Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой нэг бус нэжгээд асуудал хууль хяналтын байгууллагын анхаарлыг татаад удаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын хууль хяналтын байгууллага түүнийг шалгасаар, тэр ажлаа хийсээр л байгаа юм.
 
Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
 
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл өмнө нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Class Trading Limited” компаниас олон сая ам.доллар Монголд орж ирээд хэрхэн хуваагдсан талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ компаниас 2013 оны аравдугаар сарын 2-ноос 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу 7 545 900 /Долоон сая таван зуун дөчин таван мянга есөн зуу/ ам.долларыг шилжүүлэн ирүүлсэн байдаг юм. Эндээс Д.Жигжиднямаа руу 200 500 /Хоёр зуун мянга таван зуу/ ам.доллар шилжсэн байдаг. Бас нэг анхаарал татсан зүйл байдаг нь дээрх мөнгөний хамгийн их болох 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням хоёрын “Фрейт Коммодити Консалтантс” ХХК шилжүүлэн авсан байна.
 
Д.Жигжиднямаа нь 2016 оны аравдугаар сард УБТЗ-ын даргаар томилогдсон бөгөөд энэ албан тушаалд очсоноос нь хойш дээрх явдал үргэлжилсээр байжээ гэсэн үг.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалтан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татжээ.
 
Ингэхдээ Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 20-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 356 519 752 /Гурван зуун тавин зургаан сая таван зуун арван есөн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийн хувь хүний орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 356 519 752 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 159 182 645 /Нэг зуун тавин есөн сая нэг зуун найн хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх зорилгоор 2 047 261 153 /Хоёр тэрбум дөчин долоон сая хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийн борлуулалтын орлогыг, 168 552 500 /Нэг зуун жаран найман сая таван зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 1 665 525 006 /Нэг тэрбум зургаан зуун жаран таван сая таван зуун хорин таван мянга зургаа/ төгрөгийг, нийт 361 387 121 /Гурван зуун жаран нэгэн сая гурван зуун наян долоон мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийн албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд ял сонсгож, яллагдагчаар татсан байна.
 
“Фрейт Коммодити Консалтантс” ХХК-д Д.Жигжиднямааг яагаад хамаатуулав?
 
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ж.Энх-Амгалангийн хяналт тавьж, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханы мөрдөж буй энэ хэрэгт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яагаад холбогдуулсан бэ. Оффшороос олон сая ам.доллар хүлээж авсан “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-д Д.Жигжиднямааг яагаад хамаатуулав аа гэдэг анхаарал татна.
 
Тэгвэл прокурор, мөрдөгч нар “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Д.Жигжиднямаа нь 2016 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт Замын даргын ажил үүрэг гүйцэтгэж байгаа. “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалын ажлаа 2016 онд В.Рэгнаахандад шилжүүлсэн гэж байгаа боловч Монгол Улсын Татварын тухай хуульд заасны дагуу төлөөлөх эрхээ бусдад бүрэн гүйцэд шилжүүлээгүй. 2013-2017 оны татварын тайлангууд бүгд Д.Жигжиднямаагийн нэрээр Татварын албанд хүргэгдсэн байдаг” гэх үндэслэлээр уг хэрэгт холбогдуулжээ.
 
Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад хилийн хориг тавьж, албан үүргээс нь түдгэлзүүлэх санал гаргажээ
 
Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, УБТЗ ХНН-ийн Замын даргаар ажиллах албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх саналыг Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Дээрх саналын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд хуралдсан байна. Шүүх хурлыг тус шүүхийн шүүгч Л.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга, прокурор Ж.Энх-Амгалан, Д.Жигжиднямаа, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан нээлттэй хийжээ.
 
Өмгөөлөгч А.Отгонбаяр: Өмнөх ажилтай нь холбоотой хэрэгт одоогийн албан тушаалаас түдгэлзүүлэх нь хууль бус
 
Д.Жигжиднямаагийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ прокурорын саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Миний үйлчлүүлэгч 2016 онд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалын ажлаа хууль ёсоор бусдад шилжүүлж, 2016 оны аравдугаар сараас УБТЗ ХНН-ийн Замын даргын ажилд томилогдсон. Үүсээд буй эрүүгийн хэрэг нь 2013-2017 оны хоорондох “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн татвар төлөлттэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн өмнө нь ажиллаж байсан компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн эрүүгийн хэрэгт одоо ажиллаж байгаа УБТЗ ХНН-ийн Замын даргаар ажиллах албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэхээр ирүүлсэн прокурорын санал хууль бус юм. 2013-2016 оны татвартай холбоотой асуудлууд нь 2017 оны Өршөөлийн хуульд хамаарч байх тул Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах, хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулах санаа зорилго болоод сонирхол байхгүй. Иймд прокурорын саналаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
 
Д.Жигжиднямаа: Би өөрийн дүү, хоёр найзын хамт “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийг байгуулж удирдлагаар ажиллаж байсан
 
УБТЗ ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ “Би өөрийн дүү болон хоёр найзын хамт тус компанийг үүгэн байгуулж удирдлагаар ажиллаж байсан. 2015 оны аравдугаар сард компанийн удирдлагыг бусдад шилжүүлэн өгч, одоогийн ажилд томилогдсон юм. Одоо энэ компанитай ямар ч холбоо хамааралгүй болно. Миний одоогийн гүйцэтгэж байгаа УБТЗ ХНН нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн байгууллага. Замын даргын хувьд би энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулдаг. Үүнтэй холбоотойгоор ажил хэргийн шугамаар ОХУ руу байнга зорчдог. Мөн эрхээ шилжүүлэхийн тулд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороогоор хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой.
 
Гэтэл прокурорын саналд дурдсан арга хэмжээг надад авснаар тус байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн байгаа юм.
 
Прокурорын саналыг шүүх хүлээн авч, захирамжийн хувийг ХХЕГ, УБТЗ ХНН-т хүргүүлжээ
 
Шүүх энэ асуудлыг шийдэхдээ “Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 25-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчийн санал, хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор яллагдагч Д.Жигжиднямаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох”, “УБТЗ ХНН-т Замын даргаар ажиллах “албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ” гээд “Захирамжлах нь:
 
1.Тайж нар овогт Дамдин­сүрэнгийн Жигжиднямаад 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох, УБТЗ ХНН-т Замын даргын албан тушаалд ажиллах “Албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
2.Д.Жигжиднямаад авсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг ХХЕГ-т даалгаж, захирамжийн хувийг хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай.
3.Д.Жигжиднямаад авсан УБТЗ ХНН-т Замын даргын албан тушаалд ажиллах “Албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг УБТЗ ХНН-т даруй хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай.
4.Шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийн хүсэлт, шүүгчийн захирамжийн хувийг эрүүгийн хэрэгт хавсаргасугай.
5.Энэ захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч нар гурав хоногийн дотор тус шүүхийн Ерөнхий шүүгч, түүнийг эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй” гэжээ.
 
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунчимэг ийм шийдвэр гаргасан байна. Гэвч энэ хугацаанд Д.Жигжинднямаа нь УБТЗ ХНН-ийн Замын даргын албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин