах дүү нар тэр ч бүү хэл Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн офицеруудаас ч цус авахуулж ханьдаа дуслаар хийж байсан юм даг. Гэсэн ч олигтой болдоггүй. Бүр олон цуснаасаа болоод өөр төрлийн халдварууд авчихдаг юм байна. Эмч нар “Найдваргүй шүү. Сэтгэлээ эртхэнээс чангалаарай” гэхэд нь “За, би яах вэ. Ханиа тавиад туучихдаг заяагүй амьтан байна. Охиндоо л юу гэж хэлнэ дээ” гэж бодоход гол зурж байсан. Үнэхээр зурсан. Харин охин бид хоёрт аз тохиож, алтан гартай эмч нарын буянаар гурван сарын дараа сэхээнээс гарсан. Тэр үе их юм бодогдуулсан. Хүн чинь жаргаж яваагаа төдийлөн анзаардаггүй. Зовлон үзэж байж жаргаж буйгаа мэдэрдэг юм билээ. 2006 онд аавыгаа алдахад ч бас их юм орой руу орсон. Манай аав, ээж хоёр нэг л зүйл захидаг. “Та нар аав, ээжийгээ ачилмаар байна, асармаар байна, бэлэг сэлт өгмөөр байна гэж битгий бод. Зөвхөн бид хоёрын санаа сэтгэлийг зовоохгүй, чих халууцуулахгүй, бусдад гай болохгүй төлөв төвшин даруухан явбал бидний ачийг хариулсанд тооцоорой” гэж хэлсэн нь юутай үнэн үг вэ. Одоо сайхан ээж минь 80 гарчихсан хөгшин байна. Мартаж санахыг нь эс тооцвол бусад нь давгүй. Зундаа Биндэр явна, өвөлдөө хотод хүүхдүүдийнхээрээ өвөлжинө. Голдуу охидындоо байх дуртай. Манайд ирэхээрээ хөгшинтэй маань л элдвийг ярина даа. Хүн өтлөх тусам эргээд нялхардаг гэх нь хаашаа юм, лав аав, ээжийгээ л их санаж үгүйлдэг болчихдог бололтой. Ээжийгээ манайд, миний дэргэд сууж байхад л санаад байх шиг санагддаг. Одоо хэдий олон жил хамтдаа өтлөв гэж дээ. Аль болох ажлынхаа цаг завыг тохируулаад ээжийнхээ дэргэд л баймаар бодогддог болсон байна. Миний хадам аав, ээж хоёр ч гэсэн их сайхан сэтгэлтэй, нуруутай, тусч зөөлөн хөгшид бий. Хадам аавыг Б.Ядамдорж, ээжийг Н.Жавзандолгор гэдэг одоо 80 дөхөж яваа буурлууд. Охиныг маань өсгөж өгсөн хүмүүс. Хань бид хоёр 60 нас хүртлээ аав, ээжтэйгээ хамтдаа өтөлж яваагаа их хувь заяа гэж бэлгэшээж явдаг хэмээн О.Энхбаяр генерал өгүүлсэн.
Түүнээс айлын хажуу өрөө болоод албаны байраар дамжин амьдарч яваа генерал бараг байхгүй, байсан ч цөөхөн байх. Таны намтар түүхийг харахад Дархан-Уул аймагт хажуу өрөө болоод Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд залуу насаа өнгөрөөж дээ гэж бодогдлоо гэхэд “Үнэндээ л тийм. Би боддог юм. Байрны заяа хаяна гэж байдаг юм биш үү. Зэвсэгт хүчний 134 дүгээр ангид алба хааж байгаад ОХУ руу сургуульд явах болоход аймгаас надад сайн ажиллаж байна гээд гурван өрөө байр өгсөн. Тэр үед би одоо ОХУ руу сургуульд явлаа, миний дараагийн офицерт өгөөрэй гэж хэлээд гарсан. Манай хань уг нь үлдэж байгаа шүү дээ. Тэгсэн ханиа ч бодож байгаа юм байхгүй. Тэгээд ОХУ-аас ирсний дараа бид хэсэг хугацаанд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд амьдарсан. Жижигхэн өрөөнд охинтойгоо гурвуулаа. Сумны авдрыг ширээ болгочихсон, гуниж гутраад байх зүйлгүй догь амьдарсан шүү (инээв). 2010 оноос хойш энэ албаны байранд амьдарч байна. Энэ үеэр Я.Уранчимэг эгч “Амьдрал гэдэг аз жаргалын хэлхээс юм. Бид өөрсдийнхөө хэмжээнд элбэг хангалуун, элэг бүтэн, эрүүл саруул, аз жаргалтай амьдарч ирсэн нь чухал. Ялангуяа ханийн минь ажил үйлс бүтэмжтэй, ах дүү, үр хүүхдүүд маань эрүүл саруул, аав, ээж маань урт удаан насалж байвал тэгээд л боллоо. Өөр юу хүсэх вэ дээ” гэлээ.
Тэдний хөгжилтэй дурсамжууд нэлээд их ажээ. Я.Уранчимэг эгч жирэмсний амралтаа аваад 1100 төгрөгтэй болж гэнэ. Энэ мөнгөөрөө Улсын их дэлгүүрээс том буйдан худалдаж аваад саяхныг хүртэл хэрэглэж байснаа дурсав. Бие биеийнхээ зан чанарыг тодорхойлооч гэхэд “Энхбаяр их зөөлөн. Харахад ширүүн дориун харцтай, хэг ёг мэт яриатай боловч цаанаа уяхан. Зэмлэснийхээ дараа өрөвдөж л байдаг хүн. Одоо бүр уйлчих гээд байдаг болсон байна лээ” хэмээхэд хариуд нь “Адгийн тэнэг эхнэрээ магтдаг гэж ярьдаг шүү дээ. Энэ буруу үг. Эхнэр сайн бол нөхрийн ажил үйлс өөдрөг явдаг. Өнөөдөр миний сайн сайхан яваагийн ард энэ эмэгтэй байгаа. Гэр бүлдээ санаа сэтгэл зовохгүй, зөвхөн ажилдаа шамдах бүх бололцоог нээж өгдөг юм даа. Дээрээс нь надаас илүү голтой шийдвэр гаргадаг шүү. Бид нэгнийнхээ занг нөхөөд сурчихсан улс” гэсэн юм.
Генералын ярих дуртай өөр нэг сэдэв нь Дөлгөөний Хэрлэн гэдэг зээ охиныхоо тухай байв. Зээ охин нь өнгөрсөн жил аав, ээжийнхээ хамт Монголд ирсэн гэнэ. Энэ үеэр ёстой нэг тултираа хэлтэй болцгоосон гэнэ дээ. Уг нь бид охиноо ганц гээд эрхлүүлж өсгөөгүй, аль болох бие даах байдалд эртнээс сургасан. Харин зээгээ бол эрхлүүлэхгүй байж үнэхээр чадахгүй юм билээ. Харахаар л хайр хүрээд, байдгаа өмнө нь барина. Сүүлдээ хоёулаа охиндоо хүүхдийн зан эвдээд байна гэж загнуулдаг ажилтай болсон доо гэцгээв. Удахгүй хоёр дахь зээгээ хүлээж авах гэж байгаа, он гараад генералын гэргий Швед улсыг зорихоор төлөвлөснөө ч хуучиллаа. 
Бидний яриа ч өндөрлөх дөхөж генералыг хоол хийхдээ хэр тухай гэргийгээс нь асуухад “Залуу байхдаа хийдэг байсан. Одоо бол ямар юмаараа хийх вэ. Ажил ихтэй” гэхэд “Би гурил элдэж өгдөг биз дээ” хэмээн командлагч маань тас тас хөхөрсөн.
Тэд 2007 оноос хойш жил бүрийн зун эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялах дуртай болж. Бүр машингүй байхдаа ч шуудангийн унаа, найз нөхдийнхөө машинаар ч хамаагүй аялдаг. Аялалд огтоос ядардаггүй гэнэ. 
Эцэст нь командлалын энэ жилийн амжилт ололтыг асуухад “Саяхан жилийн эцсийн тайлангийн хурлаа хийлээ. Нэлээдгүй их ажил амжуулжээ, бид. Шинэчлэл, хөрөнгө шаардсан ажлуудыг бага ч гэсэн эхлүүллээ. Хууль, дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд төлөвшлөө. Эрх зүйн орчныг сайжруулах ажил алхам алхмаар урагшилж байна. Томоохон сургуулиудыг ч амжилттай явууллаа. Алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр орон нутаг дахь хоёр салбарт тус бүр найман айлын орон сууц барьж байна. Цаашдаа энэ ажил үргэлжилнэ. Ингээд яриад байвал их. Гэхдээ манай командлалын үйл ажиллагааны ихэнх нь улсын нууцад хамаатай байдаг учраас үүнээс илүү дэлгэрүүлээд дэмий биз дээ. Дараа жил үүнээс ч илүү их ажил амжуулна” гэсэн юм. Тэрээр цэргийн алба хаагчид багаар ажилладаг. Цэргийн хүн ганцаараа буруу харж суудаггүй. Дарга эсвэл захирагдагсад нь үргэлж харж байдаг учраас манай офицер, ахлагч, ажилтан алба хаагчид зөв үйлдэл, нэгдмэл санаатай байж, албаныхаа төлөө сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажиллахыг хүсээд 2019 ондоо ажил, амьдрал нь тэгш дүүрэн байхыг бэлгэдэн ерөөсөн юм.
 
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин