ШЕЗ гэж шүүхийн захиргааны байгууллага Тасганы овоонд байдаг юм. Энэ зөвлөл таван гишүүнтэй байх ёстой. Одоо дөрөв бий. 2019 оны нэгдүгээр сард О.Зандраа тэтгэвэртээ гарснаас хойш УДШ-ийн квоттой энэ суудал өнөөг хүртэл эзгүй байгаа юм.
 
Саяхан, тавдугаар сарын 25-ны өдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун хоёрын бүрэн эрхийн хугацаа дусгавар болсон. Энэ хоёр хүний оронд ШЕЗ-ийн гишүүнийг нөхөн сонгох үйл ажиллагаа эхлээд байна. Н.Лүндэндорж, Д.Эрдэнчулуун хоёрын орны гишүүдийг Анхан шатны шүүхийн шүүгчид, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид сонгох ёстой.
 
Анхан шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос ШЕЗ-ийн гишүүнд 13 хүнийг нэр дэвшүүлээд байна.
Увс аймгийн харьяатай, МУИС-д багшилж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан,  ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Баянхонгор аймагт төрж өссөн А.Насандэлгэр, Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2013 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Оч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр хэдхэн хоногийн өмнө томилогдсон Х.Ганболд, ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан, 2014 онд шүүгч болж, 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй А.Сарангэрэл, Увс аймагт төрж өссөн, 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Л.Энхтайван, 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй Д.Оюумаа, 2016 оноос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилласан П.Туяат, 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилаж байгаа Б.Баатар, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ жилээс “Сити” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ, 2013 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Д.Мягмаржав, Тав аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2015 оноос ажиллаж буй Б.Хажидмаа нар нэрээ дэвшүүлжээ. Тэдний нэг нь Н.Лүндэндоржийн оронд ШЕЗ-ийн гишүүн болно.
 
Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос дөрвөн хүнийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Эдний нэг нь Д.Эрдэнэчулууны оронд ШЕЗ-ийн гишүүн болно гэсэн үг.
 
Сэлэнгийн харьяатай, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Д.Цогтсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Оюуны өмчийн газарт хэлтсийн даргаа ажиллаж эхэлсэн Э.Мягмардорж, “Шинжээч XXI” сургуульд хуульч мэргэжил эзэмшиж, МУИС-д магистрын зэрэг хамгаалаад 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Э.Зоригтбаатар, Төв аймгийн харьяатай, 2016 оноос Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Өрнөндэлгэр нарыг Давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос нэрийг нь дэвшүүлжээ.
Энэ удаад, ингэж арав, хориороо ШЕЗ-ийн гишүүний суудал руу  зүтгэж, нэрээ дэвшүүлсэн явдал анх удаа болж байна гэж шүүхийнхэн ярьж байна. Үнэхээр ч өмнө нь 1-2 хүн өрсөлдөөд нэг нь сонгогдоод явдаг байлаа.
 
Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсгээр Тасганы овоон дахь ШЕЗ-ийн гишүүнээр томилогдон очиж байсан Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрх дуусгавар болж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-д анхны “томилгоо”-гоо хийх гэж байгаа нь энэ олон шүүгчийн горьдлогыг төрүүлсэн байж мэднэ.
 
Гэхдээ бас нэг шалтгаан ярьж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод байлгах, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүгчдэд арга хэмжээ авах, талийгаач Б-г тойрсон асуудлаар 40 орчим шүүгч хариуцлага хүлээх болж байгаа зэрэг нь эрх мэдэл нь хуулиар хамгаалагдсан ШЕЗ рүү олноороо хошуурах болсны шалтгаан болж байж ч магадгүй ажээ.
Нөгөөтэйгүүр ШЕЗ-д шүүгчээр ажиллаадп төдийлэн удаагүй, эсвэл тэтгэвэрт гарах нас нь болсон, тэр ч бүү хэл шүүх байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс нэр дэвшиж байгаа нь ч анхаарал татаж байгаа юм. Товчхондоо, ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид нэлэнхүйдээ одоо ажиллаж байгаа 500-гаад шүүгчид хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй хүмүүс байна гэдгийг шүүгчид, шүүхийн байгууллагынхан ярьцгааж байна.
Тэдний дунд бас нэр мэдээлэл яваад байгаа нь энэ удаагийн ШЕЗ-ийн гишүүдийн томилгоонд ЕТГ-ын дарга З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч,  зарим нэр дэвшигчийг нэр заан “буудаж” байна гэж буй юм. ЕТГ-ын даргын дэмжлэгийг авч байгаа хоёр шүүгчийн нэрийг ч шүүгчид сонсчихсон, бие биедээ дуулгаж байна. Шүүгчдийн яриагаар З.Энхболд дарга Н.Лүндэндоржийн оронд А.Сарангэрэлийг, Д.Эрдэнчулууны оронд Э.Зоригтбаатарыг зүтгүүлж байгаа гэж байна.
Гэхдээ ЕТГ-ын дарга З.Энхболд тэднийг томилохгүй. Хууль нь өөр. Нөгөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Анхан болон Давж заалдах шатны бүх шүүгчийн зөвлөгөөн болж, цахимаар санал хурааж ШЕЗ-ийн хоёр гишүүнийг томилох юм.
Тэр болтол Тасганы овоонд байдаг ШЕЗ рүү мацсан шүүгчдийн уралдаан ширүүхэн үргэлжлэх бололтой.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин