sonin.mn
ИЛ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
 
Эрхэм Ерөнхий сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Таны тэргүүлдэг Засгийн газрын “Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх, шударга ёсыг хангах, сахилга дэг журам, хариуцлагыг бүх шатанд сайжруулах” зорилтыг бид бүрэн дэмжиж, бодитоор биелэгдэхийг хүсдэг.
Гэтэл энэ бүгдийн эсрэг чиглэсэн нэгэн ноцтой хэрэг, бусармаг үйл явдлын талаарх гомдол, мэдээллийг хүргэж, энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход Монгол Улсын Ерөнхий сайд Таныг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж, найдаж байна.
 
УИХ-ын гишүүн асан, иргэн Л.Гүндалай гэгч нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Оюундалайн Одсүрэнгийн нэр дээр Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний А-160 тоот тушаалаар тусгай хамгаалалттай дархан цаазат “Богдхан-Уул”-ын “Зайсан”-гийн аманд 5 га газар аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээ гаргуулан авчээ.
 
Улмаар уг газрын зарим хэсэгт холбогдох хууль тогтоомж, “Тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээ"-г зөрчин зориулалтын бусаар ашиглаж, бусдад эрхтэй мэтээр ойлгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжинд орон сууцны хэд хэдэн хотхоныг бариулсан. Одоо уг газрыг газар ашиглах эрхгүй, гэрээ нь хүчингүй болсон гэх боловч тэдгээрийг дахин гаргуулахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.
Л.Гүндалай нь тухайн газар дээр хөрөнгө оруулж, барилга барьсан баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэдээс олон арван тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн эхнэр Л.Аззаяа, төрсөн ах Л.Баяндалайн “Батсарай” ХХК-иар дамжуулан авсан, бусдад худалдсан атлаа улам шунаж, дээрэм, сүрдүүлгийн аргаар огт баригдаагүй барилгаас “өөрт нь ноогдох ёстой” гэж тулган дахин 2.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нэмж авахаар улайран дарамталж, хүч хэрэглэж байна.
Дээрх байдлаар тооцвол уг газраас нийт 46 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон байхыг ч үгүйсгэхгүй. Ийм байдлаар зөвхөн газрын наймаагаар л “60 тэрбумын хэрэг”-ийн схем бодит байдал дээр хэрэгжсэн байх магадлалтай биш үү?
 
Төрийн тусгай хамгаалалттай газрыг эрх мэдлээ урвуулан ашиглан авах, хувийн мэт арилжан хөрөнгөжих, байгалийн тэнцэл алдагдуулах, аж ахуйн нэгж, иргэдийг дарамтлан, дээрэмдэж их хэмжээний эд хөрөнгийг нь авсан, дахин авахаар хүч хэрэглэж байгаа Л.Гүндалай болон түүний хамсаатнуудын шударга бус, луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээс хохирсондоо маш их гомдолтой байна. 
 
Иргэн Л.Гүндалай түүний хамаарал бүхий этгээдүүд дээрх үйлдлүүдээ хэтэрхий эрдэж, бардан, увайгүй хийдэг нь магадгүй цагдаа, хууль хүчний болон төрийн байгууллагын зарим ажилтан, удирдлагуудтай албан бус харилцаатай, тэдний ивээлд, өөрийн “шударга бусын хонгил”-ыг үүсгэсэнтэй холбоотой байж болзошгүй гэж харддаг бөгөөд төрийн албаны дунд, доод шатанд хууль тогтоомж, Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхгүй, сахилга хариуцлага хангалтгүй байгаагийн илрэл гэж үзнэ.
Иймд хэргийг ул суурьтай, сайтар шалгаж, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгж бидний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулж өгнө үү.
 
Хувийг: Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт
 
Хүндэтгэсэн, "ОЛД КОНСТРАКШН" ХХК,
"ВИЗАРДКОНСТРАКШ" ХХК,
"ОРХОНЫ ШУГУЙ" ХХК, 
"АСТРА ВИЛЛА"
"ПИЙС ВИЛЛАЖ" ХОТХОНЫ СУУГЧИД