sonin.mn
Үндэстэн дамнасан корпораци Рио Тинто-гийн Зэс,очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал А.Суарат Монголд ирэнгүүтээ 2019 оны 5дугаар сарын 2-ны өдөр  нийтлэл гаргаж манай төр,засгийн удирдлагууд, уг чанартаа нийт монголчуудад хандаж ихээхэн ноцтой ба хачирхалтай мэдэгдлийг хийсэн билээ.
Гол агуулга нь гэвэл, бид Оюутолгойн гэрээнүүдийн “нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй” гэж хатуу мэдэгдээд, эдгээр гэрээнд “өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэж болзошгүй юм”, "гэрээнүүд хөндөгдсөнөөр бидэнд бизнес үргэлжлүүлэх бололцоогүй болно. Бидний хамтын уурхайн үйл ажиллагаа ч зогсоно”, ”Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч ...гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэж үзэл бодлоо сонордуулсан.
 
Юуны өмнө энэ мэдэгдэл Рио Тинто компанийн удирдлагын нэгдсэн байр суурийг илэрхийлж буй гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Компанийн нэг захирал нь дээд удирдлагатайгаа ойлголцож зөвшилцөхгүйгээр дур мэдэн ийм ноцтой зүйлийг өөр улс орны түншүүддээ, тэгэх тусмаа эрх баригчдад нь хандаж бичих магадлал үнэндээ өчүүхэн бага. Нөхцөл байдал,гарах үр дагавар,тэр ч байтугай өөрсдийн чадавх,нөөц боломжийг нарийн тооцож бодолцсон байж таарна. Иймд Монголчууд дээрх мэдэгдлийн утга санаа,өнгө төрх,үг үсгийг нарийвчилж үзэх нь зүйтэй юм.
 
Мэдэгдлийг хоёр янзаар хүлээн авч болохоор байгаа. Хамгийн эерэгээр авч үзвэл, гэрээнүүдэд өөрчлөлт оруулах аливаа оролдлого,санаархлаасаа татгалзахыг манай эрх баригчдад “зөвлөж”, эс бөгөөс гүний уурхайг зогсооно хэмээн анхааруулжээ гэж ойлгож болно.
Харин хамгийн сөрөг өнцгөөс харвал, гаднынхан үг дуугүй бууж өгөхийг тулган шаардаж, эс биелүүлэх аваас Оюутолгойн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хүртэлх алхмуудыг хийнэ гэж эргэлт буцалтгүй шийджээ гэж үзэж болохоор. 
Сайн,муу энэ хоёр хувилбар хоорондоо онцын ялгаагүй байгаа нь анхаарал татаж сэрдхийлгэж буй юм. Аль аль нь Оюутолгой төслийг наанадаж саатуулах, цаашилбал бүр зогсоох сүрдүүлэг,заналхийллийн агуулгатай нь илэрхий ажээ.  
 
Рио Тинто компани түнш орныхоо удирдлагууд ба иргэдтэй тулган шаардалт,заналхийллийн өнгө хэл,арга барилаар харилцаж буй нь яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэдгийг юуны өмнө хэлэх ёстой. Тэд ийм байдал гаргаснаараа тэртэй тэргүй амаргүй орчинд явагдаж буй хамтын ажиллагаанд тун таагүй уур амьсгалыг үүсгэв. Томоохон эрсдлийг ч бий болгож байна. Үүнийг ухаарахгүй байна уу? аль эсвэл зориуд бий болгох сонирхол байна уу? гэдгийг хэлэхэд төвөгтэй. 
 
Ямартай ч Рио Тинто Монголын талд хандан байр сууриа тов тодорхой илэрхийлж, цаашдын түншлэлд баримтлах ”улаан шугам”-нуудаа тодорхойлчихлоо. Эдгээрийг нь энгийн үгээр дахин сийрүүлвэл, татварын маргааныг шийдвэрлэх, зээлийн хүүг бууруулах зэрэг жижиг, ач холбогдол багатай асуудлыг авч хэлэлцэж болох юм, харин гэрээнүүдэд ямарваа нэгэн өөрчлөлт оруулах чухал асуудлыг бол ярилцах ч үгүй шүү гэсэн ажээ. Үүнийг Монголын тал сайтар тунгаан бодох хэрэгтэй болж байна. Олон арван жилээр хамтран ажиллах учиртай түнш атлаа ингэж нэгэндээ эелдэг бусаар хандаж хатуурхаж байгаа нь нэг л биш бөгөөд элдэв эргэлзээ,хардлагыг зайлшгүй төрүүлж байна.
Гэтэл гаднынхан үүгээр зогссонгүй дээр нь бас дэндүү даварсан шаардлагыг нэмж тавьсныг  уншиж болно. Юу вэ гэвэл, “гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэж “лүндэндсэн” байгаа юм. Энэ нь гүний уурхайн төслийг зогсоохоос өөр сонголт үгүй гэсэн үг. Яалаа гэж зогсоох вэ гэвэл, гэрээнүүдийн аливаа заалтыг өөрчлөх зорилгоор УИХ,Засгийн газраас ямарваа нэг үүрэг даалгавар өгөгдөх л юм бол гүний уурхайн төслийг зогсооно гэж заналхийлжээ.
 
Тэднийхээр бол манай төр,засаг гэрээнүүдийг өөрчлөх талаар ямар ч шийдвэр гаргаж болохгүй болж таарч байна. Шийдвэр гаргалаа л бол гүний уурхайн төсөл шууд зогсох юм гэнэ.
 
Аливаад хэмжээ хязгаар байдаг. Гаднын нэг компани Монголын төр,засгаас ямар шийдвэр гаргаж болох,болохгүйг ингэж улайм цайм зааж,тулган шаардаж байгааг юу гэж үзвэл зохилтой вэ? Үүнийг эрх баригчид төдийгүй монголчууд нийтээрээ эргэцүүлэн бодох хэрэгтэй болж байна. Монгол маань бүрэн эрхт, тусгаар тогтносон улс мөн юм бол гаднынхны энэ хэт даварсан үйлдэлд манай эрх баригчид тохирсон хариуг нь барих ёстой биш гэж үү? 
 
“Цаг цагаараа,цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж монголчууд ярьдаг. Сүүлийн үед Монгол Улсад болон Оюутолгойн эргэн тойронд олон зүйл гадаадынхны хүссэн,төсөөлснөөр явахаа больж буйг Рио Тинто-гийн удирдлагууд эмзэглэн хүлээн авч дургүйцэл, уур уцаараа ийнхүү гаргаж буй тал бий байх. Ялангуяа гэрээнүүдийг өөрчлөх үзэл бодол,шаардлага  нийгэмд улам газар авч, эрх баригчдын зүгээс ч гэрээнүүдийг эргэн харах хүсэл,зориг нэмэгдсэн нь тэднийг мэдээж түгшээн цочроож буй. Оюутолгой төсөл тэдний хувьд бүр эхнээсээ өндөр ашиг шимтэй “саалийн үнээ” байсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөх янзтай болж энэ төсөл дэх хязгааргүй эрх мэдэл, дураараа тонгочих боломж  нь дуусгавар болох гээд, бульхай луйвар нь баримтаар нотлогдох гээд байгаа тул сандарч тэвдэж буй бололтой. Иймээс ч “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр эрээ цээргүй тулган шаардах,сүрдүүлэх,заналхийлэх арга хэлбэрт шилжсэн байж мэднэ.
Монголчуудтай хүндэтгэлтэй бус  өнгө аяс,байдлаар харьцаж буй нь шинэ үзэгдэл биш гэдгийг хэлэх ёстой. Манай үе үеийн эрх баригчид гаднынхныг өөгшүүлэн даврааж, олон тохиолдолд тэдэнд буулт хийж, бүр бууж өгч ирсний гор энэ юм. Нөгөөтэйгүүр эрх ашгаа хамгаалж чаддаггүй сул дорой улс үндэстэн, гэнэн тэнэг хүмүүстэй Барууныхан дээрэнгүй үзэл,түрэмгий байдлаар хандаж ирснийг дэлхийн түүх батлан харуулдаг.
 
Харилцааны ёс зүй, соёлыг жижиг зүйл хэмээн үзээд (ингэх нь мэдээж буруу юм) гол гогцоо асуудалдаа эргэж орвол энд яах аргагүй гэрээнүүдийн агуулга,эрх зүйн чадамж хөндөгдөнө.
Энэ тал дээр аль хэдийн үүсээд, одоо дэлбэрэхдээ тулсан хамгийн ноцтой нөхцөл байдал бол бүр анхнаасаа туйлын урагшгүй гэрээнүүд байгуулагдсан явдал юм. Үүнээс болж улс орон төдийгүй эрх баригчид ч, мөн гадаадын түншүүд ч хүнд байдал,ацан шалаанд орчихоод байгаа. 
Туйлын урагшгүй гэдэг нь гэрээнүүдийн агуулга Монголын талд дэндүү хохиролтой болсон гэдгээр хязгаарлагдахгүй. Үүнээс дутахааргүй ноцтой байдал үүсч лавширсан нь эдгээр гэрээ бүр анхнаасаа хууль зөрчсөн агуулгатайгаас гадна бас хууль зөрчсөн үйлдлээр хийгдсэн тул яг ном,журмаараа бол анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд болсонд байгаа юм.
Энэ үнэнээс зайлсхийх гэж манай эрх баригчид ч, мөн гаднынхан ч өнөөг хүртэл дүлий дүмбэ царайлсаар ирсэн. Ингэснээрээ тэд өөрсдийгөө болон өрөөлийг улам их эрсдэлд оруулж, бараг гарцгүй шахуу болчихоод бантагнан хямарсаар байна. Монгол Улс,үндэстний тухайд бол томоор яривал, тэд хөгжлийн ирээдүй,хувь заяагаар нь дэнчин тавьж “тоглосоор” байна. 
Бизнесийн түншүүдийн итгэлцэл нь үнэн ба хуульт ёсонд суурилсан байж гэмээнэ цаг хугацааны сорилтыг давж чаддаг. Гэтэл эдгээр шалгуур,шаардлагыг Оюутолгойн гэрээнүүд бүр анхнаасаа хангаж чадаагүй. Худал бусармаг ба хууль бус зүйл бөөн бөөнөөрөө болсон. Үүнийг манай эрх баригчид ч, мөн гаднынхан ч мэдэхийн дээдээр мэднэ. Тэгсэн атлаа мэдээгүй, ойлгоогүй дүр эсгэн “жүжиглэж”, өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ хууран мэхэлсэн, тэрчлэн нэгнийгээ дарамт шахаанд оруулсан орчинд эдгээр гэрээг байгуулсан. Үүн дээр авлига,хуйвалдааны хүчин зүйлс нэмэгдэж нөлөөлсөн байх өндөр магадлалтай.
Эдгээр болон бусад нөхцөл байдлын улмаас Оюутолгойн гэрээнүүдийг хэвээр нь үлдээх ямар ч боломжгүй байгаа билээ. Анхнаасаа эрх зүйн чадамжгүй гэрээнүүдийг хүчин төгөлдөр мэтээр үзэж аашлах нь зөв шийдэл биш бөгөөд тун явцгүйгээс гадна өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ч мөн хаана хаанаа, юуны түрүүнд манай эрх баригчид эрхбиш бодолцмоор байгаа юм.
 
Гэрээнүүдийн хувьд ийм эмгэнэлтэй ба хөгийн гэхээр нөхцөл байдал үүсч даамжирсан нь гэрээ байгуулсан хариуцлагагүй үйлдэлтнүүдийн гэм буруу. Аль эртнээс засч залруулахыг шаардаж, анхааруулсаар байхад үл ойшоож,үл тоомсорлож  ирсэн дотоод,гадаадын эрх мэдэлтнүүдийн нүгэл.
Нөгөө талаар “цөөн хүний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар,уршиг балгыг ард түмэн хариуцахгүй,үүрэхгүй,хүлээн зөвшөөрөхгүй. Тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэдгийг Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулагчид ойлгох ёстой” юм (www.sonin.mn/news/politics-economy/10609).
Гамшгийн уршигтай гэрээнүүдийг өөрчлөх бодит хэрэгцээ,шаардлага Монголын нийгэмд бий болсныг гаднынхан ойлгохыг хүсэхгүй, чадахгүй байгаа нь бас тун харамсалтай. Тиймээс хуучин янзаараа хүчээр далайлган сүрдүүлж,одоо бүр заналхийлж  байгаа нь гарц,шийдлийг улам хүндрүүлж байна.  
Монголын бодит байдлыг тайлбарлан ойлгуулах хүсэл,чадвартай мэргэжилтнүүд,зөвлөхүүд тэдэнд байдаггүй бололтой юм. Байсан бол Рио Тинто-гийн удирдлагууд ийм болчимгүй, хамтын ажиллагаанд хортой мэдэгдлийг хийхгүй байх байсан биз ээ. 
 
Рио Тинто-гийн гэнэтийн мэдэгдэл ихээхэн сөрөг агуулгатай ч урьдчилан төсөөлөөгүй нааштай үйлчлэл,үр дагаварт хүргэж болзошгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгд, гаднынхны байр суурь, ”улаан шугам”-нууд маш тодорхой болсноор монголчууд бодит байдалтайгаа хүссэн,хүсээгүй нүүр тулж байна. Энэ нь ялангуяа манай эрх баригчдад гашуун ч гэсэн сайн эм болох магадлалтай. Хоёрт, эрх баригчид бодлого, байр сууриа дахин нягтлах, илүү нарийн тодорхойлох шаардлага, шахалт үүслээ. Гуравт, гэрээг өөрчилж,сайжруулах боломжтой гэж олон жилийн туршид худал ярьж,ард түмнээ хууран мэхэлж ирсэн цөөнгүй улстөрчид гаднынханд “амаа тас алгадуулснаар” одоо дахин худал үгээрээ олон нийтийг төөрөгдүүлэх боломжгүй болж буйд баярлууштай. Дөрөвт, улстөрчид хэн нь хэн бэ? гэдгээ харуулж,тараа таниулах цаг мөч ирж байна. Тавд гэвэл, Оюутолгой төслийн эргэн тойронд хуримтлагдсан олон  асуудал,зөрчлийг шийдэх үйл явц хурдсах төлөвтэй болж байна. Ингэснээр хуульт бус байдал болон худал хуурмагт суурилсан гэрээнүүд ба төслийн битүү,”өмхий” орчин задарч, үнэн зөвийн үнэр,салхи тэнд нэвтрэх боломж бүрдэж магадгүй байна. 
Гадаадын хөрөнгө оруулагч хэнбугай ч үйл ажиллагаа явуулж буй орныхоо хууль тогтоомж,дэг журмыг бусдын адил дагаж мөрдөх учиртай билээ. Гэтэл Оюутолгой төсөлд оролцож буй гаднынхан энэ мэдээжийн үүрэг, шаардлага,ёс зүйг удаа дараа зөрчсөн төдийгүй өөрсдийнхөө эрх зүйн ойлголт,хэм хэмжээг монголчуудад тулган хүлээлгэх оролдлогыг хийж, зарим тохиолдолд бүр манай урагшгүй албан тушаалтнуудаар хүлээн зөвшөөрүүлж дөнгөсөн байдаг. Энд тухайлбал төслийн ТЭЗҮ, татвар тооцох аргачлалтай холбоотойгоор болж өнгөрсөн бусармаг явдлуудыг дурдаж болно.
 
Хууль зөрчсөн гэрээнүүдийг засч залруулж, хууль зүйд нийцүүлэх гэж одоо оролдож эхлэнгүүт ямар ч өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй, тийм хэлэлцээ хийхгүй гэж том дуугаар мэдэгдэж байгаа нь Монголын хууль зүйд гаднынхан хэрхэн хандаж буйг, өөрөөр хэлбэл хэрхэн танхайрч байгаагаа нотолсон хөдөлшгүй баримт юм. Ийм үйлдлээрээ тэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоо бүү дагаж мөрдө, бүү хэрэгжүүлж амьдар гэсэнтэй агаар нэг дэндүү ёс зүйгүй шахалт,шаардлагыг монголчуудад тулгаж байна гэдгээ ойлгодог ч болоосой.  
 
Монгол Улсын хууль зүйг үл тоомсорлох аливаа хандлага,байдлыг бие даасан Монголчууд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. ”Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс өөр зам гадаадын хөрөнгө оруулагчдад байхгүй. Энэ мэдээжийн зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй хэнбугайд ч монголчууд бид шууд “баяртай” гэж хэлж байна...Оюутолгойн гэрээ нь хууль бус үйлдлүүдээр хийгдсэнээс гадна хууль тогтоомжийг зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй,тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл мөн юм. Энэ үнэнийг үргэлжлүүлэн үл ойшоох аваас улам их ноцтой үр дагаврыг авч ирж болзошгүй гэдгийг бид дахин анхааруулж байна...Оюутолгойн асуудал буруу гольдрилоор орж улам бүр ээдрээтэж буйн бүхий л хариуцлагыг гэрээг байгууулсан ба дэмжсэн хүмүүс хүлээнэ. Бидний ойлгож байгаагаар, гадаад түншүүд ч өөрт ногдох хариуцлагаа үүрч, гаргасан алдаа,эндэгдэл,төөрөгдлийнхөө асар өндөр төлбөрийг төлж таарна” гэж 2013 оны 7дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ ба Удирдлагын хороонд хандан бичиж байсныгаа энд эшлэе.
 
Одоо Оюутолгойг тойрсон хэрэг явдал нэлээд эгзэгтэй үе шат руугаа орж байна. УИХ-ын Ажлын хэсгийн тайлан,дүгнэлт, Үндэсний Аудитын Газар болон Авлигатай Тэмцэх Газрын шалгалтын дүнг парламентэд ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх нь. Дараа нь нийтээрээ хэлэлцэж, аль болох нэгдсэн ойлгоц,байр суурьд хүрэх нь зүйтэй. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчим Оюутолгойн амин чухал асуудал дээр яг нийцэх юм.
Асуудлыг үндэс сууриар нь засч цэгцлэхгүй бол Монголын байр суурь,байдал улам доройтож сульдах болно. Оюутолгойн гайхамшигт нөөц баялаг Бороогийн замаар орж золиослогдоход хүрнэ. Хууль зүйг огоорон танхайрах боломж, үүд хаалгыг гаднынханд бүрмөсөн нээж өгнө. Бүр цаашилбал улс орны хөгжлийн ирээдүйг харанхуйтуулан баллах болно. Ийм үр дүнг хүсэх, мөн хүлээн зөвшөөрөх нэг ч Монгол хүн байхгүй биз ээ гэж найдаж байна.
 
 
Р.Эрхэмбаяр
 
“Ирээдүйтэй хөгжил” зөвлөл