sonin.mn
Олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Монгол тэмүүлэл” болон Нийслэлийн 133 дугаар сургууль нэг байранд хамт хичээллэж байгаа билээ. Гэвч 133 дугаар сургуулийн ачаалал хэт ихэссэнээс маргаан дэгдээд байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд БСШУСЯ-наас аль нэг сургуулийг нь түр хугацаанд нүүлгэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд ашиглалтад орсон “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт 133 дугаар сургуулийн таван бүлэг түр байршдаг бөгөөд 133 дугаар сургуулийн барилгыг шинээр барьж байгаа юм.
 
133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” компанийнхан манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орж, төсөв нь батлагдсан ч газрын маргаан ийнхүү цаг алдахад хүргэжээ.
 
Төслийн гүйцэтгэгчээр “Неман” констракшн компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажил эхлээд гурван сар болж байгаа бөгөөд 2020 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “2017 онд 133 дугаар сургуулийн барилга баригдтал нэг жилийн хугацаанд тус сургуулийн 400 сурагчийг суралцуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллүүлж эхэлсэн. Гэвч газрын маргаан шүүхийн шатанд явсаар өдийг хүрэхэд сурагчийн тоо нь 1500 орчим болоод байна. Үүнийг шийдэхийн тулд ачааллыг тэнцвэржүүлэх, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох эрх нь Нийслэлийн Боловсролын газарт байгаа. Манай яамнаас аль нэг сургуулийг нүүлгэх санал гарган, түрээсийн байр судалж байгаа ч талууд хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс цаашид ямар боломж байж болох талаар холбогдох газруудтай хамтран ажиллана” гэлээ.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин